Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 89

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзоригийг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч *******

Насанд хүрээгүй шүүгдэгч *******

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000253 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 08 сарын 12-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эх, эцэг, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн ******* гудамжны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2016 оны 05 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багт байрлах "Хэрлэн номин" худалдааны төвийн хойд талд иргэн *******ын цээжин тус газарт нь цохин хүч хэрэглэж буюу

хүч хэрэглэхээр заналхийлж өмсөж явсан жинсэн өмдийг нь дээрэмдэн авч 40000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ "...2016 оны 05 сарын 28-ны өдөр , нартай МСҮТ дээр таарсан юм...Бид гурав сургуулиас гараад...зам дээр такси барих гээд зогсож байхад таарсан. Тэгээд таксинд суулгаад аваад явсан. Ялалт хорооллын дундуур явдаг зам дээр буугаад цааш явган явж байхдаа би хандан "хоёулаа өмдөө солъё" гэж хэлэхэд, тэрээр "үгүй, энэ манай ахын өмд" гээд солихгүй байсан. Тэгээд цааш яваад манай найз гэрийн ойролцоо очоод аар дуудуулж гаргаж ирсэн. Түүнийг гарч ирэхэд нь би, "энэ маньд чинь томроод байх юм, жаахан айлгачих" гэж хэлэхэд гартаа барьж байсан усаа надад бариулаад дээгүүрх цамцаа тайлаад заамдаж байгаа харагдсан. Би болиулахад тэр гэртээ орсон. Тэгээд би удалгүй хандан "одоо өмдөө сольчие л доо" гэхэд, "тэгье" гээд зөвшөөрч надад өмдөө тайлж өгсөн. Тэгээд би түүнд өөрийнхөө өмдийг өмсүүлээд, түүний өмдийг өөрөө өмсөөд гэр рүүгээ явсан...

... таксинд "суухгүй" гэхэд нь "суучихаач дээ" гэсээр байгаад суулгасан... гадаа очиход "явлаа" гээд байхаар нь би түүнд хандан "чи явах гэж байгаа бол өмдөө сольчих, үгүй бол надад нэг цохиулчих" гэж хэлэхэд тэрээр "өмдөө солихгүй" гэж хэлсэн. түүнийг заамдаж авахад тэр айсан шинжтэй байсан... нь өмдөө солих асуудлаар юу ч мэдээгүй.../хх 59-68/, ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэжээ. /хх 63/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шалгалтаа өгчихөөд гараад явж байтал *******тэй таарсан. Тэр "хоёулаа гялс манай найзынх руу яваад ирье" гэсэн. Тэгэхээр нь би, "үгүй ээ, би гэр рүүгээ харьж байна" гэхэд ******* "ээ такси бариад гялс яваад ирнэ шүү дээ" гээд гуйгаад байхаар нь "за за" гээд Гөнтөгсийн  хоёр найзтай нь 4-үүлээ такси бариад журмын хашааны хойно буугаад "Ялалт" хороолол руу алхсан. Найзынхаа гадаа очоод ******* дүүгээр нь найзыгаа  дуудуултал  найз нь  гарч  ирсэн.  Тэгтэл  *******  "энэ  найзаараа  намайг зодуулах гэж байна ш дээ, чи нэг арга хэлээд өг дөө" гэхэд нөгөө найз нь "чи яагаад найз оролдоод байгаан бэ" гээд цамцаа тайлаад намайг нэг алгадахад ******* найзыгаа болиулаад "одоо өмдөө солих уу" гэсэн тэгэхээр нь би, "за хашааны булан тойроод сольё" гээд сольсон. 

******* найзуудтайгаа цуг явж байсан болохоор би айсан...Би цагдаад хураалгасан өмдөө авна, мөнгө төгрөг авахгүй...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 423 тоот дүгнэлтэд: "1.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй" гэжээ. /хх 50/

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* нь манай том хүү юм, дороо хоёр эрэгтэй дүүтэй. Хүүхэддээ хараа хяналт сайн тавьж чадаагүй эцэг эх бидний буруу, хүлээн зөвшөөрч байна. Цаашид хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг зөрчилд оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна. Манай хүү ******* нь МСҮТ-д суралцдаг байсан ба энэ хэрэгт ороод завсардсан. Түүнийг энэ сургуульд нь дахин суралцуулах боломж олгоно уу гэв.

Хохирогч ******* /хх 26-30/, Насанд хүрээгүй гэрч /хх 33-35/, Г. /хх 44-46/, гэрч /хх 36-37/, /хх 47-48/, /хх 39/, /хх 40/, /хх 43/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, *******өөс дженсин өмдийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 13-14/, Хураан авсан өмдөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16/, Өмдийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 22/, Эд зүйлийн үнэлгээ /хх 20, 64/, Шүүгдэгч *******ийн насыг тоолсон тэмдэглэл /хх 21/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 71/, *******ийн эзэмшлээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 17-18/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65/, Насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх 78-84/, Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн болон Цагдаагийн газрын хүсэлт,  Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

    Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2016 оны 05 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багт байрлах "Хэрлэн номин" худалдааны төвийн хойд талд хохирогч *******ын эд зүйлийг авах зорилгоор түүний цээжин тус газарт цохиж хүч хэрэглэн, мөн "хүнд хэлэх, цагдаа шүүх болвол хаа байгаа газарт чинь очоод найзуудаараа нэг нэгээр нь зодуулна шүү" гэж хүч хэрэглэхээр заналхийлж өмсөж явсан дженсин өмдийг дээрэмдэн авч 40000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон насанд хүрээгүй гэрч , Г., гэрч , нарын мөрдөн байцаалтад, хохирогч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, *******өөс дженсин өмдийг хураан авах тогтоол, тэмдэглэл Хураан авсан өмдөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өмдийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Эд зүйлийн үнэлгээ зэрэг  хуульд  заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч *******өд холбогдох хэрэгт аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагджээ.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус болох ба шүүгдэгчид оногдуулах ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал болон түүний ял шийтгэлийг хойшлуулж өгөхийг хүссэн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон Цагдаагийн газрын Хүүхдийн албаны хүсэлт, Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ зэргийг тус тус харгалзан насанд хүрээгүй шүүгдэгч *******ийг олон нийтээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Насанд хүрээгүй шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас 40000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт "...би мөнгө авахгүй, зөвхөн өмдөө буцааж авна..." гэж тайлбарлаж байх тул шүүхээс тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар ирүүлсэн дженсин өмдийг хохирогчид хүлээлгэн өгөх ба энэ тогтоолоор насанд хүрээгүй шүүгдэгчийг "хохирогчид төлөх төлбөргүй" гэж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт насанд хүрээгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40000 төгрөгийн үнэ бүхий шинэвтэр цэнхэр өнгийн дженсин өмдийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүйг харгалзан түүний эзэмшлээс "Sharp" маркийн 21 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр шүүхэд ирүүлсэн ******* регистрийн дугаартай төрсний гэрчилгээг насанд хүрээгүй шүүгдэгчид буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 376, 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* *******ийг 3 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан  *******өд оногдуулсан 3 жил 01 хоногийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Насанд хүрээгүй ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болох /эд мөрийн баримтаар ирүүлсэн өмдийг буцаан олгох/-ыг тус тус дурдсугай.

5. Энэ  хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдан  ирсэн  40000  төгрөгийн  үнэ бүхий  цэнхэр  өнгийн  дженсин  өмдийг  тогтоол  хүчин  төгөлдөр  болмогц  хохирогч *******д буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд хүрээгүй ялтан *******ийн эзэмшлээс 50000 төгрөгийн үнэ бүхий "Sharp" маркийн 21 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 24-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.3-д зааснаар насанд хүрээгүй ялтан *******өд оногдуулсан 3 жил 01 хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний эцэг , эх ******* нарт үүрэг болгож, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хүүхдийн болон цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг насанд хүрээгүй ялтан *******өд мэдэгдсүгэй.

8. Баримт бичгээр хураагдан ирсэн насанд хүрээгүй ялтан *******ийн ******* регистрийн дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд насанд хүрээгүй ялтан *******өд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хугацааг 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй ялтан, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                      Ү.ОДГЭРЭЛ