| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0562/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/576 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810017060636 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Буянт-Ухаа 000000000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ж.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.Дг 9 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.Б: “...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байрны гадаа архи уучихаад үдээс хойш нь дээд айлын хаалгыг цохиход эмэгтэй хүн гарч ирэхээр нь танайхаас манай цонх руу бөөлжсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө эмэгтэй гэртээ бөөлжиж болохгүй юу гээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд алгадсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг төлсөн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 00000000000000000000000 дугаар байрны 00 тоот гэртээ охин Анийн хамт байхад гэрийн хаалга нүдсэн очоод, хаалгаа онгойлгож өгөхөд танихгүй согтуу эрэгтэй хүн байсан, тэгээд танайх хэнийх гэдэг айл вэ гэхээр нь манай нөхрийг Гомбо гэдэг гэж хэлэхэд танайд 2 хоногийн өмнө хүмүүс ирсэн үү гэхээр нь тиймээ гэж хэлэхэд танайх манай дээрээс бөөлжсөн, манай цонх бөөлжис болчихсон гэхээр нь манай нөхөр байхгүй байна. Нөхрийгөө ирэхээр асууж байгаад манайд ирсэн хүмүүс бөөлжсөн бол цэвэрлээд өгнө гэж хэлэхэд муу новш гэж хэл амаар доромжлоод уурлаад, манайх руу дайрч орох гээд байсан. Тэгэхээр нь би хүн байна уу гэж орилоод нөгөө ахыг түлхсэн чинь намайг алгадсан...” /хх-ийн 14/ гэсэн,
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр Г манай цонхны дээрээс бөөлжсөн байна гэж хэлэхээр нь очиж харахад манай зочны өрөөний цонхны дагуу бөөлжис болсон байна. Би Тэрэлж явах ажилтай байсан болохоор яваад 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Тэгээд би 16 цагийн орчим байрны гадаа зүс таних байрны гурван залуутай хоёр шил 0,5 граммын "Хараа" архи ууцгаасан. Тэгээд гэртээ орсон чинь манай эхнэр Б.Г манай дээд дөрвөн давхарын айл бөөлжсөн юм шиг байна гэж хэлсэн. Ингээд би дөрвөн давхарын 00 тоот айлын хаалгыг цохисон, тэгэхэд нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь танайх манай цонхон дээр бөөлжис болгосон байна гэж хэлсэн чинь би гэртээ байхгүй байж байгаад, өнөөдөр ирсэн би нөхрөөсөө асуугаад хэлье гэж хэлсэн тэгэхээр нь би жорлондоо орж бөөлжихгүй яаж байгаа юм гээд баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан...” /хх-ийн 28-31/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №8767 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Дгийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 00/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 8/,
- Хохирлын баримт /хх-ийн 38/,
- Хохирогч Б.Дгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 44-55/,
- Шүүгдэгч Ж.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 34-36/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 69/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.Дг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Дгийн “...2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 00000000000000000000000дугаар байрны 00 тоот гэртээ охин Анийн хамт байхад гэрийн хаалга нүдсэн, очоод хаалгаа онгойлгож өгөхөд танихгүй согтуу эрэгтэй хүн байсан ...Танайх манай дээрээс бөөлжсөн, манай цонх бөөлжис болчихсон гэхээр нь манай нөхөр байхгүй байна, нөхрийгөө ирэхээр асууж байгаад бөөлжсөн бол цэвэрлээд өгнө гэж хэлэхэд муу новш гэж хэл амаар доромжлоод уурлаад, манайх руу дайрч орох гээд байсан. Тэгэхээр нь би хүн байна уу гэж орилоод нөгөө ахыг түлхсэн чинь намайг алгадсан...” /хх-ийн 14/ гэсэн, шүүгдэгч Ж.Бын “...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ...би дөрвөн давхарын 00 тоот айлын хаалгыг цохисон, нэг эмэгтэй гарч ирэхээр нь танайх манай цонхон дээр бөөлжис болгосон байна гэж хэлэхэд би гэртээ байхгүй байж байгаад өнөөдөр ирсэн, нөхрөөсөө асуугаад хэлье гэхээр нь би жорлондоо орж бөөлжихгүй яаж байгаа юм гээд баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан...” /хх-ийн 28-31/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны өдрийн №8767 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Дгийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 00/ гэсэн дүгнэлт, хохирогч Б.Дгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 44-55/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж заажээ.
Хохирогч Б.Д гэмт хэрэг гарах үед 9 сартай жирэмсэн байсан нь хохирогчийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 44-55/, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар, мөн 9 сартай жирэмсэн эмэгтэй том гэдэстэй, хэн ч харсан жирэмсэн болох нь мэдэгдэхээр байсан зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Бын 09 сартай жирэмсэн Б.Дгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал 234,700 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан /хх-ийн 69/, хохирогч нь одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэр, ажил эрхлэлтийн байдал, сарын тогтмол орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810017060636 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж дурдсугай.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810017060636 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР