Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяр,

шүүгдэгч /хохирогч/ Б.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

шүүгдэгч /хохирогч/ Л.Э , түүний өмгөөлөгч С.Галцацрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн   Б ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж  овогт Л  Э   нарт холбогдох 1710000330003 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 1. Монгол улсын иргэн, ........ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт Хан-Уул 7-р хороо, ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн   Б  /РД:............/

 

2. Монгол улсын иргэн, .......... оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ж  шарав овогт Л  Э   /РД:.................../

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “БОСА” худалдааны төвийн хажууд иргэн Л.Э тай маргалдан баруун хөлийн шилбэ рүү нь өшиглөж, түүний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Э  нь согтууруурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “БОСА” худалдааны төвийн хажууд иргэн Б.Б тай маргалдан зодож, түүний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэв.

2. Шүүгдэгч Л.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэв.

3. Хохирогч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э  ы үйлдлийн улмаас миний хөмсөг задраад, хөл хөхрөлттэй болсон боловч надад хийлгэсэн эмчилгээ байхгүй. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

4. Хохирогч Л.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б  намайг эмнэлэгт хэвтснээс хойш эргэж ирээгүй. Шүүх хурлын өмнө эмчилгээний зардалд нийт 1.000.000 төгрөг авахаар тохиролцсон ба бусад зардлыг авахаа больсон. Одоогийн байдлаар 400.000 авсан, 600.000 төгрөг дутуу байгаа. Энэ мөнгийг Б аас авна. Удаан явахаар тойг руу өвдөөд хадаас нь доороос тулаад байгаа. Хийлгэж байгаа эмчилгээ одоогоор байхгүй. Хадаасыг 2018 оны 6, 7 дугаар сарын үед хагалгаа хийж авна. Хагалгааны зардлыг нэхэмжлэхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс 

            1. Шүүгдэгч Б.Б  2017.07.26-ны яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад “БОСА” худалдааны төвийн гадаа зогсож байхад Э   ирээд “юу байна хөгшөөн, хоёулаа хамт архи уух уу” гэхээр нь “уухгүй” гэсэн чинь “чи согтуу үедээ архи ууя гэхээр би хамт уудаг биз дээ” гээд шалгаагаад байхаар нь хоёулаа 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг аваад БОСА худалдааны төвийн хойд талын гудамжинд хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Яармагийн эцсийн автобусны буудал руу явж байхад Тамираа, Булгаа, Болдоо гуравтай таарсан. Тэр гурав архи уучихсан байсан ба тэдэнтэй юм яриад зогсож байхад Заяа ах дэлгүүрээс архи аваад гэр рүүгээ явж байхыг нь хараад Болдоо бид хоёр араас нь очоод архинаас нь уусан. Удалгүй араас Тамираа, Э   хоёр ороод ирсэн. Тэгээд Болдоо бид хоёр гараад явсан ба гэрт Заяа ах, Тамираа, Э   нар үлдсэн. Би Дактай таараад гудамжинд архи уугаад зогсож байтал Болдоо ирээд “хөгшөөн Э   миний утсыг авчихлаа” гэхээр нь “Э   хаана байгаа юм” гэхэд ойрхон алхаж байгаа гэж хэлсэн. Гэтэл Э   БОСА худалдааны төвийн дэргэд явж байхаар нь “хөөе, Э   чи хүний утсыг өг л дөө, яагаад байгаа юм бэ” гэхэд “чамд хамаагүй” гэж хэлээд миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр орчимд нь гараараа хэд хэдэн удаа цохьсон. Э   “чи миний хөлийг эвгүй болгочихлоо” гэхээр нь “би яасан юм бэ” гэж хэлээд явсан. Би Э  ы шилбэ рүү нь өшиглөөгүй, харин нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохьсон...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

2017.10.24-ний өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр БОСА худалдааны төвийн гадаа зогсож байтал Э   бага зэрэг халамцуу байдалтай ирснээ “юу байна хөгшөөн, хамт архи уух уу, би мөнгийг нь гаргая” гэхээр нь “үгүй, үгүй уумааргүй байна” гэхэд “чи согтуу үедээ хамт ууя гээд хүн шалгаагаад байдаг биз дээ одоо намайг хэлэхээр чи яагаад байгаа юм бэ” гэхээр нь “за за ганц л юм ууя” гээд хоёулаа 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг аваад БОСА худалдааны төвийн хойд талын гудамжинд уусан. Архиа ууж дуусчихаад буцаад явахдаа Болдоо нартай таараад юм яриад зогсож байхад Заяа ах нэг шил архи барьчихсан явж байхаар нь араас нь гэрт нь очоод архинаас нь уугаад сууж байтал Э  , Тамираа нар орж ирсэн. Гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Удалгүй Болдоо бид хоёр гараад явсан. Харин Э   нар үлдсэн. Яармагийн эцэс орчим хүмүүстэй уулзаж байтал Болдоо алга болчихсон. 20 орчим минутын дараа Болдоо ирээд “Э   утсаа өгч бай гэж авснаа буцааж өгөхгүй байна, чи аваад өгөөч” гэхээр нь “Э   хаана байгаа юм бэ” гэхэд “холдоогүй ойрхон л явж байгаа” гэсэн. Э   БОСА худалдааны төвийн гадаа явж байхаар нь “чи манай найзын утсыг авсан юм бол өгчихгүй яагаад байгаа юм бэ” гэхэд “за зүгээр байгаарай, би авсан юм уу” гээд миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохьсон. Би зөрүүлээд нүүр орчим хэд хэдэн удаа цохиход унаж босож ирээд надтай зууралдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

 

2. Шүүгдэгч Л.Э  2017.08.07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Б  эхлээд намайг цохихоор нь би зөрүүлээд барилцаж аваад ноцолдох үед зүүн нүд рүү нь гараараа нэг удаа хальт цохьсон. Б ын зүүн хөмсөг болон хүзүү, цээжний гэмтэл нь ноцолдох явцад үүссэн байх. Харин шилбэний цус хуралтыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

2017.10.24-ний өдөр мэдүүлэхдээ: ...Б аас 2.810.744 төгрөг нэхэмжилсэн боловч одоог хүртэл надад нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй байгаад гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

 

3. Хохирогч Л.Э  2017.07.26-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ 16 цагийн үед гараад Яармагийн хуучин эцэст Дак, Энхүүш хоёртой таараад юм ярьж байхад Дак “бие өвдөөд байна” гэхээр нь 0,75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг аваад гурвуулаа гудамжинд уусан. Архиа ууж дуусаад тэр хоёроос салаад гэртээ харихаар БОСА худалдааны төвийн гадаа явж байтал Б тай тааралдсан. Гэтэл надтай юу ч яриагүй байж баруун нүд рүү нэг удаа цохиод авахаар нь барилцаад авсан чинь миний баруун талын шилбэ рүү нэг удаа өшиглөхөд миний хөл эвгүй болоод уначихсан. Намайг газар унасны дараа Б  гараараа миний цээж рүү нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Би араас нь очих гээд бостол алхаж чадахгүй дахиад газар унасан. Б  миний баруун шилбэ рүү нэг удаа өшиглөсний улмаас дээрх гэмтлийг үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

2017.08.07-ны өдөр мэдүүлэхдээ: Би дараах үнийн дүнг баримтын хамт нэхэмжилнэ. Үүнд:

1. Би 2017.06.18-ны өдрөөс хойш одоог хүртэл 2 сар ажилгүй гэртээ байсан. 1 сарын цалин 900,000 төгрөг тул 2 сар нийлээд 1.800.000 төгрөг болно.

2. 2017.06.19-ний өдөр “Нандин” ломбарданд эхнэрийн монетон ээмэгийг 83.900 төгрөгөөр,

3. 2017.06.20-нд эхнэрийн монетон гинжийг 314.900 төгрөгөөр

4. 2017.07.31-ний өдөр эхнэрийн монетон ээмгийг 150.400 төгрөгөөр,

5. 2017.07.27-ны өдөр эхнэрийн монетон бөгжийг 65.800 төгрөгөөр тус тус “Нандин” ломбарданд барьцаан тавьсан.

6. 2017.07.31-ний өдөр ЭХО-д үзүүлэхэд 40.000 төгрөг,

7. 2017.07.31-ний өдөр эм авахад 36.400 төгрөг,

8. 2017.08.02-ны өдөр 37.600 төгрөг,

9. 2017.07.31-ний өдөр 18.181 төгрөг,

10. 2017.08.08-ны өдөр 18.000 төгрөг,

11. 2017.07.28-ны өдөр 33.600 төгрөг

12. 2017.06.20-ны өдөр 9.600 төгрөг,

13. 2017.06.19-ний өдөр 1.800 төгрөг,

14. 2017.06.19-ний өдөр 13.600 төгрөг,

15. 2017.06.26-ны өдөр 15.500 төгрөг,

16. 2017.06.23-ны өдөр 49.000 төгрөг,

17. 2017.07.19-ний өдөр 7.300 төгрөг,

18. 2017.06.28-ны өдөр 16.750 төгрөг,

19. 2017.06.21-ний өдөр 8.000 төгрөгөөр тус тус эм тариа худалдан авсан.

20. 2017.06.23-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 76.194 төгрөг,

21. 2017.06.23-ны өдөр 7.500 төгрөг,

22. 2017.06.23-ны өдөр 10.000 төгрөг тус тус тушааж хагалгаанд орсон.

23. Мөн эмнэлэгт очих, буцах зэрэгт өөрөө хувийн унаа тэрэггүй учраас такси барихад нийт 80.000 төгрөг гарсан. Ингээд нийтдээ Б.Б аас 2.810.744 төгрөг нэхэмжилж байна. Холбогдох баримтуудыг хэргийн материалд хавсаргуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

2017.10.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би Б ын нүүр рүү гараараа цохьсон нь үнэн. Б  намайг цохиж өшиглөөд хөл хугалсан. Үүнд маргах зүйл байхгүй. Би өөрт учирсан хохирлоо төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

 

4. Хохирогч Б.Б  2017.08.03-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад явж байтал Э    халамцуу байдалтай ирээд “хоёулаа хамт архи ууя” гэхээр нь “үгүй ээ, архи уухгүй” гэхэд Э   халааснаасаа 20.000 төгрөг гаргаж ирснээ “би нэг шиг архи авъя, чи өөрөө архи уусан үедээ хүнийг бас ингэдэг биз дээ, одоо намайг архи уучихсан байхад чи яагаад хамт архи уухгүй гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Би “за тэгвэл хамт ууя” гэж хэлээд дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг Төрийн банкны арын гудамжинд уусан. Архиа ууж дуусаад явж байтал Булгаа, Тамираа, Болдоо гуравтай таараад юм яриад зогсож байтал Заяа ах дэлгүүрээс архи аваад гэр рүүгээ орж байхыг бид нар харсан. Тэгэхээр нь Тамираа, Булгаа Э   гурвыг орхиод Болдоо бид хоёр Заяа ахын гэрт ороод авсан архинаас нь уусан. Араас Э  , Тамираа хоёр орж ирсэн. Архиа ууж дуусчихаад Болдоо бид хоёр явсан, бусад нь гэрт үлдсэн. Хэсэг хугацааны дараа Болдоо алга болчихсон. Би гудамжинд хэдэн залуучуудтай таараад архи уугаад зогсож байтал Болдоо ирээд “хөгшөөн Э   миний гар утсыг аваад өгөхгүй байна” гэхээр нь Э  г хаана байгааг Болдоогоор заалгаад очтол Э   БОСА худалдааны төвийн үүдэнд байсан. Э  ыг “чи яагаад манай найзын утсыг авсан юм бэ, өгөөч” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Би зөрүүлээд шанаан тус газарт 2-3 удаа цохиход газар унаад босож ирээд байсан. Бид хоёр зодолдчихоод салаад явсан. Э   эхлээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод, дараа нь баруун шилбэ рүү нэг удаа өшиглөсөн, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл нь бид хоёр ноцолдох үед үүссэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

 

5. Гэрч Б.С 2017.08.06-ны өдөр мэдүүлэхдээ: Манай гэрт Мөнгөө эгч ирээд “гадаа танай нөхөр чинь хүнтэй зодолдоод байна” гэхээр нь гараад очтол Э   БОСА худалдааны төвийн гадаа газар сууж байсан. Харин манай нөхөр тэндээс явчихсан байсан. Э  аас “яасан юм бэ” гэхэд “танай нөхөр чинь намайг үгийн зөрүүгүй зодчихлоо” гэж хэлсэн. Би болсон асуудлыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

6. Гэрч Б.А 2017.08.06-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би гадуур явж байгаад Э  , Б  нартай таараад ойр зуурын юм яриад зогсож байтал Заяа ах нэг шил архи аваад гэр рүүгээ явж байхаар нь Б  бид хоёр Заяа ахынд очиж хамт архи ууж байхад Э   орж ирсэн. Б  бид хоёр Заяа ахын гэрээс гараад Яармагийн эцэс хавьд салаад өөр тийшээ явсан. Би Заяа ахын гэрт буцаад очтол Э   надад “чи Б ын хажууд том байна, тийм ээ ганц утсаар яриулчих гээд байхад яагаад байгаа юм бэ” гээд над руу дайраад байсан. Тэгснээ “хоёулаа гараад яръя” гээд гарснаа намайг заамдаж аваад бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн зодоон болоогүй. Би Э  аас салаад явахад халаасанд байсан гар утас байхгүй байсан. Э  тай ноцолдож байхдаа утсаа хаясан байх гэж бодоод Б д “Э   миний утсыг авчихсан юм шиг байна, аваад өгөөч” гэж хэлсэн. Б  бид хоёр Э  ыг хайгаад явж байтал “БОСА” худалдааны төвийн үүдэнд явж байхаар нь очоод “чи Болдоогийн утсыг яагаад авч байгаа юм бэ” гэхэд Э   “би авсан юм уу, чи одоо юу гээд байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдаж эхлэхээр нь би яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8100 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Э ы биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны ташуу, мушгирсан, зөрөөтэй далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна./хх-ийн 32-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8113 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Б ын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хүзүү, цээжинд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35-р хуудас/,

 

9. Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008.02.11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол /Л.Э / /хх-ийн 98-100-р хуудас/,

10. Өвчний түүх /хх-ийн 102-109-р хуудас/,

11. Амбулаториорын эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 59-66-р хуудас/,

12. Шүүгдэгч Б.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,

13. Шүүгдэгч Л.Э ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “БОСА” худалдааны төвийн хажууд хохирогч Л.Э тай маргалдан баруун хөлийн шилбэ рүү нь өшиглөж, түүний биед “...баруун шилбэний шаант, тахилзуур ясны ташуу, мушгирсан, зөрөөтэй далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий” эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Э  нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “БОСА” худалдааны төвийн хажууд хохирогч  Б.Б тай маргалдан зодож, түүний биед “...зүүн хөмсөгт няцарсан шарх, хүзүү, цээжинд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Л.Э гийн “...БОСА худалдааны төвийн гадаа явж байтал Б тай тааралдсан. Гэтэл надтай юу ч яриагүй байж шууд баруун нүд рүү нэг удаа цохиод авахаар нь барилцаад авсан чинь миний баруун талын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Миний хөл эвгүй болоод уначихсан. Намайг газар унасны дараа Б  гараараа миний цээж рүү нэг удаа цохьчихоод яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

...шүүхийн хэлэлцүүлэгт “Б аас 1.000.000 төгрөг авахаар тохиролцож, 400.000 төгрөг авсан. 2018 оны 01 дүгээр сард 600.000 төгрөг авна...гэх мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Б ын “...Э   халамцуу байдалтай ирээд “хоёулаа хамт архи ууя” гэхээр нь “үгүй ээ, архи уухгүй” гэсэн чинь Э   халааснаасаа 20.000 төгрөг гаргаж ирснээ “би нэг шиг архи авъя, чи өөрөө архи уусан үедээ хүнийг бас ингэдэг биз дээ, одоо намайг архи уучихсан байхад чи яагаад хамт архи уухгүй гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Би “за тэгвэл хамт ууя” гэж хэлээд дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг аваад хоёулаа Төрийн банкны арын гудамжинд уусан. Дараа нь Заяа ахын авсан 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг нь ууж дуусгачихаад Болдоо бид хоёр явсан, бусад нь гэрт үлдсэн. Гэтэл Болдоо алга болчихсон ба удалгүй буцаж ирээд “хөгшөөн Э   миний гар утсыг аваад өгөхгүй байна” гэхээр нь Э  г хаана байгааг Болдоогоор заалгаад очоод Э  ыг “чи яагаад манай найзын утсыг авсан юм бэ, өгөөч” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Би зөрүүлээд шанаан тус газарт 2-3 удаа цохиход газар унаад босоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

 

3. Гэрч Б.С  “...Намайг гэртээ байхад Мөнгөө эгч ирээд “гадаа танай нөхөр чинь хүнтэй зодолдоод байна” гэхээр нь гараад очтол Э   БОСА худалдааны төвийн гадаа газар сууж байсан. Харин манай нөхөр тэндээс явчихсан байсан. Э  аас “яасан юм бэ” гэхэд “танай нөхөр чинь намайг үгийн зөрүүгүй зодчихлоо” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

4. Гэрч Б.А   “...Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гадуур явж байгаад Э  , Б  нартай таараад ойр зуурын юм яриад зогсож байтал Заяа ах нэг шил архи аваад гэр рүүгээ явж байхаар нь Б  бид хоёр Заяа ахын гэрт очиж архинаас нь уугаад сууж байтал Э   орж ирсэн. Архиа ууж дуусгаад Б  бид хоёр гэрээс гараад Яармагийн эцэс хавьд салаад өөр тийшээ явсан. Би Заяа ахын гэрт буцаад очтол Э   надад “чи Б ын хажууд том байна, тийм ээ ганц утсаар яриулчих гээд байхад яагаад байгаа юм бэ” гээд над руу дайраад байсан. Тэгснээ “хоёулаа гараад яръя” гээд гарснаа намайг заамдаж аваад бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн зодоон огт болоогүй. Би Э  аас салаад явахад халаасанд байсан гар утас байхгүй байсан. Э  тай ноцолдож байхдаа утсаа хаясан байх гэж бодоод Б д “Э   миний утсыг авчихсан юм шиг байна, аваад өгөөч” гэж хэлсэн. Б  бид хоёр Э  ыг хайгаад явж байтал “БОСА” худалдааны төвийн үүдэнд явж байхаар нь очоод “чи Болдоогийн утсыг яагаад авч байгаа юм бэ” гэхэд Э   “би авсан юм уу, чи одоо юу гээд байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдаж эхлэхээр нь би явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8100 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Э ы биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны ташуу, мушгирсан, зөрөөтэй далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 32-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8113 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Б ын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хүзүү, цээжинд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгч Л.Э д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааар яллах дүгнэлт үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Л.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Д.Ганхуяг “...Б.Б ын гэм буруугийн талаар маргаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

Харин шүүгдэгч Л.Э ы өмгөөлөгч С.Галцацрах “...Улсын яллагчийн саналтай нэг байна гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Л.Э  нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба харин энэ хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх үед 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэгэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Л.Э ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт /Бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулах/ зааснаар өөрчлөн зүйлчлэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Э ы үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж зааснаар Л.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Л.Э  нь мөрдөн байцаалтанд гэм хорын хохиролд 2.810.744 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүгдэгч Б.Б  нь хохирогч Л.Э д 1.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож, шүүх хуралдааны өмнө 400.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 600.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон талаарх хүсэлтээ бичгээр гаргаж байх тул шүүгдэгч Б.Б ыг хохирлоо төлөхөөр илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Б , Л.Э  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Л  Э  д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Б овогт Б-ийн   Б  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Ж  шарав овогт Л  Э  г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Ж  шарав овогт Л  Э  д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б  нь хохирогч Л.Э д 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 600.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б , Л.Э  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б , Л.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР