Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1967 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 50настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Базархүүгийн Цогтгэрэл /РД:ГГ67021915/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00333/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цогтгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1990-1992 онуудад “Магсаржав” сангийн аж ахуйд Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн баримт бичиг архивтай хамт шатсан. 1992 онд “Магсаржав” сангийн аж ахуй тарж “Намнан-Уул” ХК болж өөрчлөгдсөн бөгөөд уг компанид 1992-1993 онуудад УАЗ-452, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор, 1994 онд ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор тус тус ажиллаж байсан. 1990-1994 оны хоорондох хугацааны баримт бичиг архивт байхгүй байгаа учраас дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цогтгэрэл нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн аж ахуйд жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, “Намнан-Уул” ХК-нд  жолоочоор 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай цалингийн лавлагаа, тухайн үед Б.Цогтгэрэлтэй хамт ажиллаж байсан Д.Батцэнгэлийн “Би 1988 онд цэргийн алба хааж ирээд “Магсаржав” сангийн аж ахуйд засварчнаар 1996 он хүртэл ажилласан. Б.цогтгэрэл нь тус сангийн аж ахуйд 1990-1994 оныг дуустал жолоочоор ажилласан. Сангийн аж ахуй 1992 онд “Намнан-Уул” ХК болон өөрчлөгдсөн юм” гэх мэдүүлэг, Н.Батцоожын “Би “Магсаржав” сангийн аж ахуйн Тэрэм бригадын даргаар 1988-1995 он хүртэл ажилласан. Б.Цогтгэрэл нь тус сангийн аж ахуйд 1990-1994 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

   Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Боржигон овогт Базархүүгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав” сангийн аж ахуйд жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, “Намнан-Уул” ХК-нд жолоочоор 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 05 /тав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        О.ОДОНЧИМЭГ