Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/692

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарилж овогт Дашнямын Бд холбогдох 1811021600716 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Шарилж овогт Дашнямын Б, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 33 дугаар гудамж, 458 тоотод суух хохирогч Н.Батзулын гэрээс “Самсунг эс-7” маркийн гар утсыг нууцаар хулгайлж нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгшүүгдэгч Д.Бын шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг: /хх-ийн 29-31х/, хохирогч Н.Батзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орой Улаанбаатар хотод ирээд өөрийн хадам аав ээжийн гэрт унтаж амраад өглөө нь явахаар болоод босоод харахад миний гар утас байхгүй гэрт манай нөхөр бид хоёр унтаж байсан тэгээд урд орой нь манай нөхрийн 2 дүү надаас гар утсаа өгч бай хөдөө явсан зургийг чинь харъя гэж хэлээд авсан тэгээд гар утсаа өгчөөд унтсан байсан тэгээд босоод утас хаэна байгаа талаар дүү Отгонхуягаас асуухад үүдний хэсэгт байх ширээн дээр үлдээгээд явсан гэж хэлж байсан. Тэгээд ямар сонин юм бэ гээд гэрээсээ гараад хашааны гадаа тоглож байгаа хүүхдүүдээс манай хашаа руу хүн орсон уу гэж асуухад нэг халамцуу саарал фудволктой хүн ороод гараад явсан гэж хэлсэн. Тэгээд манай хадмын хашаа руу туссан хяналтын камер байдаг болохоор цагдаагийн хэлтэс дээр ирээд хняалтын камер шүүгээд үзэхэд хянаптын камерд манай хадам аав Ганболдын автобаазад цуг ажиллаж байсан манай хадам аавын гэрээр орж гардаг Б гэх хүн гэдгийг мэдээд гар утас руу нь залгахад үгүй би аваагүй гэж хэлсэн тэгээд учир явдлыг нь хэлээд хяналтын камерт та ороод гарч байна гэж хэлэхэд би авсан ах нь Хүчит Шонхор худалдааны төвийн гар утас засварт 30.000 төгрөгөөр зарж борлуулсан гэж хэлсэн юм очоод гар утас засварын хүнээс асуухад цааш нь хүнд 60,000 төгрөгөөр зарсан байсан...” /хх-ийн 13-16х/ гэрч И.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өглөө 10 цагийн орчимд саарал подволк, гадуураа нимгэн куртиктэй хөгшин эрэгтэй хүн орж ирээд мөнгө дутаад байна гээд 50.000 төгрөгөөр Самсумг эс-7 утас зарна гэхээр нь би ар талын хагархай байхаар нь 30.000 төгрөгөөр авна гэж хэлээд худалдаж авсан юм. Тэр утас кодтой байхаар нь бүх зүйлийг нь базаад устгасан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хшийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч Н.Батзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоо илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтэээ гэмшиж, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Шарилж овогт Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгүүлэхээр тогтоосугай. 4. Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ