Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/295

 


                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0296/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлттэй байх тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох  1718002290103 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ***нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-нд шилжих шөнө ****** өөрийн гэртээ эхнэр ***г “Гэр бүлээс гадуур өөр хүнтэй бэлгийн харьцаанд орлоо” гэдгээр шалтаглаж, хуванцар шанагаар толгойн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 
    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-нд шилжих шөнө ****** өөрийн гэртээ эхнэр ***г “Гэр бүлээс гадуур өөр хүнтэй бэлгийн харьцаанд орлоо” гэдгээр шалтаглаж, хуванцар шанагаар толгойн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдсэн гэм буруутай болох нь:    
    
-Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би эхнэртэйгээ хамт хөдөө яваад ирсэн чинь манай охин гэртээ банди нар оруулсан байхаар нь загнасан чинь “ээж ч гэсэн оруулж ирдэг” гэж хэлсэн. Би “үнэн юм уу?” гэж асуухад “нэг ахыг оруулж ирдэг” гэж хэлэхээр нь уурандаа гар хүрч, шанагаар цохитол хугарсан. Бид шөнө 2 цаг хүртэл хоорондоо ярилцаж эвлэрсэн. Өглөө босоод тэр хүн чинь ямар хүн байдаг юм бэ? уулзъя гэж асуутал манай хүн цагдаад өргөдөл бичиж өгсөн.
…эхнэр ажилгүй, 3 хүүхэд сургуульд явдаг, би хувиараа ажил эрхэлдэг тул бага хэмжээний торгууль оногдуулж өгөөч гэж хүсэх байна, би гэм буруугаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хөдөө явж ирээд бага хүүхдээсээ гэрт өөр эрэгтэй хүүхдүүд орж ирсэн талаар сонсоод маргаан үүссэн. Бид бухимдалтай байж байгаад эвлэрээд гайгүй байх гэж бодож байтал өглөө босоод чиний тэр залуутай очиж уулзана гээд байхаар нь, бас цохиулж зодуулсандаа бухимдаад цагдаад өргөдөл бичиж өгсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

-“…***гийн биед тархи доргилт, нүүр, зүүн мөрний ар, зүүн гуяны цус хуралт, зүүн бугалган дахь зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 9/, 

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 14-15/, 

-Насанд хүрээгүй гэрч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би аавд *** гэдэг ах таныг эзгүйд манайд ирж ээжтэй хонодог, ээжийг би боль гэж хэлсэн гэж хэлсэн. Ингээд аав, ээж 2 гал тогооны өрөөнд энэ асуудлаас болж хэрэлдэж байгаад аав ээжийг гараараа толгой руу нь цохиж байсан.
...өглөө нь аав, ээж хоёртой дүү бид нар хөдөө эмээгийнх рүү явна гээд аавын машинтай явж байхад аав ээжийг “манайд намайг эзгүйд ирж хонодог эрэгтэйн гэрт очно” гэхэд ээж үүнээс болж уурлаад машинаас бууж цагдаа руу явсан. 
…дээрх хэргийн маргааш өглөө нь босоход ээжийн хамар хэсэг хавдаж хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч **** нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Микро хорооллын **** өөрийн гэртээ эхнэр ***г “гэр бүлээс гадуур өөр хүнтэй бэлгийн харьцаанд орлоо” гэдгээр шалтаглаж, хуванцар шанагаар толгойн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, “...***гийн биед тархи доргилт, нүүр, зүүн мөрний ар, зүүн гуяны цус хуралт, зүүн бугалган дахь зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 963 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 9/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 14-15/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…дээрх хэргийн маргааш өглөө нь босоход ээжийн хамар хэсэг хавдаж хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 1.Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч ***үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч ***анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ