| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0721/И |
| Дугаар | 00912 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багт оршин суух Цагаанхуулар овогт Надмидын Сувд-Эрдэнэ /РИ95101603/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багт оршин суух Улаанхуулар овогт Бат-Очирын Давааням /РИ89122233/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Надмид, хариуцагч Б.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Даваанямтай 2012 онд танилцан үерхэж байгаад 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Төгөлдөрийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очиж амьдарцгааж байсан юм. Хүүхдээ гарснаас хойш Б.Давааням нь бидэн дээр ирэх нь бага болж, одоо бүр “миний хүүхэд биш” гэх болсон. Иймд Б.Даваанямыг миний хүү С.Төгөлдөрийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Надмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний охин Н.Сувд-Эрдэнэ нь хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Н.Сувд-Эрдэнэ нь яриа хөөрөө муутай өөрийгөө илэрхийлэх чадвар бага тул би түүнийг төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Давааням бол хүүхдээ “миний хүүхэд биш” гэдэг. Энэ хоёр хүн цаашид хамт амьдраад явна гэж үнэндээ байхгүй. Эцэг эхийнх нь ч хэл ам гүйцэгдэхгүй юм билээ. Би Б.Даваанямыг миний охинтой амьдрах байх гэж харсан. Гэтэл энэ хүний талаас “Н.Сувд-Эрдэнэ аавтайгаа зүгээргүй гэнэ билээ” гэсэн яриа хүртэл гаргасан...Би дэмий ховонд бол итгэдэггүй.Хүүхдэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. Эцэг нь Давааням мөн гэж хариу гарсан. Б.Даваанямын эцэг эх нь “миний хүү танай охинтой унтаж байхыг харсан юм уу” гэж хүртэл хэлж байсан... Бид шүүхэд хандсанаараа охин болоод, хань ижлийнхээ нэр төрийг давхар сэргээж авах гэсэн юм...Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.Давааням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би бусдын л адил эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдрахыг хүсэж байсан. Гэтэл өвөл намайг утсаар ярихад Сувдаагийн аав, ээж хоёулаа “манай охин өөр нөхөртэй болж байгаа” гэж ярьсан. Тэгээд хаваржаандаа буусны дараа нөгөө хүнээ явуулчихсэн гэж ээж нь хэлсэн. Манай 2-ынх ойрхон зусдаг учир би орж гарч явдаг байсан ч нэг өдөр ээж нь утсаар яриад намайг “ирж уулз, ярих юм байна” гэхээр нь “юу юм бол, утсаар хэлж болохгүй юу” гэхэд “болохгүй” гэж байснаа “чамайг шүүхэд өгөхөөр боллоо чамд охиноо өгч чадахгүй” гэж хэлсэн. Миний хувьд зүгээр нэг хүүхэдтэй болоод тэтгэлэг төлж амьдаръя гэж анхнаасаа Сувд-Эрдэнэтэй уулзаж байгаагүй. “Амьдрал зохиож, хамтдаа амьдарна” гэж уулздаг байсан. Гэтэл дундаасаа үр хүүхэдтэй болчихоод яагаад надтай амьдрахгүй гээд байгааг ойлгохгүй байна....Сувд- Эрдэнэтэй хурим найраа хийгээд хамтдаа амьдарна гэж бодож байсан боловч түүний аав “охин маань өөр нөхөртэй болсон” гэж ярьсан учраас өдий хүргэсэн. С.Төгөлдөр нь миний хүү мөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэ нь хариуцагч Б.Даваанямд холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Н.Сувд-Эрдэнэ, Б.Давааням нар нь 2012 оноос танилцан, үерхэж байгаад тэдний дундаас 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Төгөлдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн № 6728000033 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү С.Төгөлдөр нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Даваанямаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү С.Төгөлдөрийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 266 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Н.Сувд-Эрдэнэд олгож,
Хариуцагч Б.Даваанямаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Төгөлдөрт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Б.Давааням төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү С.Төгөлдөрт сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 99.734 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон