Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 21

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б к” ХХК,

Хариуцагч: Ө а З д Т г,

“Өмнөговь аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б к” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б к” ХХК нь Ө а З д Тамгын газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарласан “Аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерт оролцож, уг тендер 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээгдэж, үнэлгээний хороо 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж “Б к” ХХК-тай 49.533.484 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Харин захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2-1524 дүгээр албан бичгээр манай байгууллагатай гэрээ байгуулахыг мэдэгдсэн.

“Б к” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-ны гэрээ байгуулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газарт хандахад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2-1585 дугаар албан бичгээр “Тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул гэрээ байгуулах боломжгүй” талаар хариу ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулахаар захиалагчийг үүрэгжүүлсэн байхад аймгийн Засаг даргын Тамгын газар нь гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг гаргалгүй үндэслэлгүй удааж тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсны дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь манай байгууллагын худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан төдийгүй, захиалагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

“Б к” нь 2020 оны хавар зарлагдсан тендерийн сонгон шалгаруулалтад материалаа явуулсан. Энэ материал нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр задарсан. Манай компани хугацаандаа багтааж материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад орсон. Тэгээд хариуг нь иртэл хүлээж байсан. Материалын хүчинтэй хугацаа 30 хоног байдаг болохоор хүлээж байсан. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулна уу гэсэн албан бичгийг “Б к” ХХК-д ирүүлсэн. Үүний дагуу гэрээ байгуулах хүсэлтээ аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч дахин хариу ирүүлсэн. Энэхүү хариуд тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй гэсэн.

Иймд Ө а З д Тамгын газраас “Б к” ХХК-тай “Аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь тус тендерийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр оролцогч нарын тендерийг үнэлэн “Б к" ХХК-тай 49.533.484 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулах зөвлөмжийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр захиалагчид ирүүлснээр аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2-1524 дүгээр албан бичгийг “Б к” ХХК-д хүргүүлсэн ч уг тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсний дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах боломжгүй нөхцөл үүссэн.

Өмнөговь аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ажлын тендерийг 2020 оны 04 сард зарлаж, 05 дугаар сард уг тендерийн сонгон шалгаруулалтыг нээсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 05 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 05 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргад зөвлөмжийг хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид “Б к” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх зөвлөж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 30 хоногийн дотор тендер хүчинтэй байдаг. Энэхүү тендерийн хүчинтэй хугацаа 05 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Ингээд аймгийн Засаг даргын Тамгын газраас  05 дугаар сарын 29-ний өдөр зөвлөмжийг аваад 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б к” ХХК-д хүргүүлсэн. Гэрээ байгуулаагүй үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанийг буруутгах зүйл байхгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газраас байгуулагдсан үнэлгээний хороо хүчинтэйд хугацаанд тооцож ажиллаагүй байгаа. Энэ хуулийн 29.2-т зааснаар гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоногийн дараа гэрээний хүчинтэй хугацаанд гэрээ байгуулна гэж заасан. Гэрээ байгуулах гэхээр энэ заалт зөрчигдөх гээд байгаа учраас гэрээ байгуулах боломжгүй байгаа.

Иймд “Б к” ХХК-ийн гаргасан “Аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б к” ХХК нь Ө а З д Тамгын газарт холбогдуулан “Өмнөговь аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер”-ийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

“Аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер”-ийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарлаж, үнэлгээний хорооноос 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлын гүйцэтгэгчээр “Б к” ХХК-ийг  хамгийн сайн тендерээр шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.

Улмаар захиалагчийн зүгээс  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр “гэрээ байгуулах тухай” мэдэгдэл хүргүүлсэн байна.

Хариуцагч Ө а З д Тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2-1585 дугаар албан бичгээр “Аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер”-ийн хугацаа дууссан тул  гэрээ байгуулах боломжгүй болсныг мэдэгдэж нэхэмжлэгч “Б к” ХХК-д албан бичиг хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж зохицуулсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар уг тендерийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээж, үнэлгээний хороо 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Б к” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгаруулан захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл гэрээ байгуулах тухай уг зөвлөмжийг үнэлгээний хорооноос тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө захиалагчид хүргүүлсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжит хугацааг захиалагчид олгоогүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул тендер хүчинтэй байх хугацааг сунгах боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь хуульд зааснаар холбогдох баримтуудыг захиалагч талд гарган өгч, тендерт шалгаран гэрээ байгуулахад бэлэн болсон боловч хариуцагч талаас тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй, хугацаа сунгуулах хүсэлтийг Сангийн яаманд гаргаагүй, мөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг гаргасан бөгөөд хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул хууль бус гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоогүй, харин хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуульд заасан гэрээ байгуулахыг хориглосон болон уг ажлыг хийлгэх шаардлагагүй болсон талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “Аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер”-ийн ажлыг “Б к” ХХК-тай гэрээ байгуулж, гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн номын сангийн барилгын зураг төсөл боловсруулах ӨМАОНӨГ/202012100 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер”-ийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Б к” ХХК-тай гэрээ байгуулахыг Ө а З д Тамгын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.БАЯРМАА