Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00349

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1962 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багт оршин суух Хиад овогт Гөлгөөгийн Уламбаяр /РД:ГЖ62092909 /-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00354/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Уламбаяр, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Уламбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд 1977 оноос 1980 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Архивын тасгаас цалингийн цэс бүрдүүлж лавлагаа авсан. Иймд цалингийн цэсийг үндэслэн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Уламбаяр нь Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай цалингийн лавлагаа, тухайн үед Г.Уламбаяртай хамт ажиллаж байсан Ж.Чулуунбаатарын “Би 1977 оноос 1990 оныг дуустал Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Г.Уламбаяр нь 1977 оноос нэгдэлд мал маллаж байсан” мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Хиад овогт Гөлгөөгийн Уламбаярыг Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 04 /дөрөв/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ