Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О-д овогт Э-н Б-д холбогдох эрүүгийн 2117000820116 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 26-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Д аймгийн С сумын  дугаар баг, М тоотод оршин суух, /Д аймгийн С сумын дугаар баг Х дугаар гудамж  тоотод оршин суух бүртгэлтэй/ урьд

- Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65а дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/46 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 8 хоногийн хорих ялтай тэнцүү хугацаагаар хяналт тогтоож байсан  овогт Э-ийн Б /РД:............/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 603 дугаар байрны 2 тоотын гал тогооны өрөөний цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Samsung M12 загварын гар утас зэргийг хулгайлж хохирогч Д.Ут 879 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Э.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 603 дугаар байрны 2 тоотын гал тогооны өрөөний цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Samsung M12 загварын гар утас зэргийг хулгайлж хохирогч Д.Ут 879 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2021 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 9-10 цагийн үед Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Төмөр замд байх айлд Б, Б бид гурав пиво уух гээд байж байсан юм. Бид 3-н архи ууж байсан айл хэнийх гэдгийг би мэдэхгүй байна. Б-н найзынх нь гэр байсан. Гэрт нь бас нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй гал тогоонд л байгаад байсан. Тэгээд Б, Б 2.5 литрийн пиво задлаад яг уух гээд байж байтал гаднаас гэрийн эзэн У ороод ирсэн. Тэгээд Бтэй хот явах талаар яриад байсан ба тэгээд Б бид 2 тэднийхээс гараад яваад Бынд очоод 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд Б ах архиндаа согтоод унтаад өгөхөөр нь гэрээс нь гараад нөгөө Төмөр замын айл руугаа өдөр 14-15 цагийн үед буцаж очсон чинь хүн байхгүй бололтой байхаар нь гал тогооны өрөөнийх нь вакум цонхыг түлхэж онгойлгоод гэр лүү нь ороод том өрөөнийх нь зурагтны тавиур дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, зурагтны хажууд байсан гар утсыг аваад гэр дотор нь явж байтал хаалганд нь дотор талаас нь түлхүүр зоолттой байхаар нь хаалгыг нь онгойлгоод гараад явсан. Тэгээд дэнжийн Андууд орчмоос мотоциклтэй хүн гуйгаад Бор-Өндөр орчихоод ирье 50 000 төгрөг өгье гэсэн зөвшөөрөөд Бор-Өндөр лүү явсан. Би тухайн хүнийг танихгүй. Тэгээд Бор-Өндөрт очоод нэг мөнгөн аяга, гар утсыг нь нэг танихгүй хүнд зарчихсан. Тэгээд Бор-Өндөрт нэг хоночихоод маргааш нь Улаанбаатар хот руу явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас),

 

1.3. Хохирогч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Б болон 2 хүүхдийн хамт 11 цагийн орчимд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд гэрийнхээ үүдэнд ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь орчсон чинь манай гэрийн ертөнцийн зүгээр хойд талын цонхыг бас онгойлгочихсон байсан. Тэгээд гэрт байсан эд зүйлээ үзсэн чинь 2 мөнгө аяга, манай охин У.Гийн самсунг загварын М-12 маркийн гар утас алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би өчигдөр Улаанбаатар хот руу явахаар гэрээсээ гарахдаа хаалганы дотор талд байдаг түлхүүрээ тал хийж байгаад гадна талаас нь түгжээд явсан чинь тэр гэрийн түлхүүр нь бас байхгүй байсан.

Би алдсан аягаа 2021 оны 06 дугаар сард 230 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэг мөнгөн аяга нь 2021 оны 01 дүгээр сард манай найз бэлэглэсэн хар мөнгөн аяга бас байсан. Тэр аяга 150 000 төгрөг орчим үнэтэй байх. Уг хоёр аяга маань 6-н хэмжээтэй аяга байсан. Би охины гар утсыг 2021 оны 07 дугаар сард Чойрын Мобикомоос 499 000 төгрөгөөр худалдаж авсан. Би анх авсан үнээрээ үнэлнэ. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлээ нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),

Би хулгайд алдсан 150 000 төгрөгөөр үнэлүүлсэн хар мөнгөн аягаа эргүүлэн авсан байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

 

1.4. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б, Б нарын хамт Сумбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 603-р байранд байх Б-н найз У гэх залуугийнд өглөө 10 цагийн орчим очиж 2.5 литрийн савлагаатай пиво ууж байсан чинь У гаднаас орж ирээд гэрт ууж идлээ гэж уурлаад гэрээсээ хөөсөн. Тэгээд У, Бтэй хамт хот явна гэж үлдээд Б бид 2 Сүмбэр сумын 1-р багт манай гэр лүү хүргүүлсэн. Тэгээд бид хоёр гэрт ирээд 1 шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд би архи ууж байгаад согтоод унтчихсан байсан. Архи гараад сэрсэн чинь гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд гэрээсээ гараад Б-г хайгаад хорихын 75 орчим байх С гэх залуугийнд очсон чинь Б байхгүй байсан. Тэгээд би Сансартай хамт нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уучихаад тэндээ унтсан... гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас),

 

1.5. Насанд хүрээгүй гэрч У.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Самсунг М-12 загварын гар утсыг манай аав У надад авч өгөөд би тухайн утсыг барьдаг байсан. Тус утсыг 2021 онд аав надад авч өгч байсан. Хэдэн төгрөгөөр авч өгснийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

 

1.6. Хохирогч Д.Уын Мобиком корпораци ХХК-тай байгуулсан гэрээ (хх-ийн 19-20 дугаар хуудас),

 

1.7. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт (хх-ийн 40 дүгээр хуудас),

 

1.8. Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 55-57 дугаар хуудас),

 

1.9. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 58-60 дугаар хуудас),

 

1.10. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 61-67 дугаар хуудас) зэрэг болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 603 дугаар байрны 2 тоотод амьдрах хохирогч Д.Уын байшингийн гал тогооны өрөөний цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Samsung M12 загварын гар утас зэргийг авч, 879 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч Д.Уын гэр хууль бусаар нэвтэрч 879 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Уын мэдүүлэг, Мобиком корпораци ХХК-тай байгуулсан гэрээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт, Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Ут 879 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Ут 150 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг буцаан өгсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 729 000 төгрөгийг шүүгдэгч Э.Бэс гаргуулж хохирогч Д.Ут олгох нь зүйтэй байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум 8 дугаар баг Мааньзамын 1-101 тоотод төрсөн эхийн хамт амьдардаг. Даруухан дуу цөөтэй тусч залуу байгаа юм. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас),

 

2.2. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум 8 дугаар баг ......... тоотод өөрийн төрсөн эхийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд даруухан, дуу цөөтэй, зөв боловсон харьцаатай, тусч зөөлөн сэтгэлтэй сайн залуу байгаа юм. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас),

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76 дугаар хуудас),

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/46 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 79-81 дүгээр хуудас),

 

2.5. Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-ийн 83-87 дугаар хуудас),

 

2.6. Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 89-93 дугаар хуудас),

 

2.7. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 94-108 дугаар хуудас),

 

2.8. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар 30-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 109-127 дугаар хуудас),

 

2.9. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 128-136 дугаар хуудас),

 

2.10. Шүүгдэгч Э.Б Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт (хх-ийн 77 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэх дүгнэлтийг шүүхэд гаргасан байна.

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай яллагдагчид хорих ял оногдуулах тухай прокурорын санал дээр шүүгдэгч Э.Бд “...нийт 4 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэж санал гаргасан ба уг саналыг зөвшөөрч шүүгдэгч Э.Б нь гарын үсэг зуржээ.

Шүүгдэгч Э.Б нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/46 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 8 хоногийн хорих ялтай тэнцүү хугацаагаар хяналт тогтоосон ба уг эдлээгүй үлдсэн хорих ял дээр улсын яллагчаас санал болгосон 2 жил 09 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэхэд нийт эдлэх хорих ялын хэмжээ нь 4 жил 08 хоног болж байна. Хавтаст хэргийн 151-152 дугаар хуудсанд авагдсан прокурорын саналд дурдагдсан “...4 жил 1 хоног...” гэсэн нь техникийн шинжтэй алдаа байна гэж шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Б эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 8 /найм/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Шүүгдэгч Э.Б-ийн хорих ял эдлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолох зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн Э-ийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О овгийн Э-ийн Б-ийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 8 /найм/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэс 729 000 /долоон зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ут олгосугай.

 

7. Шүүгдэгч Э.Б-н хорих ял эдлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

   8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ