Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Алтайн буйлаастын 12 айлын орон сууцанд оршин суух, Газарч овогт Алтангэрэлийн Жамъянсүрэн /ПЭ69032313/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртлэх цалин 3.178.004 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 153/2017/00233/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, нэхэмжлэгч А.Жамъянсүрэн,хариуцагч байгууллагын дарга П.Эрдэнэчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Жамъянсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаар тушаалаар дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж ирсэн. Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаал гарган нэхэмжлэгч А.Жамъянсүрэн намайг дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгал орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын ажлаас халсан. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай шүүхийн шийдвэрээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, намайг дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгал орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Энэ хугацаанд буюу 7 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацааны цалинг гаргаж өгөөгүй. Иймд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх цалин болох 3.178.004 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан....Би цалингийн дундажаар бодоод 3.178.004 төгрөг нэхэмжилсэн гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу бодоход 4 сая гаруй төгрөг болж байгаа....Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд анх нэхэмжилсэн 3.178.004 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын дарга П.Эрдэнэчулуун шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Уг хохирлыг барагдуулах төсөв манай байгууллагын 2017 оны цалингийн санд суугдаагүй болно....Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Д.Мягмарцоожийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн юм. Манай байгууллагын энэ жилийн төсөвт А.Жамъянсүрэнгийн нэхэмжилж байгаа цалин нь суугаагүй тул нэхэмжлэгчид өгөх мөнгө байхгүй. Иймд би одоо шүүхийн шийдвэр гарсны дараа дахин нэхэмжлэл гаргана гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Жамъянсүрэн нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртлэх цалин 3.178.004 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.178.004 /гурван сая нэг зуун далан найман мянга дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Д.Мягмарцоожийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн юм. Манай байгууллагын энэ жилийн төсөвт А.Жамъянсүрэнгийн нэхэмжилж байгаа цалин нь суугаагүй тул нэхэмжлэгчид өгөх мөнгө байхгүй гэж маргаж байна.

А.Жамъянсүрэн нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд хариуцагч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хянагдаад анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон заалт хэвээр үлдээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 643 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/32 тоот тушаалаар А.Жамъянсүрэнг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн томилжээ.

Иймд нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыгтодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сард 1.123.132 төгрөг, 2 дугаар сард 1.117.132 төгрөг, 3 дугаар сард 728.970 төгрөг авч байсан нь түүний Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 0352405 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 2.969.234 төгрөг : нэг сард 989.744 төгрөг, үүнийг ажлын 20 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин 49.487 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 89хоногийн цалин 4.404.360 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Би цалингийн дундажаар бодоод 3.178.004 төгрөг нэхэмжилсэн гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу бодоход 4 сая гаруй төгрөг болж байгаа....Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд анх нэхэмжилсэн 3.178.004 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3.178.004 /гурван сая нэг зуун далан найман мянга дөрөв/ төгрөгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 65.798 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.178.004 /гурван сая нэг зуун далан найман мянга дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Жамъянсүрэнд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Жамъянсүрэнгийнажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Жамъянсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.798 /жаран таван мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраасулсын тэмдэгтийн  хураамж 65.798 /жаран таван мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулжнэхэмжлэгч А.Жамъянсүрэнд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ