Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Улсын яллагч Б.*******, Хохирогч Ж.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 21200950118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймаг Улиастай сум Товцог баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ы *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ыг “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай сум Товцог багийн нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ж.*******гийн өмчлөлийн 9 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хоёр удаагийн үйлдлээр хулгайлж 1,665,000 /нэг сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: 1. Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Би Яруу, Эрдэнэхайрхан сумын чиглэлд адуугаа хайж яваад ирэхэд 4 хонь дутсан байсан. Тэгээд тухайн үедээ ууланд тасарсан юм байлгүй гээд тоогоогүй. Ойр орчмын айлын хониор шүүгээд өнгөрсөн. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай хүүхэд хонио хараад байж байгаад түр хонио орхиод адуугаа харчхаад буцаад хонин дээрээ ирэхэд нь хонь тасарсан байхаар дурандтал “Ямаа майлдагт” 5 хонь туугаад ******* гэх залуу явж байхаар нь очтол манай хонинууд байсан гэсэн. Тэгээд “хаа хүрч яваа юм” гэсэн чинь “Өлзий ахынхаас хонь аваад явж байна” гэхээр нь “наадах чинь манай хонь байна” гэсэн чинь хонио орхиод зугтаагаад явсан гэсэн. Би бас малд хөдөө явсан байсан юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Зүсээр үгүйлж байгаа нь эвэртэй хар толгойтой зөв талын чих хойноосоо ухам, баруун талын чих урдаасаа ганзага имтэй, хондлой дээрээ ногоон будагтай эр хонь, эвэртэй мөнгөн хошуутай хар нүдэн, зөв талын чих хойноосоо ухам, буруу талын чих урдаасаа ганзага имтэй, хондлой дээрээ ногоон будагтай эм хонь, тоогоор бол эр хонь 2 ширхэг, эм хонь 2 ширхэг дутаад байгаа зүсийг нь сайн өгүүлэхгүй имтэй, хондлой дээрээ ногоон будагтай хонинууд байгаа. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эр хонь 2 ширхэг, эм хонь 3 ширхгийг манай хониноос хулгайлаад тууж яваад манай хүүхэд д баригдсан байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би хонь, ямаагаа хараад аав морио алдаад Яруу, Эрдэнэхайрхан сумдаар хайгаад ирээд малаа тоолсон чинь 4 хонь дутсан байсан. Тэгээд бид нар эрж хайгаад олоогүй юм. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр адуундаа явчхаад Товцогийн хажуугаас морьтой бууж ирж байтал 5 хонь туусан хүн явж байхаар нь араас нь давхиад аймаг руу арай ороогүй байхад нь гүйцэж очтол манай хониноос 5 тооны хонь туусан ******* гэх ах явж байсан. Тэгээд “юун хонь туусан яваа” юм гэсэн чинь “Өлзий ахын хониноос нийлсэн хонио туугаад явж байна” гэхээр нь “манай хонь байна ш дээ” гэсэн чинь хонио орхиод зугтсан. Тэгээд би нөгөө 5 хонийг цааш нь тууж хониндоо нийлүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эр хонь 2 ширхэг, эм хонь 3 ширхгийг манай хониноос хулгайлаад тууж яваад надад баригдаад хаячхаад зугтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, 3. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр 23, 24-ний үед л байх би Улиастай зах дээр явж байгаад *******тай таарсан чинь “Би мотоциклоо хураалгасан мөнгөний хэрэг гараад хоёр хонины мах зарах ажилтай явж байна” гэсэн. Тэгээд 2 хонины махаа хэдээр зарахын гэж асуусан чинь хямдхан өгчихнө гэсэн. Тэгэхээр нь “” нэртэй цайны газар ороод мах авах уу гэж асуусан чинь ямааны махны үнээр найман мянган төгрөгөөр авна гэнэ гэсэн чинь ******* тэгвэл өгчихье гээд таксидаж ирсэн бололтой жолоочдоо таксины мөнгө өгөөд араас нь махаа буулгаж ирээд нэртэй цайны газар руу ороод нэг танихгүй хүүхэн жинлээд 23 килограмм боллоо гээд 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг ******* өөрөө тоолж авсан. Хөдөөнөөс өчигдөр хоньтой орж ирээд гаргаж шулаад авчирлаа гэж хэлсэн. Би хулгайн мал гэдгийг бол тухайн үед нь мэдээгүй. цайны газрын кассчин гэсэн би нэрийг нь мэдэхгүй танихгүй. ... ******* надад саяхан хулгайн мал гэдгийг хэлсэн “******* гэх хүнээс 5 хонь хулгайлж байгаад хүүхдэд нь баригдсан, өмнө нь 4 хонь хулгайлж таниар 2 хонийг нь заруулсан мах нь шүү, битгий хүнд хэлээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, 4. Гэрч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 23-24-ний үед байх би цайны газартаа ажлаа хийгээд байж байтал 10-11 цагийн орчимд *******, гэх 2 хүн орж ирээд мах авах уу гэж асуусан. Тэгэхээр нь үзэж харж байж болно махаа аваад ир гэсэн. Тэгээд тэр хоёр гарч яваад махаа авч орж ирсэн. Шулсан 22.5 килограмм хонины мах оруулж ирж өгсөн. Тэгээд би килограммыг нь 8,000 төгрөгөөр бодож 180,000 төгрөг бэлэн ******* гэх залууд тоолж өгсөн. Тэгээд ******* нь мөнгөө тоолж аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, 5. Гэрч Л.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-д гарчихсан л байсан яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Шөнийн 03 цагийн үед ******* гэх залуу орж ирээд 4 хонь аваад ирлээ гэхээр нь “юун хонь юм бэ? хулгайн хонь биш үү” гэсэн чинь “бишээ би хүнээс авцаандаа авсан” гэж хэлсэн. Тэгээд хонио хашаан дотор хийж хоноод манайд унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод байж байтал нэг хүн ирж хонийг нь авсан. Үлдсэн 3 хонио танай энд гаргая гээд алаад, махыг нь эвдэж шулаад тэгээд өөрөө гараад явсан. Манай эхнэр 1 хониных нь гэдсийг арилгасан байх. Нэг хонийг амьдаар нь гэх эмэгтэйд өгсөн. Надад нэг хониных нь махыг өгсөн. Үлдсэн махыг нь манай үүдэн дээр такситай ирлээ гээд хоёр хониныхоо махыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, 6. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-д гарсан л байсан яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Шөнийн 03 цагийн үед ******* гэх залуу орж ирээд “Хүнээс 4 хонь аваад ирлээ” гэж манайд ирсэн. Хулгайн хонь биш үү гэсэн чинь бишээ би хүнээс авцаандаа авсан гэж хэлсэн. Тэгээд хонио хашаан дотор хийчхээд манайд унтаад өгсөн. Маргааш нь өглөө босоод байж байтал нэг хүн ирж 1 хонийг нь авсан. Үлдсэн 3 хонио танай энд гаргая гэж алаад махыг нь эвдэж шулаад тэгээд өөрөө гаргаад явсан. Би 1 хониных нь гэдсийг арилгасан бусдыг нь бол мэдэхгүй хаясан л байх өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн -р хуудас/, 7. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 27- ны өдөр ******* гэх залуу нэг тооны эр хонь авчирч өгсөн. Би хулгайн хонь гэдгийг нь мэдээгүй. Надад хүнээс авцаандаа авсан хонь л гэж хэлсэн. Хар толгойтой халзан хонь байсан. Хондлой дээгүүрээ ногоон будагтай хонь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, 8. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 07 сарын сүүлээр шинэ хороонд жаахан юм уучихсан мотоциклтой явж байгаад чулуун дээр мөргүүлж газарт унаад ухаан алдаад эмнэлэг дээр ирсэн. Тэгээд цагдаа нар эмнэлэг дээр ирсэн. Тэгээд цагдаа нар өглөө ирж уулз гэсэн. Тэгээд би өглөө нь яваад очсон чинь журмын хашааны мөнгө төлөөд мотоциклоо ав. Тэгээд Зөрчлийн хуулиар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн. Би тэгье тэгье гэж хэлээд ээж дээр очоод мөнгө асуутал ээж мөнгө өгөхгүй надад чиний юм хамаагүй гээд мөнгө өгөөгүй. Тэгээд би мөнгө яаж олъё гэж бодоод явж байтал Шинэ хорооны ямаа майлдагийн ар хэсэгт 4 хонь сүргээсээ тасраад хоцорсон байсан. Тэгэхээр нь тэрийг туугаад гэртээ хүрээд ирсэн. Тэгээд тэр 4 хонио зараад мөнгө олоод мотоциклоо журмын хашаанаас гаргаж авсан. Тэгээд дараа нь согтуугаар эрхийн үнэмлэхгүй мотоцикл жолоодсон зөрчил дээрээ арга хэмжээ авхуулахаасаа өмнө 2021 оны 08 сар дөнгөж гарч байхад Товцогын араас гэх айлын малнаас 5 хонь тасдаад тууж яваад хүүхдэд нь баригдчихсан. Тэгээд цагдаа ирсэн. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хохирогчид хохирлыг нь төлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45- 46-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал гэдэгт хонь хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, түүнээс дээш малыг ойлгоно” гэжээ. Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг ашиг олох санаа зорилгоор, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдэж хохирогчид хохирол, хор уршиг зориуд бий болгож буй нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Б.*******ын 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд хоёр удаагийн үйлдлээр Завхан аймгийн Улиастай сум Товцог багийн нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ж.*******гийн өмчлөлийн 9 тооны хонь буюу олон тооны мал хулгайлж 1,665,000 /нэг сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. - Хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.******* нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******д 1,655,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Үнэлгээгээр эр хонь 210,000 төгрөг, эм хонь 165,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 38-р хуудас/ Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******гийн 4 эр хонь, 5 эм хонь нийт 9 хонь хулгайлснаас 2 эр хонь, 3 эм хонийг хохирогч биет байдлаар нь буцаан авсан бөгөөд шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 4 төлөг хонь өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Б.******* миний 2 эр хонь, 2 эм хонь хулгайлсан хохиролдоо 4 төлөг өгсөн байгаа. Төлөг хонины зах зээлийн ханш нь 110,000 төгрөг байдаг. Иймд би зөрүү хохирлоо нэхэмжилж байна” гэв. Хохирогчийн төлөг хонийг 110,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй бөгөөд шүүхээс уг үнэлгээг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ын 2 эр хонь, 2 эм хонь хулгайлсан хохирол нийт 750,000 төгрөгөөс 4 төлөг хонины үнэ 440,000 төгрөгийг хасаж үлдсэн 310,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж хохирогч Ж.*******д олгуулахаар шийдвэрлэсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхээс тогтоогдсон хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл ажлын 5 өдрийн хугацаатай завсарлуулсан. Уг хугацаанд шүүхээс тогтоосон 310,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 47-р хуудас/ Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялаас доогуур буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ