| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0824/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/810 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/810
2020 09 07 2020/ШЦТ/810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Г.Сундуй,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Б.Б/өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бумба овогтой Батжаргалын Баясгалантөгс холбогдох эрүүгийн 2009000001090 дугаартай хэргийг 2020 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А5 нэртэй засварын газарт ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамж, 621 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Бумба овогтой Батжаргалын Баясгалантөгс /РД:УШ96092138/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Б.Бнь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02- ны өдрийн шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Обуд нэртэй засварын газарт иргэн Д.Мөнхцогттой маргалдаж улмаар түүнийг тэвэрч унагах, гараараа толгой руу цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000001090 дугаартай хэргээс:
Яллагдагч Б.Баясгалантөгсийн "... 2020 оны 08 дугаар сарын 01-ний орой би хамаатны ах Нацагдоржийн ажил дээр обудаа янзлуулах гэж ирээд ахын эхнэр болон найзтай нь пиво уугаад сууж байтал Мөнхцогт гэх эрэгтэй ирээд бид нар юм яриад сууж байтал Мөнхцогт намайг “чи хаанахых юм” гэхээр нь би “5 буудалд амьдардаг” гэж хэлтэл тэр залуу “танай 5 буудлыг мэдэхгүй юм байна” гэж хэлээд шууд намайг зүүн шанаан дээр гараараа 2 удаа цохиод над руу аяга шидээд нуруу гаран дээр оносон. Тэгэхээр нь дотор би тэр залуутай барьцалдаж аваад байж байтал хүмүүс салгаад гадагшаа гараад дахиж Мөнхцогт гэх залуутай зодолдсон ба энэ үед Нацагаа ах бид 2-ыг салгах гээд татахад Мөнхцогт бид 2 хураалттай обуд мөргөсөн. Ингээд салаад байж байтал хүмүүс эвлэрүүлэх гээд гар барьчих гэхээр нь би гар барьтал Мөнхцогт гэх залуу шууд миний эрүү рүү духаараа мөргөөд цохисон. Ингээд зууралдаж байгаад салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч Д.Мөнхцогтын “...би 2020 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Обуд засвар луу өөрийн ах Эрдэнэцогттой уулзах гээд очсон. Намайг очиход Симба гэж дууддаг Баясгалантөгс гэх эрэгтэй болон Нацагаагийн эхнэр, ах Эрдэнэцогт нар пиво ууцгааж байсан.... Ингээд сууж байтал Симба буюу Баясгалантөгс “би энэ хавийн атаман" гэхээр нь би амыг нь дагуулж маазартал намайг “банди минь” гэж дуудаад бид 2 хоорондоо маргалдаж бие биеэ цохиж ноцолдсон. Ингээд ноцолдож байтал цаад талын өрөөнөөс ах Эрдэнэцогт, Нацагаа нар ирж салгасан. Тэгэхээр нь Баясгалантөгс бид 2 гадаа гараад бас дээр доороо орж ноцолдсон. Энэ үед Нацагаа салгасан ба салгачхаад намайг цээж рүү түлхэж, нүүр лүү нэг удаа мөргөчхөөд Баясгалан төгсөө рүү явсан. Ингээд хэсэг байж байгаад Баясгалантөгс бид 2 дахин ноцолдож Баясгалантөгс миний толгой хэсэг рүү олон удаа цохиж би газар унасан. Газар унах үед миний гуя, өвдөг хэсэгт шалбарч гэмтэл учирсан. Ингээд газар унасан байхад Баясгалантөгс миний нүүр зүүн нүд, хөмсөг хэсэг рүү гараараа олон удаа цохиход миний зүүн хөмсөг хэсэг язарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Б.Нацагдоржийн "... 2020 оны 08 дугаар сарны 01-ний өдрийн орой өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Обуд засварын газар ажил дээр байж байтал найз болох Эрдэнэцогт ирээд миний эхнэр болон дүү Баясгалантөгс нартай пиво ууцгаасан. Тэгтэл 00 цаг өнгөрч байх үед Эрдэнэцогтын дүү гэх Мөнхцогт гэх залуу согтуу манай ажил дээр ирээд хамт ууцгааж байсан... Эрдэнэцогт бид 2 очоод хартал Баясгалантөгс, Мөнхцогт нар хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь очоод салгатал тэр 2 гадаа гараад үргэлжлүүлээд зодолдоод эхэлсэн. Ингээд дахиж гараад салгаад би өөрийн дүү Баясгалантөгс болон Мөнхцогт нарыг хацар луу нь гараараа нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8958 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр:
1. Д.Мөнхцогтын биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун ташаа, зүүн гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Яллагдагч Б.Бнь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02- ны өдрийн шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Обуд нэртэй засварын газарт иргэн Д.Мөнхцогттой маргалдаж улмаар түүнийг тэвэрч унагах, гараараа толгой руу цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Баясгалантөгсийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Баясгалантөгсийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Баясгалантөгсийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баясгалантөгст ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Б.Баясгалантөгст хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бнь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа, хохирогч Д.Мөнхцогт нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Б.Баясгалантөгстэй эвлэрсэн талаар хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ гаргаж өгсөн, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн цаасан ууттай 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бумба овогтой Батжаргалын Баясгалантөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясгалантөгсийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясгалантөгст оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баясгалантөгст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН