| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00785/И |
| Дугаар | 00922 |
| Огноо | 2017-10-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 00922
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Л-н Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-ын М-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Э миний бие нөхөр Б.М-тай 2003 онд танилцаж гэр бүлээ 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор батлуулсан. Бид хоёр 2007 оныг хүртэл хамт амьдарч байгаад 2007 оноос хойш одоог хүртэл 10 жил тусдаа амьдарч байгаа, бидний дундаас 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү М.Н төрсөн, одоо 12 настай, 7 дугаар ангид сурдаг. Би Улаанбаатар хотод ажил хийж, амьдарч, хүүхдээ Орхон аймагт өөрийн төрсөн ээжийндээ байлгаж сургуульд суулгаж бусад цагт өөр дээрээ авч асран хамгаалж байгаа. Бид хоорондоо таарамжгүй харьцаатай бөгөөд олон жил тусдаа амьдарсан, би өөр амьдрал зохиож байгаа тул цаашид нэг гэр бүл болж амьдрах ямар ч боломжгүй болсон. Бид тусдаа амьдарсан цагаас хойш өнөөг хүртэл уулзаагүй, М нь хүү бид хоёрт анхаарал тавихгүй, хэрхэн яаж амьдарч байгааг байгааг ч сонирхдоггүй, хүүхэддээ ч хичээлийн хэрэгсэл, хувцас хунар авч өгч дэмжлэг үзүүлдэггүй,
Иймд Л.Э миний нөхөр Б.М-тай гэр бүл болсон гэрлэлтийг
цуцлаж хүү М.Н-г миний асрамжинд өгч, эцэг Б.М-аас хүүхдийн тэтгэлэгийг хуульд хэмжээгээр тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Л.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Ямар эцэг хүн хүүхдэдээ тэтгэлэг өгөхгүй гэж хэлдэг юм бэ?, Б.М нь боломжийн амьдралтай, би гэрээсээ гарахдаа солих хувцасгүй хүүхдээ аваад л гарсан. Эд хөрөнгөнөөсөө юу ч аваагүй. Миний салах болсон шалтгаан нь ээж минь бөөрний хорт хавдартай гэсэн онош тогтоогдоод хот руу авч явах болсон. Ер нь бол надаас өөр авч явах хүнгүй, эгч маань тухайн үед Туркд байдаг байсан. Тэгээд намайг явах гэтэл Б.М “... гийчий янхан хүүхэн чи хүүхдээ аваад, эхийгээ дагаад зайл” гэж хэлээд зуух, гал голомтоо өшиглөсөн. Намайг хот явсан хойгуур хурим найр хийгээд надад өгсөн өмч хөрөнгийг минь айлын хашаанд аваачаад хаячихсан байсан. Үүнээс болоод надад ямар ч амьдрах сонирхолгүй болсон. Хүүхдийг минь өгөхгүй гээд байхаар нь Б.М-аас айгаад хүүхдээ цэцэрлэг дээрээс нь аваад хот явсан. Бид хоёр солих хувцасгүй гарч байсан. Ер нь бол амьдрах хугацаандаа өчнөөн мал ахуйтай болж сумын “сайн малчин” хүртэл болж байлаа. Бид хоёр сумаас орж ирээд аймагт ломбард ажиллуулсан юм. Ломбард ажиллуулах хугацаандаа 9.000.000 төгрөгийг зээлээр гаргасан байсан. Тэр зээл авсан гээд байгаа хүнийг манай ээжийн холын хамаатан гэдгийг мэдээгүй бөгөөд “чи хамаатнууддаа мөнгө төгрөг өгсөн” гээд маш их хэрүүл гардаг байсан. Энэ мөнгийг төлөөд хохирлыг барагдуулсан гэдгийг мэдсэн, шүүхийн шийдвэрээс өр барагдуулсан гэдэг бичгийг нь авсан. Малчны зээл авч 2.500.000 төгрөгийг өөрөө төлсөн. Би хүүхэдтэйгээ байр хөлсөлж амьдарч ирсэн ... Намайг гадуур хэсдэг гэж огт худлаа, ор үндэсгүй зүйл ярьж байна. Хөдөө амьдардаг байхад зодож нүддэг байсан. Мөн төвд ирээд ажил төрөл хийгээд явахад хардаж, ангийнхан уулзах гээд ажлын гадаа ирэхэд хүртэл хардаж зодож цохидог байсан. Одоо болтол миний толгой цоорхой, ийм байдалд ортлоо “за яахав болж бүтнэ” гээд бодоод явсан болохоос хэсэж тэнээд байсан зүйл байхгүй ...” гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М нь Л.Э-тай 2004 онд гэр бүл болж 5 жил хамт амьдарч байгаад 2009 оноос тус тусдаа амьдрах болсон. Бидний хоорондын таарамжгүй харилцаа бий болсон. Энэ нь Л.Э-ын төрөл садангийн хүндээ их мөнгө зээлж, өр их тавьж, гэр бүлийн эдийн засагт их хор хохирол авчирсанаас ихэнх хэрүүл маргаан мөнгөнөөс болж гардаг байсан. Л.Э-тай суугаад 2005 онд хүү Н төрсөн. Одоо 13 нас хүрч хадам ээж байсан С гуай дээр өсөж байна. Л.Э-ыг салаад явахад манай нийт өр 17.000.000 / арван долоон сая / төгрөг байсан ба тэр өрнөөс нэг ч төгрөг Л.Э төлөөгүй, чи өрөө төл би чамаас хүүхдийн мөнгө авахгүй гэж байсан. Одоо ч тэр өр дуусаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатандаа яваа. Саяхан Л.Э-ын дансыг битүүмжилсэн болно.
Иймд ихэнх өрөө би өөрөө төлсөөр одоо дуусах гэж байгаа, хүү Н-г 3 дугаар ангид сурч байхад өөрийн асрамжид авч Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд нэг жил суралцуулсан. Л.Э нь хүү Н-г бага байхаас нь нэг их харж хандаагүй, анхаарал халамж муу тавьж, өөрийн ээж дээрээ орхисон, мөн Улаанбаатар хотод хүнтэй гэр бүл болсон тул хүү Н-г Б.М миний бие өөр дээрээ авах хүсэлтэй байна.
Иймд миний бие олон жил их өр төлсөн хүүхдийн тэтгэмж өгч чадахгүй болно гэжээ.
Хариуцагч Б.М нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 онд гэр бүл болоод 5 жил амьдарсан. Суусан цагаасаа хойш сэтгэл санааны хүнд байдал байсан. Бид хоёр хөдөө амьдарч байгаа малаа зараад аймаг орж олонтойгоо хөл нийлүүлж, хөгжиж дэвших хүсэлтэйгээр аймгийн төвд амьдрах болсон. Аймагт орж ирээд ломбард ажиллуулсан. Энэ ажиллуулсан хугацаанд Л.Э өр төлбөр үүсгэсэн. Л.Э нь “намайг байхгүй хойгуур салсан” гэж ярьж байна. Энэ нь нэг талаар өрөөсгөл ойлголт юм. Л.Э-ыг ээжийгээ эмчлүүлэхээр явах үед манайх банкны өр зээлээ дараад 17.000.000 төгрөгний өр зээлтэй болж үлдсэн байсан. Мал ахуйгаа зараад гэр бүлийн эдийн засаг тэр үед нэлээн уналтад орсон байсан. Манай ааваас 7.000.000 төгрөг, хувь хүнээс 4.000.000 төгрөг авсан, би намар нь хүнээс 4.000.000 төгрөг авсан байсан. Энэ өрнүүд нийлээд 17.000.000 төгрөг болж байгаа юм. Найранд очоод буцахад нь ээж нь охиноо явуулахгүй гэж ярьсан. Манай охин танайд очоод хэрэгггүй гэж хэлсэн. Танайх малаа зараад малгүй болсон учир явуулахгүй гэсэн байдалтай юм ярьсан. Банкны өр, ломбардны өр зэрэг нь бараг дууссан Энэ хүн гадуур их тэнэдэг, ор дэрээ хураадаггүй ийм асуудлаас болоод миний хувьд амьдрах хүсэлгүй болсон. Ээжийгээ сахиад ажиллаж байна гэсэн болохоор өөрийн гэсэн малыг нь аваачиж өгсөн... Би тэгж их зодоогүй. Би өрөнд байх хугацаандаа мөнгө төгрөг олох зорилгоор ийш тийшээ зөндөө алтанд явсан. Энэ хугацаанд өөр хүнд зодуулсан байх. Нэг удаа л би хөдөө байхдаа ямааны самаар цохиж байсан. 7.000.000 төгрөгийг ааваасаа авсан нь үнэн. 2.500.000 төгрөгний зээл бол биш 1.000.000 төгрөг зээл бол байсан... Хүүхдээ өөр дээрээ авсан нь дээр гэж үзэж байна. Энэ хүүхдээ өөрийн төрсөн гэр оронд нь байлгаад тогтвор суурьшилтай амьдраад хүүхдээ өөр дээр авч асран халамжилж чадна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Б.М нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү М.Н төрсөн болох нь:
Тухайлбал; Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “... Монгол улсын иргэн, ............. регистрийн дугаартай, Х овогт Б-ын М, Монгол улсын иргэн, .................. регистрийн дугаартай Г овогт Л-ийн Э нарын 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 14-рт 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх 00/005260 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Х овогт Б-ын М, Г овогт Л-ийн Э нарын гэр бүлд 2005 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн хүү М-ы Н-г 2006 оны 5 дугаар сарын 09-нд бүртгэж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас олгосон 21 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь 2007 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохирсон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй, гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ дуусгавар болсон байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин хүү М.Н-ийн асрамжийн асуудал дээр нэхэмжлэгч хариуцагч нар нь маргалдсан бөгөөд харицагч Б.М нь би хүүгээ өөрийн асрамжиндаа харж асарч чадна, хүүхдийн тэтгэвэр төлөх надад боломжгүй би өөрөө группэд байдаг мөн нэхэмжлэгчийн үлдээсэн өрийг төлсөн, мөн Л.Э нь хүүгээ өөрөө асардаггүй ээж дээр нь миний хүү байдаг,
Нэхэмжлэгч Л.Э нь би хүүгээ өөрөө асрамжиндаа авна, нэг жил аав дээрээ ирж сургуульд сурсан боловч хүүг минь олигтой хараагүй байсан өвөл дан өмдтэй явуулж байсан байдаг. Тэгээд ч би одоогоор хүүгээсээ хол хөдөө дэлгүүр ажиллуулж байгаа хүүгийнхээ сурлага хичээлд нь анхаараад ээжтэйгээ хамт Орхон аймагт амьдруулж байгаа. Хичээлээс бусад цагтаа над дээр очиж байнга надтай хамт байдаг, мөн би өөрөө хэд хоноод хүү дээрээ очдог. Мөн энэ хамт энэ хугацаанд би хүүгээ харж асарч байсан учир би хүүгээ өөрөө авна гэж маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 7 ба түүнээс дээш насны хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг харгалзана гэсний дагуу 12 настай хүү М.Н-ээс авсан саналд: ”... Аав ээж хоёр маань намайг 5 настай байхаас тусдаа амьдарсан. Би ээжтэйгээ амьдарна. Одоо эмээ, ах ахын хүүхдүүдийн хамт Орхон аймагт эмээгийндээ амьдарч байгаа Ээж маань хотод ажил хийдэг бөгөөд над дээр байнга ирдэг,
Мөн хариуцагч Б.М-ы хүүхдийн асрамжийн асуудал дээр
1-рт: нэхэмжлэгч Э-ын өрийг төлсөн одоо өр дууссан боловч надад дахиад ийм дарамт ирж байгаа учир би тэтгэлэг төлж чадахгүй гэсэн шалтгааны тухайд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй....”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “… эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ...” гэж заасан байх ба энэ үүргээ биелүүлэх нь Л.Э-ын өртэй ямар нэгэн холбоогүй,
2-рт: Л.Э нь өөрөө хүүхдээ хардаггүй ээж нь хардаг гэсэн шалтгааны тухайд Б.М, Л.Э нар нь хамт амьдраагүй 10-аад жилийн хугацаанд хүүг Л.Э нь өөрийн ээжийн хамт асрамжилж байсан нь Л.Э-ын тайлбараар, мөн хүү М.Н нь Орхон аймгийн 13-р сургуульд суралцдаг болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтоор нотлогдож байх ба суралцах хугацаандаа эмээгийндээ түр байж суралцдаг нь Л.Э-ын асрамжинд хүү М.Н-г үлдээж болохгүй байх ноцтой шалтгаан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрхи нөхцөл байдал болон хүүхдийн санал, эцэг эхийн өнөөг хүртэл хүүхдэд үзүүлсэн халамж анхаарал,ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргээс дүгнэн хүү 12 настай М.Н-г эх Л.Эрдэнэсувдын асрамжинд үлдээн шийдвэрлэв.
Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн банкны харилцах дансны лавлагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд мөн 2008 онд мал тээвэрлэсэн болон малын гарал үүслийн гэрчилгээ зэрэг холбогдох баримтууд нь хүүхдийн асрамжийн маргаантай холбоогүй ач холбогдолгүй учир шүүх үнэлэх боломжгүй юм.
Иймд Б.М, Л.Э нарын гэрлэлтийг цуцлаж хүү М-ы Н-г эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Э нь гэр бүлээ цуцлуулах шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган, нийт 118.462 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд үүнээс гэрлэлт цуцлуулахад төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 48.262 төгрөгийг нийт 118.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 118.462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б-ын М , Г овогт Л-ийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 9 дүгээр сарын 26-нд төрүүлсэн хүү М-ы Н г эх Л.Э-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2005 оны 9 дүгээр сарын 26-нд төрүүлсэн хүү М-ы Н-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.М-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.462 / нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 118.462 / нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА