| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00176/И |
| Дугаар | 317 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох, нас тогтоох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 153/2017/00176/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хүсэлт гаргагч Т.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* би 1965 оны могой жилийн 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Агуйтад эцэг ******* 4 дэх хүүхэд болж мэндэлсэн. Миний бие 8 настайдаа Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд элсэн суралцаж төгссөн. Би 1981 оноос эхэлж ******* сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгч, цэвэрлэгчээр 1986 оныг дуустал ажилласан. Нөхөр Ж.Батхүүтэй 1986 оны сүүлээр хуримлаж, 1987 оноос эхлэн ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад малчнаар нэгдэл татан буугдах хүртэл буюу 1991 оны 02 сар хүртэл малчнаар ажилласан. Одоогоор миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байгаа бөгөөд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний бие өндөр насны тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарах боломжтой боловч ажилд томилсон тушаал, чөлөөлсөн тушаал олдохгүй, нас зөрүүтэй учраас хамрагдаж чадаагүй. Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгч, цэвэрлэгчээр, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 02 сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Харин нас тогтоолгох нэхэмжлэлээ татан авч байна гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох, нас тогтоох тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хүсэлт гаргагч нь нас тогтоох тухай хүсэлтээ татан авсныг дурдлаа.
Хүсэлт гаргагч Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Т.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгч /цэвэрлэгч/-ээр, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 145 тоот албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн *******ын сумын нэгдлийн албан хаагчид буюу 4 дүгээр бригадын 70 дугаар дансны хуулбарууд, мөн сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ч., Т., Х., Ш.******* нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухайхуульд хамрагдсан талаар тайлбарласан тул 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болголоо.
Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд буй иргэн Ш.*******, Ч., Х., Т. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.
Т.*******гийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд тушаасан 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч Т.*******д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******гийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховдаймгийн ******* сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгч /цэвэрлэгч/-ээр, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хүсэлт гаргагч Т.******* нь шүүх хуралдаанд нас тогтоох хүсэлтээ татан авсныг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.*******гийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд тушаасан 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч Т.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ