Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00346

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1960 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багт оршин суух Янхиал овогт Чүлтэмийн Баасансүрэн /РД:ГЗ60011318/-ийннэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00359/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Баасансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Сайхан сумын “Их эхлэлт” нэгдэлд 1976 оноос 1979 оны 06 дугаар сар хүртэл 3 жил, 6 сар малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан. Цэргээс халагдаж ирээд 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тус нэгдэлд дизельчин, мончёр, цахилгаан станцын моторчин зэрэг ажлыг хийж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн няраваар 1988 оны 10 дугаар сараас эхлэн 1989 оны 5 дугаар сарыг хүртэл ажилласан. 1989 оны 05 дугаар сараас 1994 оны 05 дугаар сар хүртэл Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн няраваар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул 1976 оноос 1994 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Баасансүрэн нь Булган аймгийн Сайхан сумын “Их эхлэлт” нэгдэлд малчнаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, цахилгаан станцын моторчиноор 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал, Сайхан сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн няраваар 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарыг хүртэл, Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн няраваар 1989 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 316 дугаартай цалингийн лавлагаа, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3, 5 дугаартай цалингийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Сайхан сумын “Их эхлэлт” нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай, 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, тухайн үед Ч.Баасансүрэнтэй хамт ажиллаж байсан Д.Мөнхсайхан, Г.Сайханцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Янхиал овогт Чүлтэмийн Баасансүрэнг Сайхан сумын “Их эхлэлт” нэгдэлд малчнаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, цахилгаан станцын моторчиноор 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал, Сайхан сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн няраваар 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн няраваар 1989 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 14 /арван дөрөв/ жил 10 /арав/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.ОДОНЧИМЭГ