| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00350/И |
| Дугаар | 00353 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1962 оны 12 дугаар сарын 29-ний төрсөн, 55 настай, эрэгтэй, Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр баги оршин суух Боржигон овогт Даваажавын Мөнхсайхан /РД:ГЗ57081118/-нынэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00350/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд орж 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй мөн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, цалингийн түүвэр архиваас олдохгүй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхсайхан нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн анги болон “Ундрах” ББХХ-нд манаачаар 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаартай “Ажилд авах, шилжүүлэх, тэтгэмж олгох цаг зэргээр цалинжуулах тухай” тушаал, 1983 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаартай “Ажилд томилох, авах, шилжүүлэх, тэтгэмж олгох, барилга хариуцан бариулах тухай” тушаал, Булган аймгийн Барилга угсралтын контороос 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Мөнхсайханы нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Д.Мөнхсайхантай хамт ажиллаж байсан гэрч Г.Сайханцэцэгийн “Би 1985 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Булган аймгийн Барилга угсралтын контор болон Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч, ном, ногооны няраваар ажиллаж байсан. Д.Мөнхсайхан нь 1983 оноос 1986 оныг хүртэл Барилга угсралтын конторт мужаанаар, 1986 оноос 1994 оныг хүртэл Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан” гэх, гэрч Д.Алтанцэцэгийн “Би 1985 оноос 1995 оныг дуустал Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлангаар ажиллаж байсан. Д.Мөнхсайхан нь 1986 оноос 1994 оныг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Ажилдаа сайн, сайн ажилчин байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Даваажавын Мөнхсайханыг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, “Ундрах” ББХХ-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 12 /арван хоёр/ жил 04 /дөрөв/ сар 09 /ес/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ