| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0704/и |
| Дугаар | 00892 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 00892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууц 3 дугаар гудамж 182 тоотод оршин суух “Боржигон” овогт Дашдэндэвийн Түмэнжаргал /ДЭ-68060401/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 9-15 тоотод оршин суух “Буяа” овогт Дамбын Галсанпунцаг /РЮ-46082630/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 25-11 тоотод оршин суух “Хотгойд” овогт Сэрээнэндоржийн Бямбабаярт /РА-68101818/-д холбогдох,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 32-03 тоотод оршин суух “Бэсүд” овогт Ванчигдоржийн Энхболд /РХ-70060914/
Зээл төлбөрийн үлдэгдэл 8.300.000 /найман сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галсанпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Бямбабаярт жуулчны баазаа ажлуулах гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь дансаар 6.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, мөн 8 дугаар сард 2.500.000 төгрөг, өмнө нь 1.000.000 төгрөг, дараа нь 500.000 нийт 10.000.000 төгрөгийг цувуулж өгч зээлдүүлсэн. Тухайн үед миний бие 2 өрөө байраа 10.000.000 төгрөгөөр зараад мөнгөө зээлдүүлсэн. Одоо түрээсийн байраар амьдарч байна. Мөнгөө авъя гэхээр Бямбабаяр нь янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод өгөхгүй өдийг хүрлээ. Бямбабаяраас 2015 оны 12 дугаар сард 1.700.000 төгрөг л авсан.
Иймд одоо зээлийн үлдэгдэл 8.300.000 төгрөгийг хуулийн дагуу Бямбабаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галсанпунцаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Түмэнжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна.
Нэхэмжлэгч Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдахдаа 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгаас хүний данснаас 6.000.000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Тухайн оны 8 дугаар сард 2.500.000 төгрөгийг дахиж өгсөн юм байна лээ. Өмнө нь мөн 1.000.000 төгрөгийг өгсөн байдаг юм. Дараа нь 500.000 төгрөгийг өгөөд ингээд нийт 10.000.000 төгрөгийг С.Бямбабаярт өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь ямар учраас 10.000.000 төгрөгтэй байсан бэ гэхээр өмнө нь байраа зарсны мөнгө 10.000.000 төгрөгтэй байсан юм байна лээ. Тэгээд байр зарсан мөнгөө зээлсэн гэсэн. Урд өмнө С.Бямбабаяраас удаа дараа нэхсэн боловч мөнгийг нь өгөөгүй гэсэн. Яг өнөөдрийн байдлаар зарим зээлсэн мөнгөний баримт байхгүй юм байна лээ. Үүнээс хойш С.Бямбабаяраас 12 дугаар сард 1.700.000 төгрөгийг буцаан авсан байдаг.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай бичсэн байна хамтарч ажиллаж байсан гэх зүйлийн талаар. Энэ талаар би нэхэмжлэгчээс асуухад тийм зүйл огт байхгүй харин мөнгө зээлсэн гэж ярьдаг юм. Тэгээд ч хариуцагч нь 8.000.000 төгрөгийг авсан тухайгаа хариу тайлбартаа хүлээн зөвшөөрч бичсэн. Харин хариуцагч 2.000.000 төгрөг буцааж өгсөн, нэхэмжлэгч 1.700.000 төгрөг авсан гэж маргаж байгаа болно.
Иймд үлдэгдэл мөнгө болох 8.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.
Хариуцагч С.Бямбабаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Түмэнжаргал нь 2015 оны 6,8 дугаар саруудад нийт 10.000.000 төгрөгийг С.Бямбабаярт зээлдүүлсэн түүнээс 2015 оны 12 дугаар 1.700.000 төгрөгийг буцаан авсан тул 8.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Д.Түмэнжаргал нь нэхэмжлэлдээ болсон явдлыг худал тайлбарласан байна. Миний бие С.Бямбабаяр нь тухайн үед Хатгалын Жанхай гэх газарт 6 тооны гэр барьж далайд гадаадын жуулчдад үйлчилж байсан. Энэ үедээ Улаанбаатар хот орсон ба Д.Түмэнжаргалтай уулзахад аялал жуулчлалын үеэр хамтарч бизнес хийж ашгаа хувааж авах санал тавьсан. Өөрөө төсвийн байгууллагад ажилладаг учир бизнес хийх боломж бололцоо муутай байдаг тухайгаа хэлж байсан. Ингээд эхний удаа 6.000.000 төгрөг, 2 сарын дараа 2.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгож өгсөн. Бидний хамтын үйл ажиллагааны үндсэн мөнгө болох тус бүр 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны монгол гэр тус бүр 4 хүний ор, хэрэглэл, ширээ сандал, зуух бүхий хоолны нэг гэр, цахилгаан үүсгүүр, гал тогооны иж бүрэн хэрэгсэл нь миний хөрөнгө байсан. Бизнес явуулах газар нь миний төрсөн ах С.Батбаярын эзэмшлийн газар байсан юм. Д.Түмэнжаргалын хөрөнгө оруулсан мөнгөөр хүнсний зүйл болон бусад хэрэгцээт зүйлийг авч байсан. Гэтэл тухайн онд эрс хүйтэрсэн аялал жуулчлал эрт зогссон жуулчдын тоо эрс багассан зэрэг шалтгаанаар ашигтай ажиллаж чадаагүй. Өөрөөр хэлбэл бидний хамтын бизнес шатсан эрсдэлд орсон талаараа Д.Түмэнжаргалд 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Энэ нь бизнесийн ашиг бус түүний өгсөн буюу хөрөнгө оруулалтын үлдэгдэл байсан. Д.Түмэнжаргал бидний хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх тухай яриа хэлцлийн огт болоогүй Д.Түмэнжаргал хамтран ажиллах саналыг эхэлж өөрөө гаргасан. Би зөвшөөрсөн. Д.Түмэнжаргал 10.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт огт хийгээгүй. 2 удаагийн шилжүүлгээр 8.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Би үндсэн мөнгөнөөс гадна 6.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний бараа материал авсан байсан нь мөн эрсдэлд орсон болно.
Иймээс Д.Түмэнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь хариуцагч С.Бямбабаяраас зээлийн төлбөрт 8.300.000 /найман сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргасан тайлбар шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч С.Бямбабаяр: “....Д.Түмэнжаргалтай уулзахад аялал жуулчлалын үеэр хамтарч бизнес хийж ашгаа хувааж авах санал тавьсан. Өөрөө төсвийн байгууллагад ажилладаг учир бизнес хийх боломж бололцоо муутай байдаг тухайгаа хэлж байсан. Гэтэл тухайн онд эрс хүйтэрсэн аялал жуулчлал эрт зогссон жуулчдын тоо эрс багассан зэрэг шалтгаанаар ашигтай ажиллаж чадаагүй. Өөрөөр хэлбэл бидний хамтын бизнес шатсан эрсдэлд орсон талаараа Д.Түмэнжаргалд 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Д.Түмэнжаргал бидний хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх тухай яриа хэлцлийн огт болоогүй Д.Түмэнжаргал хамтран ажиллах саналыг эхэлж өөрөө гаргасан....” гэх тайлбар ирүүлсэн хэдий ч бодит байдал дээрээ хариуцагч С.Бямбабаяр нь нэхэмжлэгч Д.Түмэнжаргалтай Иргэний хуулийн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгээ нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг хуульд заасан зээлийн маргаан гэж үзлээ. Учир нь: Хуульд “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг хүлээнэ”, зээлдэгч нь 6.000.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн, хариуцагч нь 8.000.000 төгрөг авсан гэж тайлбар ирүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээний шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр “зээлийн гэрээ” байгуулагджээ.
Нэгэнт шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбогдолтой маргаан гэж үзсэн тул нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын зээлийн үлдэгдэл төлбөр 8.300.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Тухайлбал: Нэхэмжлэгч нь: “....С.Бямбабаярт жуулчны баазаа ажлуулах гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь дансаар 6.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, мөн 8 дугаар сард 2.500.000 төгрөг, өмнө нь 1.000.000 төгрөг, дараа нь 500.000 нийт 10.000.000 төгрөгийг цувуулж өгч зээлдүүлсэн. Бямбабаяраас 2015 оны 12 дугаар сард 1.700.000 төгрөг л авсан. Иймд одоо үлдэгдэл 8.300.000 төгрөгийг хуулийн дагуу Бямбабаяраас гаргуулж өгнө үү....” гэх нэхэмжлэлийн шаардлага,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “....2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгаас хүний данснаас 6.000.000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Тухайн оны 8 дугаар сард 2.500.000 төгрөгийг дахиж өгсөн юм байна лээ. Өмнө нь мөн 1.000.000 төгрөгийг өгсөн байдаг юм. Дараа нь 500.000 төгрөгийг өгөөд ингээд нийт 10.000.000 төгрөгийг С.Бямбабаярт өгсөн байдаг. 12 дугаар сард 1.700.000 төгрөгийг буцаан авсан байдаг. Иймд үлдэгдэл мөнгө болох 8.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү....” гэж тайлбар мэдүүлэг,
Хариуцагч С.Бямбабаярын: “....ингээд эхний удаа 6.000.000 төгрөг, 2 сарын дараа 2.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгож өгсөн....” гэж тайлбар ирүүлснээс дүгнэхэд хариуцагч нь 8 сая төгрөг авсан болох нь талуудын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг зэргээр нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “....6.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг, 500.000 төгрөгийг өгөөд ингээд нийт 10.000.000 төгрөгийг өгсөн. Бямбабаяраас дараа нь 1.700.000 төгрөг буцааж авсан....” гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь “....2.000.000 төгрөг буцааж өгсөн....” гэх тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “....8.000.000 төгрөгөн дээр нэмж 2.000.000 төгрөг өгсөн гэдгээ болон буцааж 1.700.000 төгрөг”-ийг авсан гэдгээ нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмж өгсөн гэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх,
Иймд хариуцагч С.Бямбабаярт өгсөн 8.000.000 төгрөгнөөс өгсөн гэх 2.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 6.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Түмэнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Бямбабаяраас 6.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 110.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Түмэнжаргалд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Бямбабаяраас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Түмэнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147.750 /нэг зуун дөчин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбабаяраас 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Түмэнжаргалд олгосугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ