Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/575

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1810024980713 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн мастерийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 000000000000000000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г.Л /РД: 00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 05-аас 07 цагийн орчим 0000УББ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын машинаар такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн Нэгдсэн эмнэлгийн хажууд үйлчлүүлэгч буюу хохирогч Д.Бийн 2,000,000 төгрөг, монетон гинж, Айфоне 6 Эс загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж, 2,783,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Л: “...2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын үед Баянбүрдийн тойргоос Д.Бийг аваад Баянмонгол хороолол руу хүргэж өгсөн. Тухайн үед Д.Б нүүр нь цус, шарх болчихсон байсан учраас ийм байдалтай гэртээ ормооргүй байна гэхээр нь би гэмтлийн эмнэлэг явах уу гэхэд тэгьё гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирснээ дотогш оролгүй буцсан. Буцах замдаа миний гар утас, мөнгө байхгүй байна гээд над руу агсарч байгаад гэрийнх нь гадаа ирэхэд хэдэн төгрөг болсон бэ гэж асуусан, би 20,000 төгрөг гэж хэлэхэд Д.Б гэр рүүгээ ороод боодол 20,000 төгрөгийн дэвсгэрт авч гарч ирснээ бензин хийж өгнө, үйлчилгээний хөлс 80,000 төгрөг өгьё, хоёулаа Дундговь аймаг руу явчихаад ирье гэсэн. Тэгээд замдаа дэлгүүрээс архи, цэвэр ус, салфетка аваад архинаасаа 2-3 удаа уусан бөгөөд ойр  ойрхон бууж бие засаад байсан. Яармагийн замд явж байх үедээ чамд хэдэн төгрөг хэрэгтэй байна, монетон гинж хэрэгтэй юу гэж хэлээд машины урд шалавч руу шидсэн. Тухайн үед би банкны зээл төлөх ёстой, мөнгө хэрэгтэй байсан учраас Д.Бийг гэрт нь хүргэж өгвөл 200,000-300,000 төгрөг өгөх байх гэж бодоод Нисэхийн тойргоос буцаж эргэсэн. Тэгэхэд намайг зогсож бай, мөнгө төгрөг энд байж байг, би гарч бие засчихаад ирье гээд буухаар нь би шууд яваад өгсөн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчим найз нартайгаа Баянбүрдийн хажууд байх диско бааранд үйлчлүүлж байгаад шөнийн 3 цагийн орчим баарнаас гараад такси барихад Тоёота Приус-20 загварын машин зогсоод би суусан. Би уг таксины жолоочид “гэртээ очоод төлбөрөө хийчихье, хүргээд өгөөч” гэж гуйгаад гэртээ хүргүүлсэн. Тухайн үед би нилээн согтолттой байсан ба хүргүүлээд, гэрээс орж бэлнээр 2,000,000 төгрөг аваад буцаж гараад таксины жолоочид 20,000 төгрөг өгөхөд задлахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь жолооч “ойрхон яваад задлуулчихаад ирье” гэхэд би суугаад хамт явсан. Тэгээд явж байхдаа бид хоёр танилцаад, өөрсдийнхөө амьдралын талаар ярилсан. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна. ...Тухайн өдөр миний бие хар өнгийн түрийвч, бичиг баримт, бэлнээр хоёр сая төгрөг, монетин гинж, Айфон-6 плас гар утас, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлс байсан. Гэхдээ би өөрөө согтуу байхдаа Баярбүрдийн орчим такси барих гэж байгаад бүдэрч унаад духаа шалбалсан, тэр үедээ түрийвчээ гээсэн...” /хх-ийн 10-12/ гэсэн,

 

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай нөхөр таксинд яваад 08 цаг өнгөрч байхад гэртээ ирж амраад тухайн өдөр 14 цагийн үед өөрийнхөө Хаан банкны 00000000000 тоот данснаас миний Хаан банкны 0000000000 тоот данс руу 980,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэхэд би “ямар учиртай мөнгө юм” гэхэд “таксинд явж байгаад олсон” гэхээр нь нэг их тоогоогүй юм. Би тэр мөнгөнөөс нь хүүхдийнхээ хэрэгцээнд 200,000 төгрөгийг үрчихсэн. Үлдэгдэл мөнгө нь одоо миний дансанд байгаа. ...Цагдаагийн ажилтан гэрт ирж нөхөртэй уулзаж байхад нөхөр “тиймээ, би тэр согтуу ахаас гинж, мөнгө авсан, гинж нь одоо байгаа” гээд байшингийн үүдний амбаарт дотор байсан машины өвлийн дугуй дотроос шар өнгийн цагирган хэлбэртэй монетон гинж гаргаж цагдаад өгөхөөр нь би тэр үед манай нөхөр гинж нуусныг мэдсэн. Харин түрийвч, утас авчраагүй...” /хх-ийн 15/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би Б гэж иргэнийг Баянбүрдээс аваад такси үйлчилгээ үзүүлсэн. Б суухдаа толгой нь хагарсан, хувцас нь цус болсон байсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгөхөд “ийм байдалтай орохгүй” гээд гэмтлийн эмнэлэг рүү явах гэж байснаа гэнэт буцахаар болоод буцсан. Тэр үед толгойд энэ хүний мөнгийн нь авчихья, угаасаа машин дотор шидээд цацаад тараагаад байсан болохоор өөрт нь хэрэггүй юм болов уу гэж бодоод, мөн цалингийн зээл төлөх хугацаа хэтрээд мөнгөний хэрэг маш их байсан учраас хүн багатай газар олъё гээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нэгдсэн эмнэлгийн орчим ирээд, машин дотроос цацсан мөнгийг бүгдийг нь түүж авсан, би мөнгө түүхдээ машинаасаа буугаад түүний сууж байсан хаалгыг онгойлгоод хөл доогуураа цацсан мөнгийг түүсэн ба тэр үед Б “чамд хэдэн төгрөг хэрэгтэй, би чамд гинжээ хүртэл тасалж өгөх үү, пизда минь” гэж хэлсэн. Тэр үед би түүний гинжийг харахад монетон гинж байсан. Тэгээд би гинжийг тайлах гэж байхад Б гар цохисон ба гинж тасраад газар унасан. Тэгэхээр нь гинжийг авсан. Тэгээд би буцаад жолоочийн суудал дээр суухад Б “бууж шээнэ” гээд буусан ба би тэр хооронд машинаа хөдөлгөөд явсан...”/хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 5/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 32/,

- Шүүгдэгч Г.Лын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 25-26, 28-30, 34-44/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Лт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 05-аас 07 цагийн орчим 0000УББ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын машинаар такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн Нэгдсэн эмнэлгийн хажууд үйлчлүүлэгч буюу хохирогч Д.Бийн 2,000,000 төгрөг, монетон гинж, айфоне 6 эс загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 2,783,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бийн: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний ...шөнийн 3 цагийн орчим баарнаас гараад такси барихад Тоёота Приус-20 загварын машин зогсоод би суусан. Би уг таксины жолоочид “гэртээ очоод төлбөрөө хийчихье, хүргээд өгөөч” гээд гуйгаад гэртээ хүргүүлсэн. Тухайн үед би нилээн согтолттой байсан ба хүргүүлээд, гэрээс орж бэлнээр 2,000,000 төгрөг аваад буцаж гараад таксины жолоочид 20,000 төгрөг өгөхөд задлахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь жолооч “ойрхон яваад задлуулчихаад ирье” гэхэд би суугаад хамт явсан. ...Тухайн өдөр миний бие хар өнгийн түрийвч, бичиг баримт, бэлнээр хоёр сая төгрөг, монетин гинж, айфон-6 плас гар утас, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлс байсан...” /хх-ийн 10-12/ гэсэн, гэрч Л.Баярмаагийн “...манай нөхөр ...мобайл банкаар мөнгө шилжүүлэхэд би “ямар учиртай мөнгө юм” гэхэд “таксинд явж байгаад олсон” гэхээр нь нэг их тоогоогүй. Би тэр мөнгөнөөс нь хүүхдийнхээ хэрэгцээнд 200,000 төгрөгийг үрчихсэн. Үлдэгдэл мөнгө нь одоо миний дансанд байгаа. ...Цагдаагийн ажилтан гэрт ирж нөхөртэй уулзаж байхад нөхөр “тиймээ, би тэр согтуу ахаас гинж, мөнгө авсан, гинж нь одоо байгаа” гээд байшингийн үүдний амбаарт байсан машины өвлийн дугуй дотроос шар өнгийн цагирган хэлбэртэй монетон гинж гаргаж цагдаад өгөхөөр нь би тэр үед манай нөхөр гинж нуусныг мэдсэн...” /хх-ийн 15/ гэсэн, шүүгдэгч Г.Лын “...2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би Б гэж иргэнийг Баянбүрдээс аваад такси үйлчилгээ үзүүлсэн. ...Тэр үед толгойд энэ хүний мөнгийн нь авчихья, угаасаа машин дотор шидээд цацаад тараагаад байсан болохоор өөрт нь хэрэггүй юм болов уу гэж бодоод, мөн цалингийн зээл төлөх хугацаа хэтрээд мөнгөний хэрэг маш их байсан учраас хүн багатай газар олъё гээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нэгдсэн эмнэлгийн орчим ирээд, машин дотроос цацсан мөнгийг бүгдийг нь түүж авсан, би мөнгө түүхдээ машинаасаа буугаад түүний сууж байсан хаалгыг онгойлгоод хөл доогуураа цацсан мөнгийг түүсэн ба тэр үед Б “чамд хэдэн төгрөг хэрэгтэй, би чамд гинжээ хүртэл тасалж өгөх үү, пизда минь” гэж хэлсэн. ...Тэгээд би гинжийг тайлах гэж байхад Б гар цохисон ба гинж тасраад газар унасан. Тэгэхээр нь гинжийг авсан...”/хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Лын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ийн эд хөрөнгөд 2,783,000 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 32/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810024980713 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч  Г.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд Г.Лт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг  хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Л нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Г.Лт анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 1810024980713 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.АЛТАНЖИГҮҮР