Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Ш.Ц , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш  Ц  холбогдох эрүүгийн 201726030356 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч

 

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, ........... оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ............... гудамж задгайд н.Нэмэхбаяр гэх найзынд амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жил, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил, 134 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 1 жил, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан Ш.Ц ыг 8 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,

- Ажилчны районы ардын шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 3 сар 14 хоногоос 6 жилийн хорих ялыг нэмж, бүгд 9 жилийн хорих ялаар тогтоосон,

- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 366 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 17 хоногийн ялыг нэмж, бүгд 3 жил 5 сар 17 хоногийн хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Ц ы эдлээгүй үлдсэн 2 сарын хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 494 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-д заасныг баримтлан Ш.Ц ы эдлээгүй үлдсэн 6 сар 27 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар шийтгүүлэн, 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Ш  Ц   /РД:.................../  

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 5 дугаар гудамжны 194 тоотод хохирогч А.М маргалдан хутгаар цээжин тус газар нь 2 удаа, зүүн далны хэсэгт 1 удаа хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

   Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ш.Ц  2017.05.10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд Тайван  эгч дуудахаар Ж.С бид хоёр гэрт нь очсон. Тэднийхээс гараад нэг шил 0,75 л архи аваад Баяраагийнд очсон ба Баяраа, Нямбаяр, Суурь, бид нар авсан архиа хувааж ууцгаасан. Гаднаас А.Мөнхбат, түүний найз Алтаншагай нар том савтай тал пивотой ирэхээр нь хувааж ууцгаасан. Ууж дууссаныхаа дараа “за за одоо айл хүндрүүлээд яахав хэдүүлээ явцгаая” гэж хэлээд гарцгаасан. Баяраа гэртээ Нямбаяр, Суурь нарын хамт үлдсэн. Харин манайх руу А.Мөнхбат, Алтаншагай, Тайван эгч, эхнэр Саранцэцэг, бид нар явсан. Манай гэрт 23 цагийн үед ирсэн ба би тэр хүмүүст бууз жигнэж өгөөд дагавар хүүгийнхээ гэрээс талдаа орсон архийг А.М явж авчраад хувааж ууцгаасан. Тайван эгч тэр архинаас уугаагүй. Бууз идэж, цай уучихаад гараад явсан. Гэтэл эхнэр Саранцэцэг согтуудаа А.Мөнхбатыг тэвэрч биед нь ойртоод байхаар би хардаж “чи унтаж хэвтэх гээд байгаа бол наад хүмүүстэйгээ унт” гэж хэлээд эхнэртэйгээ маргалдаж түүний нүүрыг мангасдаж түлхсэн. Хажуугаас А.Мөнхбат “чи эхнэрийгээ болиоч" гэж эхнэр Саранцэцэгийг өмөөрсөн. Би Саранцэцэг, Мөнхбат хоёрыг хардаж “чамд ямар хамаатай юм бэ” гээд хэлж байтал хойноос татаж хоолой боохоор нь би урдаас нь татаад унагаах гэхэд дийлээгүй. Би урагшаа унахдаа ширээн дээр гараараа тулахад гарт нэг зүйл баригдахаар нь аваад А.М нуруу руу буюу дал хэсэгт нь нэг удаа хатгасан. Өөдөөс дайраад байхаар нь хутганыхаа үзүүрийг багасгаж байгаад цээж рүү нь хоёр удаа хатгасан. А.Мөнхбат өөрөө түргэн тусламж дуудсан байх. Харин би цагдаад дуудлага өгч болсон асуудлын талаар ярьсан. Би тэр үед эхнэртээ “ер нь чамаас л болж ийм зүйл боллоо, чи л далчигнаагүй бол ийм юм болохгүй байсан юм” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд манай гэрт үзлэг хийж, намайг саатуулахаар авч явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч А.М эмчилгээний төлбөрт бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Надаас нийт 600.000 төгрөг нэхэмжилсэн ба үлдэгдэл 300.000 төгрөгийг нь ажил хийж байгаад ойрын хугацаанд төлж барагдуулна. Одоогоор надад мөнгө байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 64-67-р хуудас/,

2017.10.24-ний өдөр мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад хамтран амьдрагч Саранцэцэгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамжны 194 тоотод байх гэртээ харих гээд явж байхад эгч Тайван гэртээ дуудахаар нь очсон. Тэднийд очиход “архины мөнгө хүрэхгүй байна, та 2-т мөнгө байна уу” гэж хэлэхээр нь бид хоёр байсан 5500 төгрөгөө Тайванд өгөөд дэлгүүр орж 0,75 литрийн архи аваад Тайванд “танайд очиж ууя” гэхэд “манайд нөхрийн эгч байгаа, тийм учраас ууж болохгүй байна” гэхээр нь “тэгвэл манайх руу явъя” гэхэд Саранцэцэг “манайд очиж болохгүй хадам ах, эгч хоёр уурлана” гээд гудамжинд зогсож байхад Суурьтай таараад Баяраагийнд очиж дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Гэтэл Мөнхбат, Аптаншагай хоёр 2,5 литрийн пиво бариад ороод ирсэн ба тэр пивоноос нь Саранцэцэг, Тайван хоёр уусан. Би пиво уудаггүй болохоор амсаагүй. Баяраагийн гэрээс Тайван, Саранцэцэг, Мөнхбат, Алтаншагай бид нар гараад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамжны 194 тоот манай гэрт ирсэн. Би Мөнхбат, Алтаншагай хоёрт бууз жигнэж өгсөн ба 0,5 литрийн дээд талаас нь задалж уусан “Ерөөл” архийг Саранцэцэгийн хүү Нэмэхбаярынхаас авчирч ирээд хамтдаа ууцгаасан. Тэр үед Алтаншагай гэрийн баруун талын орон дээр, Тайван зүүн талын орон дээр унтсан. Мөнхбат бид хоёр зэрэгцээд сууж байсан. Харин Саранцэцэг зуухны урд талын сандал дээр сууж байсан. Би гаднаас нүүрс аваад гэртээ орж ирэхэд баруун талын орон дээр Саранцэцэг, Мөнхбат хоёр үнсэлцэж байсан. Тэгснээ намайг орж ирэнгүүт Мөнхбат зүүн талын ор руу шилжиж суухаар нь би Саранцэцэгт “чи муу хогийн янхан байна, яаж байгаа юм бэ, чи намайг доромжилж байгаа юм уу” гэж хэлээд баруун талын хацар руу нь алгадахад Мөнхбат Саранцэцэгийг өмөөрч миний хоолойг боохоор нь гарыг нь тавиулах гэтэл дийлэхгүй байсан. Ноцолдож байгаад би урагшаа унахдаа ширээн дээр гараараа тулахад гарт нэг зүйл баригдахаар нь аваад Мөнхбатын нуруу буюу далны хэсэгт нэг удаа хатгасан чинь Мөнхбат гараа тавиад миний нүүр рүү нэг удаа цохиод надаас холдсон. Тэр үед би гартаа хутга барьж байснаа мэдсэн. Мөнхбат намайг ална гээд дайраад байхаар нь баруун гартаа барьж байсан хутганыхаа үзүүрийг багасгаж байгаад цээж рүү нь 2 удаа хатгасан. Мөнхбат өөрөө түргэн тусламж дуудаж, би цагдаад дуудлага өгсөн. Мөнхбат Саранцэцэгтэй урьд нь дотно харьцаатай байсныг сүүлд нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 149-151-р хуудас/,

 

2. Хохирогч А.Мөнхбат 2017.03.21-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Нисэхэд ирээд хуучны танил Шагайтай тааралдсан. Бид хоёр ойролцоох дэлгүүрээс нэг том савтай пиво авчихаад танилындаа очоод хувааж уугаад сууж байтал Шагай руу Ш.Ц ы эхнэр Саранцэцэг залгаад “хүрээд ир” гээд дуудсан. Пивоныхоо талыг уучихаад айл хүндрүүлээд яахав гээд гэрээс нь гараад Баяраагийнд очсон. Тэнд Ш.Ц , түүний эхнэр Саранцэцэг, Тайван эгч нар нилээн согтолттой байсан. Уух юм дууссаны дараа Ш.Ц ы эхнэр Саранцэцэг “одоо цагаан сар болж байхад яаж ингээд зүгээр салцгаах билээ. Бүгдээрээ манай гэр рүү явж бууз жигнэж идье” гэж хэлэхээр нь Алтаншагай, Тайван эгч, Саранцэцэг, Ш.Ц  нарын хамт явсан. Гэрт нь оройны 23 цаг өнгөрч байхад очсон. Саранцэцэг бууз жигнэж, Ш.Ц  “хүн ирсэн байхад яаж хоосон байх вэ” гэж эхнэртэйгээ ярилцаад архи авахаар болсон. Ш.Ц  намайг дагуулаад Саранцэцэгийн том хүүгийнд очоод хөргөгчид нь байсан 0,5 хэмжээтэй “Ерөөл” нэртэй тал архи байсныг аваад буцаад гэрт нь очоод хувааж уусан. Тэр үед манай найз Алтаншагай Саранцэцэгийн хамт орон дээр сууж байхад Ш.Ц  тэр хоёрыг хараад эхнэр Саранцэцэгтээ “чи намайг ийшээ ойрхон гараад ирэхийн хооронд өөр хүнтэй заваарлаа, ер нь чи намайг олон цагаар ажилд яваад ирэхэд яадаг ч юм билээ” гэж хэлээд цохиж, үснээс нь зулгааж газар унагаасан. Би “чи одоо эмэгтэй хүнийг болиоч” гэж хэлээд ар талаас мөрнөөс нь татахад Ш.Ц  эргэж хараад “чамд ямар хамаатай юм бэ, чи ер нь юу юм” гэж хэлээд хажууд байсан ширээн дээрээс жижиг хутгыг аваад миний цээж хэсэг рүү хоёр удаа хатгасан. Би “чи намайг хатгачихлаа ш дээ” гэж хэлээд цээжээ дараад эргээд харсан чинь ар нуруу далны хэсэгт бас нэг удаа хатгасан. Хутга миний биеийг гүн нэвтлээгүй, өнгөц гэмтээсэн. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. Намайг түргэн тусламжийн эмч нар Цэргийн госпитал эмнэлэгт хүргэсэн. Би тэнд цээж болон нуруундаа оёдол тавиулж боолт хийлгэсэн. Ш.Ц аас эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

2017.05.10-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би нийт нэхэмжилсэн 600.000 төгрөгнийхөө талыг нь буюу 300.000 төгрөгийг Ш.Ц аас хүлээн авсан. Ш.Ц  надаас уучлалт гуйгаад үлдэгдэл 300.000 төгрөгөө өгчихвөл миний хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний шарх эдгэрсэн. Ямар нэгэн зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

2017.08.28-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон эмнэлэгт хэвтэхэд нийт 1.200.000 төгрөгийн зардал  гарсан. Энэ мөнгөнөөс Ц   300.000 төгрөгийг нь өгөөд 900.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би 1.000.000 төгрөгийн баримт болон холбогдох бичиг баримтыг урьд нь шалгаж байсан байцаагчид өгсөн. Одоо 200.000 төгрөгийн баримтыг гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133-р хуудас/,

2017.11.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Надад учирсан нийт 1.200.000 төгрөгийн хохирлоос 300.000 төгрөгийг өгсөн. Одоо 900.000 төгрөг өгөх дутуу байна. Уг мөнгөө өгчихвөл надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р хуудас/,

 

3. Гэрч Ж.С 2017.03.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Ш.Ц  бид хоёр Тайван эгчтэй хамт дэлгүүр явах замдаа Нямбаяр, Суурь хоёртой тааралдсан. Нямбаяр, Суурь хоёр дэлгүүрээс 0,75 хэмжээтэй “Стандарт” нэртэй нэг шил архи авчихсан байсан. Ц  , Тайван эгч, Нямбаяр, Суурь бид тав Баяраагийнд очиж авсан архиа хуваагаад уугаад дуусч байтал гаднаас Мөнхбат, Алтаншагай хоёр согтсон байдалтай том савтай пиво барьсан орж ирэхээр нь тэр пивыг нь хувааж ууцгаасан. Манайх руу Ц  , Тайван эгч, Алтаншагай, Мөнхбат бид нар бууз жигнэж идэхээр яваад орой  23-аас 00 цагийн үед  ирсэн. Нөхөр Ш.Ц  бид хоёр хүмүүс гэрт ирсэн юм чинь яаж хоосон байх вэ гэж ярилцаад би “хүү Г.Нэмэхбаярын гэрт тал шил архи байгаа тэрийг очоод аваад ирэх үү” гэхэд Ш.Ц , Мөнхбат хоёр хамт явж тэр архийг авчраад бид нар хувааж уусан. Гэтэл нөхөр Ш.Ц  над руу “чи муу янхан” гэж хэлснээ миний үснээс зулгааж толгой доош нь дарахад Мөнхбат “чи найзыг маань дарамтлахаа болиоч” гээд Ш.Ц тай барьцалдаж авсан. Нэг мэдэхэд Ц   Мөнхбатын нурууных нь ар хэсэгт болон цээж рүү нь нэг удаа хатгасан байсан. Ш.Ц  “би буруутай, өөрөө цагдаа дуудна” гээд дуудсан. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд Мөнхбатыг эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

4. Гэрч Ц.О 2017.09.05-ны өдөр мэдүүлэхдээ: Манай төрсөн дүү Жанцанхорлоо овогтой Саранцэцэгийн нөхөр нь байгаа юм. Ш.Ц , Ж.С хоёр 2017 оны 08 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Тахилт руу нүүлээ гээд гэрээ ачаад явсан. Яг хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Утсаар хааяа нэг холбогддог юм. Манай хашаанд Ш.Ц , Ж.С хоёр 2016 онд нүүж ирсэн. Ж.Саранцэцэг, Ш.Ц  хоёр нийлэхээрээ архи уугаад алга болчихдог...гэх мэдүүлэг /хх-ийн 137-138-р хуудас/,

 

5. Гэрч Ж.Ц 2017.04.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Намайг Цог гэдэг боловч хүмүүс намайг Тайван гэж дууддаг. Би 2017.03.06-ны өдөр Саранцэцэг, түүний нөхөр Ц   нартай айлд очиж 0,75 хэмжээтэй архи хувааж уусан. Орой 20-21 цагийн үед  Мөнхбат, Алтаншагай нар том савтай тал пиво барьчихсан орж ирэхээр нь тэр пивыг нь хуваагаад ууцгаасан. Тэр айлынхаасаа гараад Саранцэцэг, Ц  , Мөнхбат, Алтаншагай бид нар Саранцэцэг, Ц   хоёрын гэрт нь очсон. Мөнхбат, Ц   хоёр гараад тал шил авчрахаар нь уусан. Харин би тэр архинаас нь уугаагүй. Саранцэцэг Мөнхбаттай юм яриад инээлдээд сууж байхад Ц   муухай хараад эхнэр Саранцэцэгээ хардаж уурлахад Мөнхбат Саранцэцэгийг өмөөрч босох гээд байхаар нь “миний дүү тайван сууж бай, битгий” гэж 2 удаа хэлж суулгасан. Маргаан болох гээд байхаар нь би түрүүлээд гараад явсан. Сүүлд сонсоход тэр шөнө Ц   Мөнхбатыг хутгалсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3412 дугаартай  шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.М биед зүүн мөр, цээжний урд хэсэг, хэвлийн зүүн урд дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ХЗДХС. ЭМЯ-ны А-216/422 тоот тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 45-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №1566 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад зүсэгдэлт шинээр гарсан. Зүсэгдэлтүүд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

2.

 


Зүсэгдэлт гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй. /хх-ийн 47-48-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2756 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар эрээн өнгийн майк, саарал өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Хар эрээн өнгийн майк, саарал өнгийн ноосон цамцан дээрх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна.

Жич: Тогтоолд асуусан цус нь хүний биеийн аль хэсгээс гарсан байж болох вэ?, цусан толбо тог хэдий хугацаа өнгөрсөн байж болох вэ? гэсэн асуултуудад хариулах боломжгүй. /хх-ийн 49-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2757 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн урдаа цахилгаантай саарал өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Урдаа цахилгаантай саарал өнгийн ноосон цамцан дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.

Жич: Тогтоолд асуусан цус нь хүний биеийн аль хэсгээс гарсан байж болох вэ?, цусан толбо тогтоод хэдий хугацаа өнгөрсөн байж болох вэ? гэсэн асуултуудад хариулах боломжгүй. /хх-ийн 51-52-р хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №1567 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал ноосон цамцанд ханзралтууд шинээр гарсан байна.

2. Ханзралтуудын утасны суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Ханзралт хэрэг үйлдэгдэх үед гарсан эсэхийг тогтоох боломжгүй. /хх-ийн 53-р хуудас/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2758 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 9.7см иштэй 19.5см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Шаргал өнгийн хуванцар оруулгатай 9.7 см иштэй 19.5 см урттай хутган дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 55-р хуудас/,

11. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

12. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29-р хуудас/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25-р хуудас/,

13. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30-31-р хуудас/,

14. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32-р хуудас/,

15. Улаанбаатар хотын шүүхийн 1990.01.29-ний өдрийн 09 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 73-75-р хуудас/,

16. Ажилчны районы ардын шүүхийн 1990.09.06-ны өдрийн 123 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 94-96-р хуудас/,

17. Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1995.11.20-ны өдрийн 366 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 76-77, 93-94-р хуудас/,

18. Баянзүрх дүүргийн шүүхийн 2007.05.04-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 78-79, 84-85-р хуудас/,

19. Баянзүрх дүүргийн шүүхийн 2008.07.08-ны өдрийн 494 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 86-р хуудас/,

20. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009.10.27-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 80-83, 87-91-р хуудас/,

21. Шүүгдэгч Ш.Ц ы урьд  ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Ц ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Ц  нь 2017 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 5 дугаар гудамжны 194 тоотод хохирогч А.М маргалдан хутгаар цээжин тус газар нь 2 удаа, зүүн далны хэсэгт 1 удаа хутгалж, түүний биед  “...зүүн мөр, цээжний урд хэсэг, хэвлийн зүүн урд дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч А.М ...Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Нисэхэд ирээд хуучны танил Шагайтай тааралдсан. Бид хоёр ойролцоох дэлгүүрээс нэг том савтай пиво авчихаад танилындаа очоод хувааж уугаад сууж байтал Шагай руу Ш.Ц ы эхнэр Саранцэцэг залгаад “хүрээд ир” гээд дуудсан. Пивоныхоо талыг уучихаад айл хүндрүүлээд яахав гээд гэрээс нь бид хоёр тал савтай пивоо авч гараад Баяраагийнд очсон. Тэнд Ш.Ц , түүний эхнэр Саранцэцэг, Тайван эгч нар нилээн согтолттой байсан. Уух юм дууссаны дараа Ш.Ц ы эхнэр Саранцэцэг “одоо цагаан сар болж байхад яаж ингээд зүгээр салцгаах билээ. Бүгдээрээ манай гэр рүү явж бууз жигнэж идье” гэж хэлэхээр нь Алтаншагай, Тайван эгч, Саранцэцэг, Ш.Ц  нарын хамт явсан. Гэрт нь оройны 23 цаг өнгөрч байхад очсон. Саранцэцэг бууз жигнэж, Ш.Ц  “хүн ирсэн байхад яаж хоосон байх вэ” гэж эхнэртэйгээ ярилцаад архи авахаар болсон. Ш.Ц  намайг дагуулаад Саранцэцэгийн том хүүгийнд очоод хөргөгчид нь байсан 0,5 хэмжээтэй “Ерөөл” нэртэй тал архи байсныг аваад буцаад гэрт нь очоод хувааж уусан. Тэр үед манай найз Алтаншагай Саранцэцэгийн хамт орон дээр сууж байхад Ш.Ц  тэр хоёрыг хараад эхнэр Саранцэцэгтээ “чи намайг ийшээ ойрхон гараад ирэхийн хооронд өөр хүнтэй заваарлаа, ер нь чи намайг олон цагаар ажилд яваад ирэхэд яадаг ч юм билээ” гэж хэлээд цохиж, үснээс нь зулгааж газар унагаасан. Би “чи одоо эмэгтэй хүнийг болиоч” гэж хэлээд ар талаас мөрнөөс нь татахад Ш.Ц  эргэж хараад “чамд ямар хамаатай юм бэ, чи ер нь юу юм” гэж хэлээд хажууд байсан ширээн дээрээс жижиг хутгыг аваад миний цээж хэсэг рүү хоёр удаа хатгасан. Би “чи намайг хатгачихлаа ш дээ” гэж хэлээд цээжээ дараад эргээд харсан чинь ар нуруу далны хэсэгт бас нэг удаа хатгасан. Хутга миний биеийг гүн нэвтлээгүй, өнгөц гэмтээсэн. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. Намайг түргэн тусламжийн эмч нар Цэргийн госпитал эмнэлэгт хүргэсэн. Би тэнд цээж, нуруундаа оёдол тавиулж боолт хийлгэсэн. Ш.Ц аас эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

2017.05.10-ны өдөр: ...Би нийт нэхэмжилсэн 600.000 төгрөгнийхөө талыг нь буюу 300.000 төгрөгийг Ш.Ц аас хүлээн авсан. Ш.Ц  надаас уучлалт гуйгаад үлдэгдэл 300.000 төгрөгөө өгчихвөл миний хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний шарх эдгэрсэн. Ямар нэгэн зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

2017.08.28-ны өдөр: ...Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон эмнэлэгт хэвтэхэд нийт 1.200.000 төгрөгийн зардал  гарсан. Энэ мөнгөнөөс Ц   300.000 төгрөгийг нь өгөөд 900.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би 1.000.000 төгрөгийн баримт болон холбогдох бичиг баримтыг урьд нь шалгаж байсан байцаагчид өгсөн. Одоо 200.000 төгрөгийн баримтыг гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133-р хуудас/,

2017.11.03-ны өдөр: ...Надад учирсан нийт 1.200.000 төгрөгийн хохирлоос 300.000 төгрөгийг өгсөн. Одоо 900.000 төгрөг өгөх дутуу байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р хуудас/,

 

2. Гэрч Ж.Саранцэцэгийн ...Ц  , Тайван эгч, Нямбаяр, Суурь, бид тав Баяраагийнд очиж авсан архиа хуваагаад уугаад дуусч байтал гаднаас Мөнхбат, Алтаншагай хоёр согтсон байдалтай том савтай пиво барьсан орж ирэхээр нь тэр пивыг нь хувааж ууцгаасан. Тэндээс гараад манайд ирсэн ба нөхөр Ш.Ц  бид хоёр хүмүүс гэрт ирсэн юм чинь яаж хоосон байх вэ гэж ярилцаад би “хүү Г.Нэмэхбаярын гэрт тал шил архи байгаа тэрийг очоод аваад ирэх үү” гэхэд Ш.Ц , Мөнхбат хоёр хамт явж тэр архийг авчраад бид нар хувааж уусан. Ш.Ц  над руу “чи муу янхан” гэж хэлснээ над ирээд миний үснээс зулгааж толгой доош нь дарахад Мөнхбат “чи найзыг маань дарамтлахаа болиоч” гээд Ш.Ц тай барьцалдаж авсан. Нэг мэдэхэд Ц   Мөнхбатын нурууных нь ар хэсэгт болон цээж рүү нь нэг удаа хатгасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

3. Гэрч Ж.Цогийн ...Би 2017.03.06-ны өдөр Саранцэцэг, түүний нөхөр Ц   нартай айлд очиж 0,75 хэмжээтэй архи хувааж уусан. Айлын нэрийг нь мэдэхгүй байна. Орой 20-21 цагийн үед  Мөнхбат, Алтаншагай нар том савтай тал пиво барьчихсан орж ирэхээр нь пивыг нь хувааж ууцгаасан. Тэр айлаас гараад Саранцэцэг, Ц  , Мөнхбат, Алтаншагай бид нар Саранцэцэг, Ц   хоёрын гэрт нь очсон. Саранцэцэг Мөнхбаттай юм яриад инээлдээд сууж байхад Ц   муухай хараад эхнэр Саранцэцэгээ хардаж уурлахад Мөнхбат Саранцэцэгийг өмөөрч босох гээд байхаар нь “миний дүү тайван сууж бай, битгий” гэж 2 удаа хэлж суулгасан. Маргаан болох гээд байхаар нь би түрүүлээд гараад явсан. Сүүлд сонсоход тэр шөнө Ц   Мөнхбатыг хутгалсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3412 дугаартай  шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.М биед зүүн мөр, цээжний урд хэсэг, хэвлийн зүүн урд дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ХЗДХС. ЭМЯ-ны А-216/422 тоот тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          

Иймд шүүгдэгч Ш.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Ц  нь 2017 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 5 дугаар гудамжны 194 тоот хашаанд хохирогч А.М маргалдан хутгаар цээжин тус газар нь 2 удаа, зүүн далны хэсэгт 1 удаа хутгалж, түүний биед “...зүүн мөр, цээжний урд хэсэг, хэвлийн зүүн урд дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.М мэдүүлэг /33-35-р хуудас/, гэрч Ж.Саранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Ж.Цогийн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3412 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч А.Мөнхбат нь “...нийт 1.200.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Үүнээс Ш.Ц  300.000 төгрөгийг өгсөн тул үлдэгдэл 900.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 133-р хуудас/ гэж мэдүүлсэн хэдий ч хавтаст хэрэгт эрүүл мэндэд учирсан гэм хор, хохиролтой холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ш.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч “...Ш.Ц  нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлзэв.

Шүүгдэгч Ш.Ц ы эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

       

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Ш  Ц  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ц ыг 380 /гурван зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Ц д мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шүүгдэгч Ш.Ц  нь хохирогч А.М 300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ш.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР