Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 87

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч Б.Ичинхорол,

Хохирогч Н.Батбаяр, Ц.Цогтбаатар тэдгээрийн өмгөөлөгч Д.Галтогтох Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн,

Шүүгдэгч Ц.Ганбаатар нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Цэрэндолгорын Ганбаатарт холбогдох эрүүгийн 201611000194 дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой тракторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, дүү, зээгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүрийн 6-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн групптэй, ЖЮ63120878 регистрийн дугаартай, Их Монгол овогт Цэрэндолгорын Ганбаатар.

Шүүгдэгч Ц.Ганбаатар нь 2016 оны 05 сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн төвийн зүүн дөрвөн замын уулзвар дээр 20-58 ДОР улсын дугаартай "Ниссан санни" маркийн авто машиныг жолоодон явах үедээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт зааснаар "…замын  хөдөлгөөнд  оролцогч  нь бусдад  аюул,  хохирол  учруулахгүй хөдөлгөөнд   саад,  бэрхшээл,  осолтой   байдал   бий   болгохгүйгээр  зорчино…",  мөн

дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан "…жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна…" гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10 дахь хэсэгт заасан "…жолооч зүүн гар  тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замын өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө…" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн  Н.Батбаярын жолоодон явсан 12-56 УБ улсын дугаартай "Комент" маркийн мотоциклыг мөргөж 1500000 төгрөгийн хохирол учруулж, улмаар иргэн Ц.Цогтбаатарын бие махбодид хүнд, Н.Батбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Ц.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт Би болсон хэргийн талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ц.Ганбаатар мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ …Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн төвийн зүүн 4 замаар уулзвараар хойшоо эргэх гэж байхад төв замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй мотоцикл ирж байхыг ойролцоогоор 300 метрийн  зайтай явж байхад нь харсан. Зүүн гар тал руугаа эргэхээс 15-20 метрийн зайд эргэх дохио өгөөд эргэж байсан. Гэтэл төв замаар явж байсан мотоцикл яах ийхийн зуургүй ирээд баруун талын урд гупер мөргөсөн. Би ч тэр доороо зогсож машинаасаа буухад нэг хүн нь машины ард талд хажуу тал руу харсан байдалтай хэвтэж байгаад босоод ирэхээр нь "миний дүү хэвтэж бай, хөдөлж хэрэггүй гэж хэлээд эмнэлэг, цагдаа дуудсан …" гэжээ. /хх-ийн 64-65/

Хохирогч Ц.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авсан. Гомдол санал гэх зүйл байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Н.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө авсан гомдол санал байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 326 тоот дүгнэлтэд: 1. Н.Батбаярын биед зүүн шуу ясны далд хугарал, хэвлий, баруун тавхайнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр, 2.4.1-д зааснаар хэвлий, баруун тавхайнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид биеийн эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх 51/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 325 тоот дүгнэлтэд: 1. Ц.Цогтбаатарын биед баруун дух чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д баруун дух чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун хацарт зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид биеийн эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 56/

          Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/ Схем зураг /хх-ийн 13/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14,17/, Зам тээврийн осолд тогтоосон акт. /хх-ийн 16/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48, 51, 56/ Хохирогч Ц.Цогтбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 33/, Хохирогч Н.Батбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 35-36/, Сэжигтнээр Ц.Ганбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 65/, Хохирлын баримтууд /хх-ийн 77-107/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 21/, Гэрч Д.Санжааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 44/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Ганбаатар нь 2016 оны 05 сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн төвийн зүүн дөрвөн замын уулзвар дээр 20-58 ДОР улсын дугаартай "Ниссан санни" маркийн авто машиныг жолоодож явах үедээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт зааснаар "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино…", мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан "…жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна…" гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10 дахь хэсэгт заасан "…жолооч зүүн гар  тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замын өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө…" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч  Н.Батбаярын жолоодож явсан 12-56 УБ улсын дугаартай "Комент" маркийн мотоциклыг мөргөж 1500000 төгрөгийн хохирол, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, мөн хохирогч Ц.Цогтбаатарын бие махбодид хүнд гэмтэл тус тус  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Н.Батбаяр, Ц.Цогтбаатар, гэрч Ц.Цоггэрэл нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 326 тоот, 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 325 тоот, Техникийн шинжээчийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 13 тоот дүгнэлтүүд зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч Ц.Ганбаатарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдан мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгджээ.

     Иймд шүүгдэгч Ц.Ганбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9,

55.1.10-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Ц.Ганбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч Н.Батбаярт 3500000 төгрөг, хохирогч Ц.Цогтбаатарт 3000000 төгрөг тус тус төлсөн, одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогчид төлөх төлбөргүйг харгалзан шүүгдэгч Ц.Ганбаатарын эзэмшлээс Хэрлэн сумын 3 дугаар багийн Ногоон гүүрийн 6 дугаар гудамжны 06 тоотын 700 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,  "Нисссан санни" маркийн 20-58 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг тус тус хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Ганбаатарын ЖЮ63120178 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь,  АЯ0225806 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч Н.Батбаярт тус тус буцаан олгож, 845958 дугаартай жолоочийн үнэмлэх, 01009553 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Их монгол овогт Цэрэндолгорын Ганбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ц.Ганбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Ц.Ганбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Ц.Ганбаатар нь цагдан

хоригдоогүй, гэм хорын хохиролд хохирогч Н.Батбаярт 3510000 /гурван сая таван зуун арван мянга/ төгрөг, хохирогч Ц.Цогтбаатарт 3000000 /гурван сая/ төгрөг тус тус төлсөн хохирогчид "нэхэмжлэх зүйлгүй" гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ц.Ганбаатарын эзэмшлээс Хэрлэн сумын 3 дугаар багийн Ногоон гүүрийн 6 дугаар гудамжны 06 тоотын 700 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар "Нисссан санни" маркийн 20-58 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг тус тус хүчингүй болгосугай

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ц.Ганбаатарын ЖЮ63120178 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь, АЯ0225806 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч Н.Батбаярт тус тус буцаан олгож, 845958 дугаартай жолоочийн үнэмлэх, 01009553 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Ганбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн  тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч нар тэдгээрийн өмгөөлөгчид тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                    Ж.ДОЛГОРМАА