Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр баг, Төв сант “а” хэсгийн 4-4 тоотод оршин суух Тогооч овогт Лхамжавын Ганбаатар /РД:ЧИ57011871/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00349/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ганбаатар, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн Орхон сум дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцид зоотехникчээр, 1982 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын “Сүхбаатарын туг” нэгдэлд биеийн тамирын аргазүйч, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Дашинчилэн сумын “Туяа” нэгдэлд нэгдлийн ерөнхий зоо техникчээр ажиллаж байсан. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганбаатар нь Булган аймгийн Орхон сум дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцид зоо техникчээр 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Гурванбулаг сумын “Сүхбаатарын туг” нэгдэлд биеийн тамирын аргазүйчээр 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Дашинчилэн сумын “Туяа” нэгдэлд нэгдлийн ерөнхий зоо техникчээр 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Орхон сум дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцийн даргын 1978 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 9 дугаартай дежур томилох тухай тушаал, Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 тоот сургууль шинээр төгсөж ирэгдсэдийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Булган аймгийн Гурванбулаг сумын “Сүхбаатарын туг” нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 63 тоот ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 тоот ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн Дашинчилэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 8 дугаартай малчдын цагаан сарын баярын жижүүр эргүүлийн тухай захирамж, 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай комисс томилох тухай захирамж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Л.Ганбаатартай хамт ажиллаж байсан Г.Даваасүрэн, Д.Дашпүрэв нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Тогооч овогт Лхамжавын Ганбаатарыг Булган аймгийн Орхон сум дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцид зоотехникчээр 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Гурванбулаг сумын “Сүхбаатарын туг” нэгдэлд биеийн тамирын хамтлагийн даргаар 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Дашинчилэн сумын “Туяа” нэгдэлд нэгдлийн ерөнхий зоотехникчээр 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 03 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        О.ОДОНЧИМЭГ