Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2167

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02167

 

 

Ж.Д, С.С, Д.У, Д.Б, Б.С, Э.А, Д.Н, Ц.Т

нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01774 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Д, С.С, Д.У, Д.Б, Б.С, Э.А, Д.Н, Ц.Т нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “ЖГГ” ХХК-д холбогдох,

 

“Гэгээнтэн” цогцолборын худалдааны хэсгийн барилгын дутуу гүйцэтгэлтэй байгаа гадна тохижилтыг бүрэн гүйцэтгэж дуусгах, барилгын ашиглалтын явцад илэрсэн зөрчил доголдлыг “ЖГГ” ХХК-иар арилгуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: Ж.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЖГГ” ХХК-ийн барьсан Гэгээнтэн цогцолборын худалдаа үйлчилгээний хэсгийн барилгаас талбай өмчлөн авахаар тус барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг тус тусдаа байгуулан худалдан авч буй талбайн төлбөрөө гэрээний дагуу төлж гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус компанид хөрөнгө оруулалт хийсэн.

Барилга ашиглалтад орсон үеэс эхлэн захиалагчдын зүгээс компанийн захиргаанд “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийг баримтлан хийсэн барилгын зураг ерөнхий төлөвлөгөөнд тусгасан боловч дутуу гүйцэтгэлтэй хийгдсэн гадна тохижилт болон илэрсэн зөрчлийн талаар удаа дараа бичгээр хүсэлт гарган ажлын уулзалт зохион байгуулж эрх бүхий албан тушаалтнуудтай нь уулзаж амаар хүсэлт тавьж байсан боловч “ЖГГ” ХХК-ийн зүгээс Барилгын тухай хуулийг биелүүлж тавьсан асуудлыг шийдвэрлэлгүй, заасан хугацаандаа ажлаа гүйцэтгэхгүй байх зэрэг арга тактик баримталж байгаа ба хугацаа хожиж Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “...гурваас доошгүй жил байна” гэсэн заалтыг яаж ийгээд хэтрүүлж, мөн хуулийн “...заасан хугацаанд хохирлыг барагдуулна..” гэсэн заалтаас бултах гэсэн арга гэж үзэж байна.

Цогцолборыг ашиглалтад оруулахад Худалдааны хэсгийн барилгын зураг төсөлд тусгасан байсан авто зогсоолын талбайд асфальт бетон хучилтыг Монгол орны асфальт бетон хучилттай авто замын хучилтын хийцийн жишиг шаардлагад нийцүүлэн хийгээгүй. Иймд барилгын 2 хэсэгт 1, 2, 3 дугаар давхарт шал, тааз, хананд үүссэн цууралт, хөдөлгөөн барилгын үндсэн хийцэд нөлөөлсөн байх бүрэн магадлалтай тул эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулахыг даалгах; ямар нэг гадны нөлөөгүйгээр зөвхөн барилгад үүссэн ан цав хөдөлгөөний нөлөөллөөр цуурч хагарсан 14 цонхноос шиллээгүй үлдсэн 11 ширхэг цонхны шилийг солиулах; анх барилга ашиглалтад ороход хүлээлгэн өгөөгүй агааржуулалтын тоног төхөөрөмжийн иж бүрдлийг ханган ажиллагаанд оруулах; урсдаг шат, ажиллагаагүй байгаа болон гэмтэлтэй байгаа сантехникийн шугам болон ариун цэврийн тоноглолын гэмтэл доголдлыг арилгуулах; дутуу гүйцэтгэлтэй гадна талбайн тохижилт, авто зогсоолын асфальтан бетон хучилт, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэж өмчлөгчид хүлээлгэн өгөх; барилгын бүх зураг төсөл болон бүх төрлийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг өмчлөгчид шилжүүлэхийг “ЖГГ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын гадна авто зогсоолын талбайн асфальтан хучилтыг 2017 оны ажлын төлөвлөгөөнд 05 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний хооронд 2-р үеийн асфальтан замыг хийхээр төлөвлөсөн, барилгын агааржуулалтын тоноглолын ажиллагааг хэвийн ажиллагаатай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн.

Нийтийн эзэмшлийн болон өмчлөгчдийн бүх тоолууруудыг тавьж хүлээлгэн өгсөн, 2, 3 дугаар давхрын эрэгтэй писсаурыг хэвийн ажиллагаанд оруулсан. Өмчлөгч тус бүрт нийтийн эзэмшлийн талбай болон барилгыг ерөнхийд нь хүлээлгэн өгсөн, урсдаг шат хэвийн ажиллаж байгаа. Харин цуурч хагарсан цонхнуудыг сольсон ба цуурсан ханыг засварлахаар ажиллаж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мөн нэхэмжлэгч нарын эрхийг хамгаалах “Гэгээнтэн орд” ГҮТББ ажилладаг бөгөөд уг байгууллага нь тухайн өмчлөгч нарын ашиглалтын зардал, засвар үйлчилгээг хариуцахаар “ЖГГ” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Уг төрийн бус байгууллагын даргаар Ж.Д  нь өөрөө ажилладаг бөгөөд энэ талаараа сайн мэдэж байгаа хэрнээ ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Шүүх: Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 47 дугаар зүйлийн 46.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЖГГ” ХХК-д Гэгээнтэн цогцолбор барилгын дутуу гүйцэтгэлтэй гадна талбайн тохижилт, авто зогсоолын асфальтан бетон хучилт, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг хууль тогтоомж стандартын дагуу гүйцэтгэж өмчлөгчид хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь цуурч хагарсан 14 цонхноос шиллээгүй үлдсэн 11 ширхэг цонхны шилийг солиулах болон урсдаг цахилгаан шатыг ажилд оруулахыг даалгах тухай шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гарагсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо "...дээрх доголдол гэмтлүүд нь хэний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн, энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хэрхэн хөндсөн, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан ямар гэрээний үндсэн дээр гэрчилгээ болон газар эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардаж байгаа талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байна" гэснээс өөр ямар ч үндэслэл дурдаагүй.

Шийдвэрийн "...дээрх доголдол гэмтлүүд нь хэний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн ...талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байна" гэсэн нь үнэхээрийн ойлгомжгүй байна. Барилгын 1-3 давхарт цууралт үүссэн ноцтой эвдрэл, гэмтэл нь хэний буруутай үйл ажиллагаанаас үүссэн болохыг зөвхөн барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагад хандаж, албан ёсоор дүгнэлт гаргуулснаар мэдэх боломжтой байхад шүүх энэ нөхцөл байдлыг үл ойшоож, дүгнэлт гаргуулахыг даалгасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Агааржуулалтын тоног төхөөрөмжийн тухайд хариуцагч нь "агааржуулалтын тоноглолын ажиллагааг хэвийн ажиллагаатай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн" гэж зөвхөн амаар тайлбарладаг боловч хавтаст хэрэгт хүлээлгэн өгсөн тухай ямарч баримт сэлт байхгүй, харин нэхэмжлэгч нараас барилгын агааржуулалтын тоноглолын ажиллагааг хэвийн болгон хүлээлгэж өгөхийг шаардсан нотлох баримт авагдсан байна.

Мөн шийдвэрт "...энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хэрхэн хөндсөн ...талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Шаардлага гаргах эрх бүхий этгээдүүд мөн эсэхийг тогтоох боломжгүй байна." гэжээ. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нар нь үйлчилгээний хэсгийн талбайн хууль ёсны өмчлөгч болохыг нотлох баримтууд авагдсан. Нэгэнт өмчлөгч болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчид хуульд зааснаар өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх, эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд хандах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Өмчлөгч ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.", мөн хуулийн 106.3-т "Энэ хуулийн ...106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч ...шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна." гэж хуульчилсан.

Ингээд шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож байгааг шаардлага тус бүрээр нь авч үзвэл: Барилгын 2 хэсэгт 1, 2, 3-р давхарт шал, тааз, хананд үүссэн цууралт, хөдөлгөөн барилгын үндсэн хийцэд нөлөөлсөн байх бүрэн магадлалтай байх тул мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулахыг даалгах;

анх барилга ашиглалтад ороход хүлээлгэн өгөөгүй агааржуулалтын тоног төхөөрөмжийн иж бүрдлийг ханган ажиллагаанд оруулах;

барилга анх ашиглалтад орох үеэс өнөөг хүртэл ажиллагаагүй байгаа болон гэмтэлтэй байгаа сантехникийн шугам, ариун цэврийн тоноглолын гэмтэл доголдлыг хэвийн болгож өгөх;

барилгын бүх зураг төсөл болон бүх төрлийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг өмчлөгчдөд шилжүүлэн өгөх шаардлагуудыг хэрэгт авагдсан нотлох баримттай нэг бүрчлэн харьцуулан үнэлж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагуудаа баримтаар хэрхэн нотолж байгаа, хариуцагч нь зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа ямар нотлох баримтад үндэслэж байгааг бодитоор нь үнэлж шийдвэрлэсэн бол энэ шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх байсан.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д, С.С, Д.У, Д.Б, Б.С, Э.А, Д.Н, Ц.Т нар нь хариуцагч “ЖГГ” ХХК-д холбогдуулан “Гэгээнтэн” цогцолборын худалдааны хэсгийн барилгын дутуу гүйцэтгэлтэй байгаа гадна тохижилтыг бүрэн гүйцэтгэж дуусгах, барилгын ашиглалтын явцад илэрсэн зөрчил доголдлыг “ЖГГ” ХХК-иар арилгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчдийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Ж.Д, С.С, Д.У, Д.Б, Б.С, Э.А, Д.Н, Ц.Т нарын 8 иргэн нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс нэхэмжлэгч Б.Сувдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч Ж.Д, С.С, Д.У, Д.Б нарт компаниас олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бичиг хэрэгт авагдсан байх тул эдгээр нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэхээр байна. Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан эсэх нь эргэлзээтэй байх тул Э.А, Д.Н, Ц.Т нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

 

Түүнчлэн барилгын 2 дугаар хэсэг нь бүхэлдээ 1-3 давхар үйлчилгээний зориулалттай бол хэдэн өмчлөгчтэй, нэхэмжлэлд дурдсан шал, тааз, хана, цонх, агааржуулалтын тоног төхөөрөмж, урсдаг шат, сантехникийн шугам болон ариун цэврийн тоноглол нь нийтийн эзэмшлийн болон хувийн өмчлөлийн аль хэсэгт байгаа эд хөрөнгийн доголдлын улмаас хэний эрх ашиг зөрчигдөж, ямар хэмжээгээр хэнээс доголдлыг арилгуулахыг хэн шаардах эрхтэй нь тодорхойгүй байна.

 

Барилгын тухай хуулийн зохих заалтаар тодорхойлсон Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх үүргийг хүлээсэн этгээд зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас хяналт тавьж, эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг аваагүй тохиолдолд дээд шатны байгууллагад гомдол гаргах ёстой бөгөөд энэ ажиллагааг хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нарыг хохирсон гэж үзэж хувийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хариуцагч “ЖГГ” ХХК-д зөрчил арилгуулах тухай албан бичиг хүргүүлсэн боловч хариуцагч байгууллага уг албан бичигт дурдсан зөрчлийг арилгасан талаар баримтгүй байхад дурдсан зөрчлийг арилгуулахаар шаардах эрх нэхэмжлэгч нарт үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Мөн маргааны зүйл болсон барилгын талбайд холбогдох газрын эзэмшлийн талаарх баримтгүй, өөрөөр хэлбэл гэрчилгээгүй, болон уг газар нь нийтийн эсхүл хувийн эзэмшлийн алинд хамаарах нь тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “ЖГГ” ХХК-ийн Гэгээнтэн хотхоны 12 давхар 45 айлын орон сууцны 2 дугаар барилгын хэвийн ашиглалт, завсар үйлчилгээг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2014/391 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар “ЖГГ” ХХК-ийн конторын мэдэлд хүлээлгэн өгсөн, өмчлөгч нар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Гэгээнтэн орд” ГҮТББ-ыг байгуулж, барилгын ашиглалттай холбоотой асуудлаар өмчлөгч, эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг дүрэмдээ тусгажээ. Гэтэл барилгын ашиглалт, засвар үйлчилгээг “ЖГГ” ХХК-ийн контороос Гэгээнтэн орд ГҮТББ нь гэрээний дагуу хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг хариуцагч гаргасан бөгөөд тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар баримтгүй, барилгын аль хэсгийг нь ямар хэмжээгээр Гэгээнтэн орд ГҮТББайгууллага хариуцаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас барилгын бүх зураг төсөл болон бүх төрлийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэлт хийхийг даалгах хэсэг ойлгомжгүй, тодорхойгүй болжээ. Бүх төрлийн хэмжих хэрэгсэлд ямар хэрэгсэл орох, түүнийг хаана байршуулсан, хэдэн ширхэг болох, гэрчилгээ олгодог эсэх үйл баримт тогтоогдоогүй байна. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 13 ширхэг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээг “Гэгээнтэн орд” ГҮТББайгууллага хүлээж авсан баримт байх боловч уг баримтаас үзвэл нэхэмжлэгч нарт хамаарах эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл уг баримтад нэрлэн заасан аж ахуй нэгжүүд /Экстра барааны дэлгүүр, Нар хүүхдийн дэлгүүр, Tom n toms оффис, Шидний эмнэлэг, Cafй bene/-д нь нэхэмжлэгч нарын эзэмшлийнх гэж дүгнэх боломжгүй. /хх 136/

 

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01774 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д, С.С, Д.У, Д.Б, Б.С, Э.А, Д.Н, Ц.Т нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА