Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

  С.Б-т холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Р.Машлай,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-,

            шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Баасанжав, С.Намжилмаа,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав, С.Намжилмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-т холбогдох 1707003260050 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол овгийн С.Б, 19.. оны .... дугаар сарын ......-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............................оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД-................/;

 

            С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 5 дугаар гудамжны 6 тоотод Д.Ц-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогчийг хүнд согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болсон үед нь хутгалж, онц харгис хэрцгий аргаар биед нь олон тооны шарх үүсгэн санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овгийн С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, С.Б-ыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 338 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Д.Ц-ийн өмсөж байсан хар өнгийн савхин богино гадуур хүрэм 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, шар өнгийн оруулгатай саарал өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн оймс 1 хос, урдаа цахилгаантай хар өнгийн гутал 1 хосыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар С.Б-ын өмсөж байсан саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, хар хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, богино ханцуйтай шар өнгийн цамц 1 ширхэг, хошуу захтай саарал өнгийн цамц 1 ширхэг, цахилгаантай задгай энгэртэй хар өнгийн цамц 1 ширхэг, мөрөвчтэй хар өнгийн өмд 1 ширхэг, хар хөх биеийн тамирын өмд 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 12 см урттай, хар иштэй 14 см урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, 54х30 см хэмжээтэй мод 1 ширхэг, 0,75 литрийн “Сайхан” гэсэн шошготой архины шил 2 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.Б-аас оршуулгын зардалд 2.218.820 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-т 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, С.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдолдоо: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Б- надад холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө, гэмт хэрэг үйлдэгдэх үед талийгаач Д.Ц, Г, Б, А, Г, Д болон миний бие байсан. Тухайн үед 2 шил архи уусан. Дараа нь талийгаач Д.Ц, Г нар муудалцсан. А намайг “наад хоёроо салга” гэсэн. Би босоод салгах гэхэд “Г чи намайг хутгалчихлаа” гэж талийгаач Д.Ц хэлсний улмаас би Г-н гараас хутга булааж аваад цонхоор шидсэн. Талийгаач “нэг нь гүн, нэг нь мөчидхөн орчихлоо” гэж орилсон. Гэтэл цаанаас А “Ганбаяраа чи хүн хутгалчихлаа. Хутгалснаа мэдэж байгаа биз дээ” гэхэд Г “мэдэж байгаа” гэж хэлээд уурласан. Уур амьсгал, хэрүүл маргаан болж байхад зохицуулаад, эвлэрүүлээд А бид 2 түрүүлж гарч явсан. Би гэртээ ирж амарсан. А буцаад такситай гэртээ очсон байх. Үүнээс хойш би сайн мэдэхгүй байна. Би хүн алаагүй учраас гэмших зүйл алга. Алсан хүн нь гадуур явж байхад би энд бүх биеэрээ зовлон эдэлж байна. Иймд зөвхөн үнэн шударгаар шүүж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч С.Намжилмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б-ыг хохирогч Д.Ц-гийн амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ гэрч Н.Г, А.Д, С.С, шинжээч эмч Төгсбуян, шинжээч эмчийн 0.8 шэ/90 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7091, 6505 зэрэг дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судлахдаа хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийсэнгүй. Үүнд:

1. Гэрч нь тухайн хэрэгт ямар нэгэн хамааралгүй этгээдийг ойлгодог. Гэтэл гэрч гэх Н.Г, Д.Д нар нь хохирогч Д.Ц-г гэмтэл авсныг мэдсэн атлаа эмнэлгийн тусламж үзүүлээгүй 4 цаг болсон төдийгүй, гэрч Г-ын /хх 43/ “... наад хүн чинь үхсэн гээд намайг дагуулаад цагдаа явсан” гэснээс үзэхэд Г, Д нар нь ямар нэгэн үйлдлийг нуун дарагдуулах зорилгоор эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр хохирогчийг үхэлд хүргэсэн болон мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- нь “Н.Г талийгаачийг татаж ирээд гарт байсан хутгыг нь булааж аваад талийгаачийг хутгалсан. Би Н.Г-аас хутгыг нь булааж аваад цонхоор шидсэн...” гэх мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн 08 шэ/90 тоот шинжээчийн дүгнэлтийн 6 дахь заалт “талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй” гэснээс дүгнэхэд хэргийн газар 4 цаг хохирогчтой хамт байсан Г, Д нар эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг нь аврах боломжтой цаг хугацаа байхад шүүх дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсныг,

2. Мөн Б-ын /хх 156/ “... Г-г салгасны дараа Н.Г би хутгалсан, одоо яах ч үгүй гаргаад явуул гэсэн” байсан, намайг гарахад Д.Ц тэнд байгаа хүмүүстэй маргалдаад үлдсэн гэснээс үзэхэд хохирогчийн амь насыг хохироох санаа, зорилго, сэдэлт шүүгдэгч С.Б-т байгаагүй. Өөрөөр хэлбэл С.Б- нь хохирогч Д.Ц-тэй маргалдах шалтгаан байгаагүй. Харин хохирогч Д.Ц бага архи хийлээ гэж Н.Г-тай маргалдсан. Улмаар Н.Г нь талийгаачийг архинд яваад ирэхэд “ямар удаан явдаг юм бэ?, Алив архи аваад ир гэж хэлж байсан” гэснээс дүгнэхэд Д.Ц-, шүүгдэгч С.Б- хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад шүүх шийдвэрлэснийг,

3. Мөн шүүх С.Б- нь мэдүүлэхдээ “Н.Г талийгаачийг татаж ирээд гарт байсан хутгыг булааж аваад талийгаачийг хутгалсан” гэж мэдүүлж байгаа нь гэрч Н.Г, А.Д нарын мэдүүлэг болон Б-ын “цонхны гадна талд панер модоор хаалт хийсэн болохоор цонхоор гадагшаа юм шидэх боломжгүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэжээ. Н.Г, А.Д, Б нарын мэдүүлгүүд зөрүүтэй, хохирогчийн амь насыг хохироох сэдэлт, санаа зорилго Б-т байсан эсэх нь эргэлзээтэй, Б-ын тухайн өдрийн маршрут хэргийн газарт байсан, явсан, гэртээ ирсэн цаг хугацааг нарийн шалгаж тогтоогоогүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасан буюу хууль буруу хэрэглэсэн байдал байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний 197 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулахаар давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

 

            Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үндэслэл нь:

1. Гэрч А.Д- 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өгсөн анхны мэдүүлэгтээ “... болсон явдлыг бол Н.Г- бид 2 харсан, гэхдээ би бол яг хутгалахыг нь хараагүй, ... би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны 23 цагийн үед эхэлж 103-т дуудлага өгсөн, түүний дараа 2 дахь удаа дуудлага өгөхөд эмнэлгийн цаг 01 цагийг зааж байсан. ...” гэж мэдүүлдэг. Мөн А.Д- 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр /2 сарын дараа / өгсөн мэдүүлэгтээ “... Д.Ц- хүн алдаг хүн гээд гэнэт хутга гаргаж ирээд С.Б- луу дайрангуут Б-, Ц-гийн гарт байсан хутгыг булааж аваад баруун дал руу нэг удаа хатгаж байхыг харсан” гэж хэлж байгаа нь Н.Г-тай үгсэн тохирч худал мэдүүлэг өгч байж болох юм гэсэн эргэлзээ төрүүлж байна.

2. Хорих анги дээр шүүгдэгч С.Б-тай ярилцахад “... Ц-г би хутгалаагүй, Н.Г-тай архинаас болж Ц- маргалдаж, Ц- /Ц-/ хутга барьж Н.Г-тай барьцалдаж авсан байсныг Буузаа хэмээх С.А- намайг тэр хоёрыг салга гэхээр нь би очоод Н.Г-аас хутгыг авах гэж байгаад хурууныхаа өндгийг зүсүүлсэн. Энэ үед Н.Г- “би хутгалчихлаа, нэг нь лав орчихлоо” гэж хэлсэн. Энд болсон асуудлыг С.А-, А.Г-, Д.Б-, А.Д- нар бүгд харж байсан. Энэ хүмүүс “Н.Г-ыг хамгаална, чамайг хамгаалахгүй” гэж хэлээд “Б- чи урьд өмнө хэрэг төвөгт орж байгаагүй, бүгдийг чам руу чихнэ” гэж хэлсэн гэдгийг тогтмол хэлдэг байсан тул 2018 оны 2 дугаар сарын 18-нд өмгөөлөгч би энэ хэрэгт хийвэл зохих 6 заалт бүхий зүйлийг хийлгэхээр хүсэлт гаргасан боловч зарим зүйлийг шалгаж өгөөгүй юм. Үүнд:

 

а/ Уг хэрэг гарсны маргааш нь Н.Г- “би хэрэг хийчихлээ, ээжийн тэтгэврийг өөрийн группийн мөнгөтэй аваад явж байна” гэж М- гэдэг хүнд ярьсныг М-, түүний охин С- нар Б-ын эхнэрт ярьсан гэдэг.

 

б/ С.Б- Б-ынхаас гараад “Магнай трейд” шатахуун түгээх станцаас такси бариад харьсан гэж хэлдэг тул таксины жолоочийг олж, Б- хэдэн цагт гэртээ харьсан, таксинд хэдэн хүн суусан болохыг шалгуулахаар хүсэлт гаргасан боловч шалгаагүй, түүгээр ч барахгүй дуудаад хамт явъя гэж таксигаар Б-ынх руу хамт явж очоод Б- гэрээсээ таксины мөнгө авах гэтэл гэр нь цоожтой, эхнэр, хүүхдүүд нь ажлаасаа ирээгүй байсан учир А- такситайгаа эргээд яваад өгсөн. Таксины жолоочийг А- таньдаг бололтой, замдаа хоорондоо юм яриад яваад байсан гэдэг юм.

 

1. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон Н.Г-аас хэрэг гарахад хэдэн хүн байсан гэж асуухад “бүгдээрээ байсан, бүгд сэрүүн байсан, яагаад гэвэл архи дуусаагүй байсан” гэж тодотгож хэлсэн боловч мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн гэрч С.А-, Д.Б-, А.Г-, Н.Г-, А.Д- нар мэдүүлэхдээ “хэрэг гарахад Б-, Г- нар унтаж байсан. А- хөл муутай гээд архи дуусгаад явсан, хэрэг гарахад А- байгаагүй гэж мэдүүлэг өгч байсан нь худлаа болж, харин С.Б- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “бүгд сэрүүн байсан, бүгд болсон хэргийг харж байсан” гэж мэдүүлсэн нь үнэн болохыг нотолж байна. Дээр дурдсан гэрчүүд нь мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлсэн нь үгээ нэгтгэж, Н.Г-ын үйлдсэн хэргийг С.Б-ыг үйлдсэн хэрэг болгож гүтгэж байж ч болохоор байна.

2. Шүүгдэгч С.Б- нь “Ц-г Н.Г- хутгалж хохироосон”, харин Н.Г- нь С.Б-ыг хутгалсан гэж хавтас хэрэгт мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын ажиллагаагаар энэ хэргийг Н.Г- үйлдсэн эсэхийг шалгаагүй. Шалгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хэт нэг талыг барьж, С.Б-ыг яллах тал руу шалгаж, яллах цагаатгах талын нотлох баримтыг эрх тэгш шалгаж тогтоохгүй байгаа юм.

3. Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлээд байгаа “Б- хутгалчихаад ингэж хутгалдаг юм гээд хутган дээрээ дараад байсан” гэх мэдүүлгийг Н.Г-ын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримтаар тогтоогоогүй байхад шүүх С.Б-ыг “...түүнийг тохуурхан, ингэж хутгалдаг юм” гээд биед нь зоогдсон хутган дээр дарах зэргээр балмад, хүний үнэргүй зэрлэг, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй байна. Мөн хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, хуралд оролцсон гэрч Н.Г-ын мэдүүлэг /зөрүүтэй мэдүүлэг/ болон бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэхэд шүүх шинжилгээний газраас гаргасан С.Б-ын цус яагаад хувцас болон хутган дээрээс илрэв гэдэгт шүүх үнэлэлт дүгнэлт хийж зөв шийдвэрлэсэнгүй. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн үнэнг олж өгөөсэй гэж хүсч байна. ...” гэв.

 

Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Б-ыг тухайн хэргийг үйлдсэн байна гэж үзэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийн газарт үзлэг хийгдэхэд паниар нь фото зургаар бэхжүүлэгдэж авагдсан. Энэ талаар хүмүүсээс тодруулж мэдүүлэг авсан тул шүүгдэгч С.Б-ын мэдүүлэг үгүйсгэгдэнэ. Шүүгдэгч С.Б- “Ц-гээс хутгыг булаан авч хатгасан” гэж мэдүүлдэг. Гэтэл өнөөдөр өөр зүйлээс болж булааж авсан мэт ярьж байна. Шүүгдэгч С.Б-ын хувьд эрхийг нь хязгаарлалгүй өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг авч байсан. Шүүгдэгч С.Б-ын өгсөн мэдүүлэг нь бусад хүмүүсийн өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэхийг шалгасан бөгөөд өгсөн мэдүүлгийн ихэнхи нь няцаагддаг. Эдгээр хүмүүсийн хооронд тодорхой хэмжээний архидан согтуурал явагдаж цаг хугацаа, орон зайн хувьд эргэлзээтэй байдаг. Эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлэгт согтуу болон айж сандарснаас болж мэдүүлгийн зөрүү гардаг. Мэдүүлгийн зөрүүг мөн тодруулж асуусан. Эдгээр хүмүүс бүгд бие биеэ тодорхой хэмжээгээр мэддэг. Хэдийгээр бид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ч бие биеэ мэддэг хүмүүсийн мэдүүлэг эргэлзээгүй гэхэд хэцүү, тиймээс бид эдгээр хүмүүсийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар тогтоосон. Хохирогч Ц-г хутгалсан хүн нь солгой гартай хүн байна гэж шинжээч эмч дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч С.Б- нь өөрөө солгой, Г-ын зүүн талын хөл, гар нь огт ажиллагаагүй. А-ийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд энэ асуудал болохоос өмнө түрүүлээд явсан. Шатахуун түгээх станц дээр очиж такси барьсан эсэхийг шалгахад МТ шатахуун түгээх газар камер байхгүй байсан. Хутган дээрээс цусны мөр илэрсэн бөгөөд цусны ДНК-г тогтооход талийгаач болон шүүгдэгч С.Б- нарын цус тогтоогдсон. Энэ хоёр хүний хооронд үйл явдал болж ноцолдсон гэдгийг бусад гэрчүүд хэлдэг бөгөөд гэрч Д-гийн хувьд шүүгдэгч С.Б-ыг “хатгасан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч С.Б- сэжигтэн, яллагдагчаар өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгүүдээр өөрийнхөө үйлдлийг ярьдаг. Шүүгдэгч С.Б- хутгалсан уу, Г хутгалсан уу гэдэг нь шалгахад ДНК, цусны мөр, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Шинжээч эмч амь хохирогчид хүнд гэмтэл учирсан бөгөөд түүнийг аварч болно гэж байгаа боловч хохирогч ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийхэд амьсгалж чадахгүй болж үхэх аюултай гэсэн. Прокурорын зүгээс хэргийг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байдалтай байхад нь үйлдсэн гэж дүгнэсэн. Гэвч шүүхээс тодорхой хэмжээгээр хариу үйлдэл хийх боломжтой байсан гэж үзэж, биеэ хамгаалах чадваргүй байхад нь гэснийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч 2 ба түүнээс дээш шархтай, ийм аргаар хүний амийг хохироосон нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч С.Б- нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 5 дугаар гудамжны 6 тоотод хохирогч Д.Ц-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

“хүн хутгалагдаж нас барсан” гэх мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж, хэргийн газарт үзлэг хийж, цогцосны байрлал, гэрийн доторх бусад байдлыг бэхжүүлж, архины шил, хутгыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-7/, цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 8-10/,

“талийгаач нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлийн улмаас цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд хий хуралдаж, баруун уушги унасны улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08ШЭ/90 дугаартай дүгнэлт /1 хх 70-78/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /1 хх 78-79/,   

 

“...тэгээд бүгдээрээ согтсон ба ногоон Ц- буюу талийгаач Ц- Б- руу дайрч давшлаад эхэлсэн ба Ц- гэнэт хутга гаргаж ирээд Б- руу дайрангуут Б- гарт нь байсан хутгыг булааж аваад баруун мөрний хэсэгт нь хоёр удаа хутгалсан” гэсэн гэрч Н.Г-ын мэдүүлэг /1 хх 39-40/,

 

“архи ууж согтоод унтаад босоод ирэхэд Ц- буюу Ц- нас барсан байсан” талаар мэдүүлсэн гэрч А.Г-, Д.Б-, С.А- нарын мэдүүлэг /1 хх 43-58/,

 

Дуудлагын дагуу хэргийн газарт очиж ажилласан цагдаагийн алба хаагч Б.Б-ны мэдүүлэг /1 хх 49/,

 

 “Ц-, Б- хоёр хоорондоо янз бүрийн юм яриад л маргалдаад байсан. Тэгэхээр нь би буруу хараад сууж байсан болохоор та нар одоо битгий маргалдаад бай, архи ууж чадахгүй жаахан хүүхдүүд шиг гэж хэлсэн. Тэгтэл миний үгэнд орохгүй байсан ба нэг эргээд харсан чинь Ц- доошоо унангуут нь юу болж байнаа, та нар гэхэд аа зүгээр зүгээр гэсэн ба удалгүй баруун гарнаас нь цус гараад байхаар нь Ц- гайгүй юу гэхэд гайгүй гээд байсан. Тэгээд би цусыг нь арчаад шалан дээр хэвтэж байсан хутгыг ногоон өнгийн заазууртай аваад зуухны ард тавиад наагуур нь төмөр тавьсан” гэсэн гэрч С.Д-гийн мэдүүлэг /1 хх 51-54/, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 20-25/,

 

“...Архи уугаад байж байхад талийгаач Ц- согтоод Г-тай маргалдсан. Тэгтэл Ц- нэг хутга гаргаад ирсэн. Тэгээд хоорондоо ноцолдоод байхаар нь би салгаад Ц-гийн гарт байсан хутгыг булааж аваад Ц-гийн дал руу хутгаар хатгасан. Өөр хаана хатгаснаа мэдэхгүй байна, гэнэт барьж байсан хутгаа шидсэн” гэсэн яллагдагч С.Б-ын мэдүүлэг /1 хх 154-155/,

 

“Хутганаас илэрсэн цус нь С.Б-, Д.Ц- нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 7091 дугаартай дүгнэлт /2 хх 78-80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.Б-ын дээрх үйлдлийг прокуророос “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “онц харгис хэрцгийгээр” гэсэн хоёр хүндрүүлэх шинжээр яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх “хохирогч нь агсам тавих, хутга гаргаж ирэн шүүгдэгч рүү дайрсан зэрэг түүний үйлдлээс харахад биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх боломжгүй” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх “...учрах үедээ амь насанд аюултай баруун 1, 2 дугаар хавирганы завсраар эгэмний дунд шугамаар цээжний хөндийд 12 см гүн хутгалж, түүнийг тохуурхан “ингэж хутгалдаг юм гээд биед нь зоогдсон хутган дээр дарах зэргээр балмад хүний үнэргүй зэрлэг онц харгис хэрцгийгээр санаатай алсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлийн хувьд үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Учир нь, шүүгдэгч С.Б-, амь хохирогч Д.Ц- нар нь харилцан өөр хоорондоо маргалдсаны улмаас Д.Ц-гийн гарт байсан хутгыг булааж авсны дараа түүнийг хоёр удаа хутгалж алсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг алсан гэх гэмт хэргийн шинжгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэрэг тухайн зүйл хэсэг заалтад заавал байх шинжийг бүрэн агуулаагүй байна.  

 

Түүнчлэн “ингэж хутгалдаг юм гэж хутган дээр нь дараад байсан” гэх Н.Г-ын  дан ганц гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн үйлдлийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд шүүгдэгч С.Б-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

 

Зүйлчлэлийг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан шүүгдэгч С.Б-ын үйлдсэн хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 12 жилийн хорих ялыг 11 жил болгож шийдвэрлэлээ. 

Хэргийг бүх ажиллагааг хянах явцад, гэрч Н.Г-, С.Д- нарын мэдүүлгээс үзэхэд талийгаач Д.Ц- нь эхэлж хутга авч, улмаар түүнийг нь шүүгдэгч С.Б- булаан авч хутгалсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ нь өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгчийн үйлдэл нь шаардлагатай бөгөөд зайлшгүй байх шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хутгыг нь булаан авснаар өөрт учирч болох аюулыг зогсоосны дараа 2 удаа хутгалсан нь аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх боломжгүй.

 

Шүүгдэгч С.Б- “талийгаачийг Г хутгалж алсан тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх”, түүний өмгөөлөгч С.Намжилмаа “Г, Д- нар хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй 4 цагийн хугацаа өнгөрөөсөн, гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийг анхаараагүй, Б-ын явсан маршрутыг шалгаагүй”, өмгөөлөгч Ч.Баасанжав “гэрчүүд зориуд үгээ нэгтгэж Н.Г-ын үйлдсэн хэргийг С.Б-ыг үйлдсэн болгож гүтгэсэн” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч С.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь дээр дурьдсан байдлаар нотлогдон тогтоогдсон, тухайн хэргийг өөр этгээд үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ бүхий байдал байхгүй, хэргийн талаар дахин тодруулбал зохих мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байх тул давж заалдсан гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав, С.Намжилмаа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Монгол овогт Сүхбатын Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 11 /арван нэгэн/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.   

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа, Ч.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ