| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0715/и |
| Дугаар | 00906 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1989 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 04-20 тоотод оршин суух “Их Хариад” овогт Батдоржийн Должинжав /РУ-89061708/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, одоо тусдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг 21-12 тоотод оршин суух “Их мэргэд” овогт Батбаярын Баттүвшин /РЛ-88060618/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Должинжав, хариуцагч Б.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Должинжавын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Баттүвшинг 2006 оноос хойш мэднэ. Нэг ангид сурдаг байсан юм. Бид хоёр 2009 оноос үерхэж эхлээд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуримаа хийж нэг гэрт орсон. Биднийг хамт амьдарч байх хугацаанд буюу 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр том охин Анужин төрсөн. Бага охин Энхжин 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус төрүүлсэн юм. Бид том охиноо төрсний дараа хэд хэдэн удаа тусдаа амьдарч байсан. Манай хүн архи ууж, агсан тавьж эд зүйлсээ эвддэг зантай. Б.Баттүвшин нь бага охиноо төрснөөс хойш бараг 5 удаа доод тал нь 3-4 сараар яваад алга болж байсан. Бид хоёр өмнө нь эвлэрүүлэн зуучлагчаар явж эвлэрч байсан. Тэгээд 4 дүгээр сард шүүхэд хандаад нэхэмжлэлээ буцааж авсан удаатай. Б.Баттүвшин нь 4 дүгээр сард гэрээсээ яваад саяхан 8 дугаар сарын сүүлээр л надтай утсаар холбоо барьсан ба уг хугацаанд манай аав нас барахад хүртэл ирээгүйд маш их гомдож байдаг.Том охиноо аав, ээждээ үрчлүүлсэн тул маргаангүй байхгүй.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин Энхжинг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн хувьд маргаангүй одоо амьдарч байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 04-20 тоотод байрлах 3 тал хашаатай 8х12 хэмжээтэй өвлийн дүнзэн байшингаа авна гэв.
Нэхэмжлэгч Б.Баттүвшингийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хоёр охионоо бодоод салмааргүй л байна. Гэхдээ одоо нэгэнд салъя гэж байгаа бол салахыг зөвшөөрч байна. Бага охиноо ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэхэд хэцүү байна ажил төрөлгүй болохоор гэхдээ хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн хувьд одоо эхнэр хүүхдүүд маань амьдарч байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 04-20 тоотод байрлах 3 тал хашаа байшингаа авна биз тухайн үед 25 сая төгрөгөөр авч байсан одоо хашаа байшин үнэ хүрэхгүй байхад 15 сая төгрөг л болох байх эд хөрөнгө болон үнэн дээр маргаангүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Должинжав нь хариуцагч Б.Баттүвшинд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Должинжав нь хариуцагч Б.Баттүвшин нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Энхжин төрсөн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтан бүртгэж №6701000266 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 13-ны охин “Ихмэргэд” овогт Баттүвшингийн Энхжин /РЮ-14221101/-г төрүүлсэн ба тэдэнд олгосон төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримт зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос 4 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин хариуцагч Б.Баттүвшин: “....хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна....” гэж тайлбар мэдүүлэг өгч байх хэдий ч хариуцагч нь шүүхэд гаргасан “хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй” гэх шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “тэтгэлэг төлж чадахгүй” гэдгээ нотолж чадахгүй бай ба Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй....”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “….эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй….” гэж хуульд тус тус заасан байх тул хариуцагчийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Б.Должинжав, Б.Баттүвшин нарын гэрлэлтийг цуцлаж, насанд хүрээгүй охин Б.Энхжинг эх Б.Должинжавын асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд: Нэхэмжлэгч Б.Должинжав: “....эд хөрөнгийн хувьд маргаангүй одоо амьдарч байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 04-20 тоотод байрлах 3 тал хашаатай 8х12 хэмжээтэй өвлийн дүнзэн байшингаа авна....” гэх,
Хариуцагч Б.Баттүвшин “....эд хөрөнгийн хувьд одоо эхнэр хүүхдүүд маань амьдарч байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 04-20 тоотод байрлах 3 тал хашаа байшингаа авна биз тухайн үед 25 сая төгрөгөөр авч байсан одоо хашаа байшин үнэ хүрэхгүй байхад 15 сая төгрөг л болох байх эд хөрөнгө болон үнэн дээр маргаангүй....” гэх тайлбар мэдүүлгээс дүгнэхэд эд хөрөнгө болон үнэн дээр маргаангүй байх тул нэхэмжлэгчид өмчлөлд “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 04-20 тоотод байрлах 3 тал хашаа 8х12 хэмжээтэй өвлийн дүнзэн байшинг” үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 29.534 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байтал 30.000 төгрөг буюу 466 төгрөг илүү төлсөн байна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.200 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 466 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Баттүвшингээс 99.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Должинжавд тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Харин гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй байх ба 15 сая төгрөгний үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 04-20 тоотод байрлах 3 тал хашаа 8х12 хэмжээтэй өвлийн дүнзэн байшинг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээн шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулах шаардлага гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Их мэргэд” овогт Батбаярын Баттүвшин /РЛ-88060618/, “Их Хариад” овогт Батдоржийн Должинжав /РУ-89061708/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин “Ихмэргэд” овогт Баттүвшингийн Энхжин /РЮ-14221101/-г эх Б.Должинжавын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Б.Энхжинг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Баттүвшингээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 4-20 тоотод байрлах “3 тал хашаа 8х12 хэмжээтэй өвлийн дүнзэн байшин”-г нэхэмжлэгч Б.Должинжав, насанд хүрээгүй охин Б.Энхжин нарын өмчлөлд үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.200 /нэг зуун мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттүвшингөөс 99.734 /ерөн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, улсын орлогоос буцаан 466 /дөрвөн зуун жаран зураа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Должинжавт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ