| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0313/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/344 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0313/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д овогт Д-н С-д холбогдох эрүүгийн 1818005980367 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д овогт Д-н С /.............../, ..... оны ..... дугаар сарын .....-нд .... аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ...... аймгийн ..... сумын ...... багт бүртгэлтэй боловч ...... аймгийн ...... сумын ...... дугаар баг, ..... дугаар хэсэг, ..... дүгээр гудамж, ..... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ..... сумын ..... дугаар баг, ..... дугаар хэсэг, ..... дүгээр гудамж, ...... тоотод хамтран амьдрагч Ц.О-ыг “мах идэх хутга хурдан олж ирсэнгүй” хэмээн маргалдаж улмаар Ц.О-ыг газарт унагаан цээж рүү нь өшиглөж, дээрээс нь дэвсэж эрүүл мэндэд нь цээж, нуруу хэсгийн арьсан доорх хий хуралт, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- Би Д.С-тэй .... оноос хойш хамтран амьдарч байгаа. ....оны ..... дугаар сарын .....-ны өдөр Д.С нь “мах идэх гэсэн юм, хутга аваад ир” гэхээр нь би гэрт ороод хутга хайж байтал Д.С нь хутга олохгүй байна уу гээд намайг элдэв муу үгээр хэлэхээр нь би өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Д.С нь миний хацар луу алгадаад, намайг газарт унагааж дэвссэн. Д.С нь надад эмчилгээний зардалд 580.000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид надад гомдол санал байхгүй гэх хохирогч Ц.О-н мэдүүлэг /хх-ийн 11-13/,
- .... оны ... дугаар сарын .....-ны өдөр Д.С нь Ц.О-н цээж рүү нь өшиглөж унагаад нүүр лүү нь гараараа цохиж байхад нь би дундуур нь орж салгасан. Д.С, Ц.О нар нь хамт амьдраад нэг жил орчим болж байгаа гэх гэрч Ж.Н-н мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Д.С нь ..... оны зунаас Ц.О-тай холбогдоод манай гэрээр хааяа авч ирэх болсон. .... оны .... дугаар сарын .....-ны өдөр манай хамаатан садангууд нийлээд манай хашаанд хорхог хийж идээд ганц нэг шил архи уусан. Тэгтэл Ц.О, Д.С нар нь хоорондоо маргалдаад зодолдоход манай хүргэн Ж.Н салгасан. Д.С нь Ц.О-н цээж рүү нь өшиглөөд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон гэх гэрч Б.М-н мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр би Ц.О зааж өгсөн газарт очиход Ц.О нь зүүн хавирга орчмоо гараараа дараад “миний энэ хавирга хугарчихсан юм шиг байна” гэхээр нь би дагуулаад эмнэлэгт очсон. Эмчид үзүүлэхэд “цээжин хэсэгт арьс махны завсар хий хуралдаад удсан байна, яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүл” гэж хэлсэн. Энэ хоёр хамт амьдраад нэг жил орчим болж байгаа гэх гэрч Ц.М-н мэдүүлэг /хх-ийн 20-21/,
- Би мах идэх гээд Ц.От-ыг хутга олоод ир гээд явуулахад Ц.О нь буцаж ирэхгүй удаад байсан. Тэгэхээр нь би хутга яасан бэ гэхэд Ц.О нь “олдохгүй байгаа хутгыг би яах юм бэ” гээд над руу орилохоор нь би нүүр тус газарт нь нэг удаа алгадсан. Тэгтэл Ц.О миний өөдөөс цохиод зууралдаад байхаар нь би Ц.О цээж рүү нь түлхэж унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хамт амьдраад 1 жил орчим болж байсан гэх шүүгдэгч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Ц.О-ын биед цээж, нуруу хэсгийн арьсан доорх хий хуралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 774 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/,
“Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 6 оноо буюу бага төвшинд тогтоогдсон, Д.С нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг тул үйлдлээ дахин давтаж болзошгүй, Д.С-д хариуцлага ногдуулах шаардлагатай” гэх Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Ө-н 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 21:00 цагт хийсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 8-9/,
Хохирогч Ц.О нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх 4502 дугаартай өвчний түүх /хх-ийн 36-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.С, хохирогч Ц.О нар нь .....оноос хамтран амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон гэрч Ж.Н, Б.М, Ц.М нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.С-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.О-ын биед цээж, нуруу хэсгийн арьсан доорх хий хуралт, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 580.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Д.С нь надад эмчилгээний зардалд 580.000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/ болон түүний бичсэн “Д.С нь эмчилгээний төлбөрт 580.000 төгрөг өгсөн. Цаашид ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 61/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.С гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.О-тай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д-н С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.С-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР