| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2019/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 01
Э-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
226/2019/0001/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С даргалж, шүүгч Б, А нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нарийн бичгийн дарга: М
Улсын яллагч: С
Шүүгдэгч: Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Э-д холбогдох эрүүгийн 1839004760236 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С-н танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1982 онд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Хурх тосгоны “Зүүн баян” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх Б овогт Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Боржигон овогт Э-г машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д 01 /нэг/ жил хорих ял оногдуулж, тус 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар битүүмжилсэн эд хөрөнгө болох хөх өнгийн 15-90 ХЭА улсын дугаартай “Хюндай Бонго-Пронтер” маркын автомашинийг хууль ёсны өмчлөгч М-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар машиний үнэ болох 7.000.000 /долоон сая/ төгрөгийг шүүгдэгч Э-с гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н нь давж заалдах гомдолдоо: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн хувьд маргаангүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч М-д буцаан олгож, машины үнэ болох 7.000.000 төгрөгийг Э-с гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдлыг гаргасан юм. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 15-90 ХЭА улсын дугаартай “Хюндай Бонго-Пронтер” маркийн автомашины хууль ёсны өмчлөгчийг тогтоохдоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Э-н “...энэ миний машин биш, найз М-н машиныг тухайн үед гуйж авсан байсан юм” гэсэн мэдүүлгийг үндэслэлээд тус машиныг М-д буцаан олгохоор шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэгдүгээрт Э-д нь мөрдөн байцаалтын шатанд “15-90 ХЭА улсын дугаартай “Хюндай Бонго-Пронтер” маркийн автомашин нь миний өөрийн өмчлөлийн машин, би худалдаж авсан” гэсэн мэдүүлэг өгч тус автомашиныг нэг болохоор өөрийн өмчлөлийн машин, нэг бол М-н өмчлөлийн машин гэх мэтээр өөр өөр мэдүүлэг өгч байна. Хоёрдугаарт М-н өмчлөх эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүх тус автомашиныг М-д буцаан олгож шийдвэрлэж байгаа М-г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. Магадгүй М-г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасан тохиодолд шүүх автомашины үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Э-с гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй эсэх асуудал зайлшгүй тавигдах байсан. М нь эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх эсэх, эсхүл нэхэмжлэлээсээ татгалзах эсэхийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Прокурор С нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Э нь тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн Э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг миний эзэмшлийнх гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр М-н эзэмшлийн автомашин гэж мэдүүлж байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн учир хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчийг тогтоогоод хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Иймд М-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М “би энэ автомашиныг нэхэмжлэхгүй, Э бид хоёр тохирчихсон, Э-д тус тээврийн хэрэгслийг зарсан” гэвэл 7.000.000 төгрөгийг Э-с гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм. Иймд М-г иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Э-н хувьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна. Учир нь монгол түмний баяр цагаан сар болж байна, мөн хяналтын шатанд гомдол гаргах хугацаа 30 хоног байдаг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг буцааж шийдвэрлэвэл миний үйлчлүүлэгч хүрэлцэн ирээд байх боломжтой” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н-н давж заалдах гомдлоор хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх Э-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15-90 ХЭА улсын дугаартай “Хюндай Бонго-Пронтер” маркийн машиныг М-д буцаан олгож, машины үнэ болох 7.000.000 төгрөгийг Э-с гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь М-нх гэж байгаа хэдий ч Э нь уг машиныг түүнээс худалдан авсан эсэх, мөн хэрэг үйлдэхээс өмнө ямар зорилгоор хэдий хугацаанд ашиглаж байсныг шалган тогтоож, М-г иргэний нэхэмжлэгчээр татах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад тээврийн хэрэгслийг М-д буцаан олгож, машины үнэ болон 7.000.000 төгрөгийг Э-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд, энэ талаарх өмгөөлөгч Н-н давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э-д хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С
ШҮҮГЧ Б
А