Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00348

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух Барга овогт Дамдинсүрэнгийн Батсайхан /РД:ГГ57071550/-нынэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00356/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Гурванбулаг сумын “Сүхбаатарын туг” нэгдэлд 1974-1975, 1978-1991 оныг дустал, "Баян-Бэрх" ХК-д 1992 -1994 онуудад тус тус малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн тул Булган аймгийн архиваас цалингийн цэсний лавлагаа, нутгийн 2 иргэний гэрчийн тодорхойлолт зэргийг бүрдүүллээ. Иймд дээрх баримтыг үндэслэн 1974-1975, 1978-1994 оныг дуустал нийт 19 жилийн улсад ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батсайхан нь Булган аймгийн Гурванбулаг сумын “Сүхбаатарын” туг нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, "Баян бэрх" ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай цалингийн лавлагаа, ажиллаж байх хугацаандаа авч байсан баярын бичиг, диплом, сайшаалын үнэмлэх зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Барга овогт Дамдинсүрэнгийн Батсайханыг Булган аймгийн Гурванбулаг сумын “Сүхбаатарын”туг нэгдэлд малчнаар 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, "Баян бэрх" ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 19 /арван ес/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        О.ОДОНЧИМЭГ