| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/877 |
| Огноо | 2021-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/877
2021 08 02 2021/ШЦТ/887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох 2006 00000 2548 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 263а тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цовогт Аын Н /РД: 0/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Янжмаагийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдсан,
Мөн 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Янжмаагийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоох явцад хохирогч Л.Нямцэрэнгийн зүүн гарын тохой, зүүн гарын сарвуун дээрээс хазаж, мөн А.Нн хөлөөс чирэгдэж гарахдаа хаалганы төмөрт зүүн хөлийн гуяны гадна хэсэгт зүсүүлсний улмаас түүний биед зүүн гуя, зүүн бугалгад шарх, зулгаралт, зүүн тохой, зүүн сарвуунд шарх, баруун бугалга, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-9,13, 28-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Янжмаагийн өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 04:20 цагийн үед унтаж байхад гадаа юм дуугараад байхаар нь нөхрийг хамт гарч харья гэхэд нөхөр араас нүцгэн гарч ирсэн... дэлгүүрийн гадна талаас харахад урд талын хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь хулгайч байж байсан. Нөхөр дэлгүүрийн хөшсөн хаалгаар дотогш орсон... нөхрийн гарыг хазаад миний өөдөөс гарч ирэх гээд байхаар нь би хаалгыг дараад ... дийлэхгүй ... гараад ирэхээр нь цамцнаас нь бариад авахад миний гарыг хазсан. Нөхөр хулгайчийн хөлөөс зүүгдээд гарч ирсэн... дэлгүүрээс эд зүйл алдагдаагүй. Хар өнгийн цүнхэнд хийгээд тавьсан байсан. Авч гарч амжаагүй байна... дэлгүүрээс авсан зүйл үгүй ч хаалгаа эвдэлсэн учир хаалгаа янзлуулах... Би хаалгаа янзлуулсан материалын мөнгө 73.400 төгрөг, хүн хөлсөлж хаалгаа янзлуулсан 120.000 төгрөг, нөхөр бид хоёрын эмчилгээний эмийн мөнгө 24.100 төгрөг нийт 217.500 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хх.16-17, 18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нямцэрэнгийн өгсөн: “ ... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө унтаж байхад эхнэр гадаа юм дуугараад байна, гарч харья гээд гарахад ... дэлгүүрийн хаалгыг гаднаас нь хөшиж онгойлгосон байхаар нь хөшсөн хэсгээр нь ороход нэг хүн байж байхаар нь би араас нь тэврэхэд миний зүүн гарын алганы ар хэсгийг хазахаар нь би тавихад тэр хүн газар хэвтсэн. Би баруун гараараа хувцаснаас нь бариад байж байтал миний баруун гарын тохойноос хэд хэдэн удаа хазаад зугтаад хаалгаар гарах гэж байхаар нь би бариад автал намайг чирээд хаалганы хөшсөн хэсгээр гарсан. Би гарахдаа зүүн гуя, баруун гуяны ар хэсгээр хаалганы хадаасанд урчихсан... миний зүүн гарын тохой, зүүн гарын сарвуун дээрээс хазсан... тэр хаалгаар мөлхөөд гарах гээд зүтгэхээр нь би хөлөөс нь чирэгдэж байгаад хаалгаар гарсан. Гарах үед би хаалганы төмөрт зүүн хөлийн гадна хэсгээ зүсүүлсэн... өөрөөр цохиж зодуулаагүй... тухайн өдөр миний биед шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд үүссэн... миний хохирол төлбөрийг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.22-23, 130/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10295 дугаартай:
“1.Л.Нямцэрэнгийн биед зүүн гуя, зүүн бугалгад шарх, зулгаралт, зүүн тохой, зүүн сарвуунд шарх, баруун бугалга, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо болон ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Нн гэрчээр өгсөн: “... Би өдөр гэртээ байж байхад орой 18 цагийн үед миний найзууд болох Пүрэвээ, Отгоо нар манайд ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад пиво уухаар болж манай 2 найз мөнгө гаргаад гэрийн доод хэсэгт байх Печ хүнсний дэлгүүрээс 2 ширхэг Нийслэл нэртэй 2,5 литрийн хэмжээтэй пиво, 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авч уусан. Тэгээд уугаад юм яриад сууж байгаад 01 цагийн үед дуусгаад бид 3 манай гэрээс гараад би 2 найзыгаа 16-р хороолол руу гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ ирсэн. Ирээд байж байгаад шөнө 03 цагийн үед гэрээсээ гараад манай дээд гудамжинд байдаг дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшөөд доод хэсгийг нь эвдэж онгойлгоод дотогш ороод тамхи, хиам, салат, гоймон, ундаа зэргийг аваад цүнхэндээ хийгээд гарах гэж байтал миний эвдэлсэн хаалгаар дэлгүүрийн эзэн нэг өвгөн орж ирээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би зугтаах гээд гараас нь хазтал тавихгүй байсан. Тэгээд байж байтал дэлгүүрийн эзэн нэг эмгэн намайг хаалганы доод хэсгээр татаад байсан... Тэгээд цагдаа нар ирсэн... гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна.... ” гэх мэдүүлэг /хх.26/,
Хохирлын болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.52-58/,
Шүүгдэгч А.Нн хувийн байдлын талаарх гэрч нарын мэдүүлэг, баримтууд /хх.61-64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Янжмаагийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-9,13, 28-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Янжмаагийн өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 04:20 цагийн үед унтаж байхад гадаа юм дуугараад байхаар нь нөхрийг хамт гарч харья гэхэд нөхөр араас нүцгэн гарч ирсэн... дэлгүүрийн гадна талаас харахад урд талын хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь хулгайч байж байсан... дэлгүүрээс эд зүйл алдагдаагүй. Хар өнгийн цүнхэнд хийгээд тавьсан байсан. Авч гарч амжаагүй байна... ” гэх мэдүүлэг /хх.16-17, 18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нямцэрэнгийн өгсөн: “ ... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө унтаж байхад эхнэр гадаа юм дуугараад байна, гарч харья гээд гарахад ... дэлгүүрийн хаалгыг гаднаас нь хөшиж онгойлгосон байхаар нь хөшсөн хэсгээр нь ороход нэг хүн байж байхаар нь би араас нь тэврэхэд миний зүүн гарын алганы ар хэсгийг хазахаар нь би тавихад тэр хүн газар хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх.22-23,130/ зэрэг,
Мөн А.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Янжмаагийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоох явцад хохирогч Л.Нямцэрэнгийн зүүн гарын тохой, зүүн гарын сарвуун дээрээс хазаж, мөн А.Нн хөлөөс чирэгдэж гарахдаа хаалганы төмөрт зүүн хөлийн гуяны гадна хэсэгт зүсүүлсний улмаас түүний биед зүүн гуя, зүүн бугалгад шарх, зулгаралт, зүүн тохой, зүүн сарвуунд шарх, баруун бугалга, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-9,13, 28-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Янжмаагийн өгсөн: “... нөхрийн гарыг хазаад миний өөдөөс гарч ирэх гээд байхаар нь би хаалгыг дараад ... дийлэхгүй ... гараад ирэхээр нь цамцнаас нь бариад авахад миний гарыг хазсан. Нөхөр хулгайчийн хөлөөс зүүгдээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг/хх.16-17, 18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нямцэрэнгийн өгсөн: “ ... Би баруун гараараа хувцаснаас нь бариад байж байтал миний баруун гарын тохойноос хэд хэдэн удаа хазаад зугтаад хаалгаар гарах гэж байхаар нь би бариад автал намайг чирээд хаалганы хөшсөн хэсгээр гарсан. Би гарахдаа зүүн гуя, баруун гуяны ар хэсгээр хаалганы хадаасанд урчихсан... миний зүүн гарын тохой, зүүн гарын сарвуун дээрээс хазсан... тэр хаалгаар мөлхөөд гарах гээд зүтгэхээр нь би хөлөөс нь чирэгдэж байгаад хаалгаар гарсан. Гарах үед би хаалганы төмөрт зүүн хөлийн гадна хэсгээ зүсүүлсэн... өөрөөр цохиж зодуулаагүй... тухайн өдөр миний биед шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд үүссэн...” гэх мэдүүлэг/хх.22-23, 130/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10295 дугаартай:
“1.Л.Нямцэрэнгийн биед зүүн гуя, зүүн бугалгад шарх, зулгаралт, зүүн тохой, зүүн сарвуунд шарх, баруун бугалга, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо болон ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.35-36/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
А.Нн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт гэмт хэрэгт А.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг, мөн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдах” гэмт хэргийг “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нэвтэрсэн” хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
А.Н нь хохиролд 282.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Л.Нямцэрэн, П.Янжмаа нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Нн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 18 насанд хүрээгүй хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч өсвөр настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн учир хорих ялыг хоёр дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заажээ.
А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.
Мөн А.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Иймд А.Нн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, уг ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй.
А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн лоом нэг ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Цовогт Аын Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах”, “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлахыг завдах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ялын төрөл, хэмжээг 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг өршөөн хасаж, хорих ялыг эдэлсэнд тооцсугай.
6. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 282.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч П.Янжмаа, Л.Нямцэрэн нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн лоом нэг ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР