| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0572/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/583 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Х.Энхчимэг, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч /хохирогч/ Д.Э, Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э, Х.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810003720748 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник урлалын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 00000000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Д.Э /РД: 000000000000/.
Монгол улсын иргэн, 1946 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймагт төрсөн, 72 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 0000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х.Д /РД: 000000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 00000000000000000000000000 тоотод хамтран амьдрагч Д.Бтай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 00000000000000000000000000 тоотод хадам аав Х.Дтой маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хохирол учруулсан,
шүүгдэгч Х.Д нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 00000000000000000000000000тоотод хүргэн Д.Этай “охиныг минь, зодлоо” гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч /хохирогч/ Х.Д: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, бид эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Д.Э: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв болно, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчим гэртээ байхад Д.Э гаднаас орж ирээд хэрүүл хийгээд, надтай шоронд хамт байсан хоёр хүн байна 500,000 төгрөг өгөхөд л чамайг алчихна гэж хэлээд, миний хүзүүнээс хоёр удаа татсан. Тэгтэл аав Х.Д, ээж Я нар босч ирээд аав чи дандаа миний охиныг дээрэлхдэг, хэрүүл хийдэг гээд Д.Этай маргалдаад, цагдаа дуудсан. Д.Э явлаа гээд гарах гэхээр нь чи хэл амнаасаа болж цагдаад баригдаж байдаг шүү гэж хэлэхэд Д.Э уурлаад миний үснээс татаад гадагшаа гарах гэхээр нь аав Д.Эын шилэн хүзүүнээс бариад авсан. Тэгэхээр нь Д.Э эргэж хараад аавын нүүрэнд мөргөхөд баруун талын хөмсөг нь сэтэрсэн. Аав уурлаад Д.Эын нүүрэнд нь алгадсан...” /хх-ийн 19-23/ гэсэн,
Хохирогч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн үед Д.Б, Д.Э нар нь чанга, чанга дуугарч хэрэлдээд байхаар нь би очоод чи хань ижил гэж авч суучихаад энэ хүнийг болон биднийг ингэж заналхийлж байдаг, яахаараа хүнийг дарамтлаад байдаг юм гэхэд Д.Э чам шиг юманд хамаа байхгүй цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд доод давхарын эмэгтэй орж ирээд амгалан тайван байдал алдагдууллаа гэхээр нь би цагдаа дуудсан. Тэр хооронд Д.Э Д.Бг дараад авчихсан үсдээд үүд рүү чирээд гадаа коридор руу авч гараад хүзүүгээр нь заамдаж, эрүүг нь шахаад цохиж байхаар нь би боль гэхэд чамд хамаагүй, хуц гэсэн. Тэгэхээр нь би Д.Бг тэврээд авахад намайг угз татаад, толгойгоороо миний нүүр рүү мөргөөд хөмсөг зад цохиж, завьж руу гараа хийгээд татсан. Би Д.Эыг түлхээд нэг удаа алгадсан...” /хх-ийн 11-12, 13-16/ гэсэн,
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө би эхнэр Д.Бтай муудалцаад маргалдаж байхад манай хадам аав Х.Д босч ирээд намайг цохиод авсан. Тухайн үед би их согтсон байсан учраас хэн хэнийгээ яаж цохисон талаар сайн мэдэхгүй...” /хх-ийн 27-28, 29/ гэсэн,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 000000000000000000000000000000 тоотод очиход хүргэн гэх Д.Эын баруун нүдний дээд тал хөхөрсөн, хадам аав Дгийн баруун нүдний дээд хэсэгт язарсан байдалтай байсан...” /хх-ийн 41/ гэсэн,
Шинжээч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Эын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой гэмтлүүд бөгөөд баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи, баруун гарын зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлийг хүн өөрөө учруулах боломжтой, цохилтоос үүссэн гэх боловч алгадалт, цохилт хоёр бол хэр хүчтэй цохисноос шалтгаална...” /хх-ийн 38/ гэсэн,
Шинжээч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х.Дийн биед учирсан тархи доргилт, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр толгойгоороо мөргөсөн тохиолдолд үүсэх боломжтой. Харин хэрэг болох үед хохирогч өөрөө юм мөргөсөн, шүргэлцэх, зууралдах үед үүсэх боломжтой олон жижиг зулгаралтууд байсан учраас олон тооны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /хх-ийн 40/ гэсэн ,
Шүүгдэгч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Д.Э архи уучихаад Д.Бг чам шиг хоёр хүүхэдтэй авгай сонин биш, хүнд мөнгө өгч алуулна шүү гээд Д.Бг үсдээд коридор руу чирээд гарахаар нь боль гэхэд чамд хамаагүй хуц гэхээр нь Д.Бг тэврээд авахад миний нүүр рүү толгойгоороо мөргөснөөс цус гарч завьж руу гараа хийгээд матаад татсан. Тэгээд би салгаж байгаад Д.Эын нүүр рүү цохисон...” /хх-ийн 60-62/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө архи уучихсан байхдаа эхнэр Д.Бтай маргалдаж байхад хадам аав Х.Д босч ирээд бид хоёрын дундуур ороод хэл амаар доромжлоод байсан. ...Тэгээд хадам аав намайг нэг цохисон байхаар нь би хадам аавыг гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 65-66/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №2240 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Бгийн биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 43 / гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2442 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Эын биед баруун нүдний зовхи, баруун, хацрын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун гарын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 45/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №2241 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Х.Дийн биед тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн хацар эрүүнд зулгаралт, хүзүүний булчингийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүдийн хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний зулгаралтууд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтлүүд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 47/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 88-92/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 94/,
- Шүүгдэгч Д.Э, Х.Д нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 67-84/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.Д, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 00000000000000000000000000тоотод хамтран амьдрагч Д.Бтай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 00000000000000000000000000тоотод хадам аав Х.Дтой маргалдан зодож эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн хацар эрүүнд зулгаралт, хүзүүний булчингийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Бгийн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө ...Д.Э явлаа гээд гарах гэхээр нь чи хэл амнаасаа болж цагдаад баригдаж байдаг шүү гэж хэлэхэд Д.Э уурлаад миний үснээс татаад гадагшаа гарах гэхээр нь аав Д.Эын шилэн хүзүүнээс бариад авсан. Тэгэхээр нь Д.Э эргэж хараад аавын нүүрэнд мөргөхөд баруун талын хөмсөг нь сэтэрсэн...” /хх-ийн 19-23/ гэсэн, хохирогч Х.Дийн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө ...Д.Э Д.Бг дараад авчихсан үсдээд үүд рүү чирээд гадаа коридор руу авч гараад хүзүүгээр нь заамдаж, эрүүг нь шахаад цохиж байхаар нь би боль гэхэд чамд хамаагүй, хуц гэсэн. Тэгэхээр нь би Д.Бг тэврээд авахад намайг угз татаад, толгойгоороо миний нүүр рүү мөргөөд хөмсөг зад цохиж, завьж руу гараа хийгээд татсан...” /хх-ийн 11-12, 13-16/ гэсэн, гэрч Э.Бын “...2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ...хүргэн гэх Д.Эын баруун нүдний дээд тал хөхөрсөн, хадам аав Дгийн баруун нүдний дээд хэсэгт язарсан байдалтай байсан...” /хх-ийн 41/ гэсэн, шинжээч Ө.Сарангэрэлийн “...Х.Дийн биед учирсан тархи доргилт, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр толгойгоороо мөргөсөн тохиолдолд үүсэх боломжтой. Харин хэрэг болох үед хохирогч өөрөө юм мөргөсөн, шүргэлцэх, зууралдах үед үүсэх боломжтой олон жижиг зулгаралтууд байсан учраас олон тооны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /хх-ийн 40/ гэсэн, шүүгдэгч Д.Эын “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө архи уучихсан байхдаа эхнэр Д.Бтай маргалдаж байхад хадам аав Х.Д босч ирээд бид хоёрын дундуур ороод хэл амаар доромжлоод байсан. ...Тэгээд хадам аав намайг нэг цохисон байхаар нь би хадам аавыг гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 65-66/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 №2240 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Бгийн биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 43/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2241 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Х.Дийн биед тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн хацар эрүүнд зулгаралт, хүзүүний булчингийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 47/ гэсэн дүгнэлтүүд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 88-92/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 94/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 00000000000000000000000000тоотод хүргэн Д.Этай “охиныг минь, зодлоо” гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун, хацрын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун гарын зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Эын “...2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө би эхнэр Д.Бтай муудалцаад маргалдаж байхад манай хадам аав Х.Д босч ирээд намайг цохиод авсан...” /хх-ийн 27-28, 29/ гэсэн, гэрч Э.Бын “...2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ...хүргэн гэх Д.Эын баруун нүдний дээд тал хөхөрсөн, хадам аав Дондонгийн баруун нүдний дээд хэсэгт язарсан байдалтай байсан...” /хх-ийн 41/ гэсэн, шинжээч М.Д.Эын “...Д.Эын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой гэмтлүүд бөгөөд баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи, баруун гарын зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 38/ гэсэн, шүүгдэгч Х.Дийн “...2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Д.Э архи уучихаад Д.Бг чам шиг хоёр хүүхэдтэй авгай сонин биш, хүнд мөнгө өгч алуулна шүү гээд Д.Бг үсдээд коридор руу чирээд гарахаар нь боль гэхэд чамд хамаагүй хуц гэхээр нь Д.Бг тэврээд авахад миний нүүр рүү толгойгоороо мөргөснөөс цус гарч завьж руу гараа хийгээд татсан. Тэгээд би салгаж байгаад Д.Эын нүүр рүү цохисон...” /хх-ийн 60-62/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2442 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Эын биед баруун нүдний зовхи, баруун, хацрын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун гарын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 45/ гэсэн дүгнэлтүүд зэрэг баримт хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э, Х.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр буюу түүнээс дээш хүнийг”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн гишүүн гэж “Гэр бүлийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Э, хохирогч Д.Б нар хамтран амьдардаг эхнэр нөхөр, шүүгдэгч Х.Д нь Д.Эын хадам аав бөгөөд хэрэг болох цаг хугацаанд хамт амьдарч байсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эын хамтран амьдрагч Д.Б, хадам аав Х.Д нарын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” “хоёр буюу түүнээс дээш хүний” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг, шүүгдэгч Х.Дийн хүргэн Д.Эын биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Х.Д, Д.Э нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, хохирогч Х.Дийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн хацар эрүүнд зулгаралт, хүзүүний булчингийн зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Х.Дийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндэд баруун нүдний зовхи, баруун, хацрын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун гарын зулгаралт бүхийн хөнгөн хохирол учирсан, хохирогч, шүүгдэгч /хохирогч/ нар эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч Д.Эын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Х.Д, Д.Э нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810003720748 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Эт оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Х.Дт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Х.Д нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810003720748 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э, Х.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Х.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР