Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 153/2017/00174/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:..1994 онд өмч хувьчлагдах хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд бог мал маллаж байгаад өмч хувьчлал явагдаж нэгдэл компани болоход компанийн мал маллаж байгаад 1995 оноос өнөөдрийг хүртэл хувиараа мал маллан амьдарч байна. Надад байгаа баримтуудыг үндэслэн намайг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 3 дугаар бригдад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал компанид малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Н.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Н.******* нь Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 342 тоот албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* гол, Ботгон бригадуудын 70 дугаар дансны хуулбарууд, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* гол бригадын 1983 оны 70 дугаар дансны хуулбар байх боловч түүнд хүсэлт гаргагчийн нэр байхгүй, Намсрай, Загдаа гэх нэр бичигдсэн ба олгогдсон цалин хөлс нь хоёр хүний цалин хөлсний нийлбэртэй тохирч байгаа тул шүүх уг баримтыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Загдаа гэх нэрийг *******ийн хоч нэрээр нь бичсэн байж магадгүй гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар нь хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудсанд авагдсан 70 дугаар дансны хуулбаруудаар няцаагдаж байна.

Мөн Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 316 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар Н.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь нотлогдлоо.

Иймд Н.*******ийн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Н.******* нь өөрийхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлдмалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ