Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

-шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Г.Т холбогдох эрүүгийн 2234000000100 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Г.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаад 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Д нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа” гэв.

Шүүгдэгч Г.Д нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Г.Д нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаад 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хугацаат цэргийн алба хаагчийн анкет /хх-ийн 5 тал/,
  • Шүүгдэгч Г.Дын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
  • Гэрч Б.Энхцагийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
  • Гэрч М.Түвшиндэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
  • Гэрч Б.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
  • Гэрч Т.Хатантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
  • Гэрч У.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
  • Гэрч А.Буянжаргалын мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
  • Гэрч Б.Есөнбаатарын мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
  • Шүүгдэгч Г.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Төвсанаа нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 85 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 71 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 93 тал/ 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Г.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Дт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул хавтаст хэргийн 85 дугаар хуудаст авагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Г.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

Эрүүгийн 2234000000100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Д цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Д шүүхээс тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2234000000100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА