Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0495

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,

Гомдол /дүгнэлт/ гаргасан: НПГХП Д.Э

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Н

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Н ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Д.Э, хариуцагч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

НПГ Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...НМХ газрын хяналтын улсын байцаагч Х.Н нь ... өдөр гаргасан шийтгэлийн хуудсаар зөрчил гаргасан этгээдэд биш, хамааралгүй иргэн М.М шийтгэл оногдуулжээ. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-т заасан зөрчлийн холбогдогч хэн болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй бөгөөд энэ хуульд заасан холбогдогчоос мэдүүлэг авах нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд тухайн зөрчлийн холбогдогчийг тогтоох ажиллагаа хийх шаардлагатай байх тул НМХ газрын хяналтын улсын байцаагч Х.Н ... дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн М.М /Б.Д/ торгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...НМХ газарт ... өдөр СБД ... тоот хаягт оршин суугч иргэн Б.Д ирүүлсэн “ЧД ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг шалгаж өгнө үү” гэх өргөдлийн дагуу дэд даргын батласан ... дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд иргэн Д.Б 0001355, иргэн Л.М 0001356 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа, газар эзэмшлийн байдал болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд шалгалт хийсэн. 

Тус шалгалтаар иргэн Д.Б ЧД ЗД ... өдрийн ... тоот захирамжаар 652 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, 0001355 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Мөн иргэн Л.М ЧД ЗД ... тоот захирамжаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, 0001356 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна. 

Иргэн Д.Б болон Л.М нарын газар эзэмших эрхийг гэрчилгээг шалгахад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч хугацаа сунгуулах хүсэлтээ ЧД Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргаагүй зөрчлийг илрүүлсэн. Дээрх 2 иргэний гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай анги 8.1 дүгээр зүйлийн 8.1.10.1-д заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар ашигласан буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд тус бүрд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгийн торгууль оногдуулж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрлэж, НПГ хянуулахаар хүргүүлсэн. 

Иргэн Д.Б нь ... өдөр ... тоот хаягт оршин суугч Б.Д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байсан. Тус гэрээний 3.4-т зааснаар Б.Д нь хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байсан тул уг нотариатын гэрээг үндэслэн Б.Д хууль ёсны холбогдогч гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оруулсан. Мөн Л.М нь ... бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр ... тоот хаягт оршин суугч Б.Д ЧД 19-р хороо, Жигжидийн зуслангийн эзэмшил газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмшүүлэх гэрээг хүлээн авах, холбогдох бичиг баримт, гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлтэй байсан. 

Улмаар Д.Б холбогдох ... дугаартай хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэн ... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Харин Л:М холбогдох ... дугаартай хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэн ... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Д.Б холбогдох хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт Л.М шийтгэлийн хуудсыг сольж хавсарган үдэж алдаа гаргасан. Зөрчлийн хэрэгт Б.Д ирүүлсэн өргөдөлд хавсаргасан ... өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх нотариатаар гэрчлүүлсэн гэрээ болон итгэмжлэлийг нотлох баримт гэж үзэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. 

Ямар нэгэн нотлох баримтыг хуурамчаар үйлдээгүй. Б.Д ... өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх нотариатаар гэрчлүүлсэн гэрээний 3.4-т заасныг үндэслэн холбогдогчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэг авч байхад өөрийн аав болох Д.Б нас барсан талаар хэлээгүй бөгөөд НПГ хянуулахаар хүргүүлсний дараа буюу ...-ны өдөр Б.Д бичгээр тайлбар өгсөн. Уг тайлбар болон нас барсны гэрчилгээг хариу тайлбартаа хавсаргасан болно. Л.М, Б.Д нар нь торгуульд оногдуулсан мөнгийг нь бүрэн төлж барагдуулсан байдаг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Э НМХ газрын улсын байцаагч Х.Н холбогдуулан “... ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад “... ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа өөрчилсөн тул шүүх шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэн Б.Д нь ... өдөр  Нийслэлийн МХГ хандаж “.... эрхийн гэрчилгээний хугацааг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч НМХ газрын ... дугаар удирдамжийн дагуу улсын байцаагчаас тухайн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шалган Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхийг эдэлнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах …” гэж тус тус заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийн “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан … бол ... хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн иргэн Д.Б 500 нэгж буюу 500000 (таван зуун мянга) төгрөгөөр торгосон байна. 

Иргэн Д.Б нь ЧД ЗД ... дүгээр захирамжаар 652 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшиж авсан байх бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа ...ний өдөр дуусгавар болсон тул хариуцагч иргэн Д.Б Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхийг эдэлнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах …” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. 

Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасныг хариуцагч улсын байцаагч зөрчиж,  нас бас хүнийг холбогдогчоор тогтоон, мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй бөгөөд энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэн Д.Б нь ... өдөр нас барсан бөгөөд НМХ газрын улсын байцаагч Х.Н иргэн Д.Б нас барсан нөхцөл байдлыг тодруулалгүй, зөрчлийн хэрэгт түүнийг холбогдогчоор тогтоож, түүнээс мэдүүлэг авч, түүнд шийтгэлийн хуудас ногдуулсан болох нь нас барсны гэрчилгээ, зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд НМХ газрын улсын байцаагч Х.Н ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан дүгнэлт гаргагч Д.Э гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн ... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Н.ДАМДИНСҮРЭН