Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 907

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6 дугаар байрны 22 тоотод оршин суух, Сариг овгийн Улаанхүүгийн Уртнасан/РД:ЗК89040601/-гийн,

Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газарт /РД:9029435/ холбогдох

Ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5325974 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгох тухай гомдлыг 2017 оны 7 сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 8 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ганчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Уртнасан шүүхэд гаргасан гомдолдоо:  Миний бие 2012 оны 7 сарын 06-ны өдөр Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон  2016 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Баянтүмэн сумын Засаг даргаас 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар миний албан тушаалыг бууруулж, мөн сарын 22-ны өдөр ажил хүлээлцсэн. Ингээд уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний гомдлыг 2016 оны 9 сарын 20-ны өдөр хэлэлцээд 1065 тоот шийдвэрээр намайг ажилд минь эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Засаг дарга эс зөвшөөрч гомдол гаргаснаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 40 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 1065 тоот шийдвэрийг хуулийн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд хоёр шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул Баянтүмэн сумын Засаг дарга 2017 оны 01 сарын 09-ний өдөр Б/01 тоот “У.Уртнасанг ажил албан тушаалд нь эгүүлэн авах тухай” захирамж гаргасан боловч энэ захирамжид намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн авах тухай заасан байсан тул миний бие ажилдаа орох боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрээр намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн тогтоосон байтал шүүхийн шийдвэрийг зөрчиж “үүрэг гүйцэтгэгч”-ээр томилж, миний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан. Түүнчлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч  Ц.Идэрзориг нь Засаг даргын Б/01 тоот захирамжид ажил хүлээлцэх комисст ямар хүмүүс орохыг заагаагүй учир хууль бус захирамжаар ажил хүлээлгэж өгөхгүй” гэж хэлсэн учир миний бие Засаг даргын дээрх захирамжийн дагуу ажилдаа орж чадаагүй. Ингээд Засаг дарга П.Гунгаацэрэн нь 2017 оны 01 сарын 30-ны өдөр Б/02 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулснаар миний бие 2017 оны 02 сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авч Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.

У.Уртнасан миний бие тус сумын Засаг даргын 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон учир ажилгүй байсан хугацааны цалинг болон зөрүү цалинг олгож өгнө үү гэх өргөдлийг Засаг даргад хандаж гаргасан боловч  тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх боломжгүй тухай албан бичгээр хариу өгсөн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалин болон бага цалинтай ажил хийсний цалингийн зөрүүгээ нэхэмжилж тус шүүхэд хандаж байна.

Миний бие тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж байх үедээ буюу 2016 оны 5 сард 1384204 төгрөг, 4 сард 1133343 төгрөг, 3 сард 1136343 төгрөгийн цалин авч байсан ба үүнээс нэг сарын дундаж цалин хөлсөө тооцвол 1217964 төгрөг болж байна. Нэг сарын ажлын дундаж өдөр 21,5 өдөр байдаг ба нэг өдрийн ажлын дундаж цалинг тооцвол 56649 төгрөг болж байна.

Миний бие 2016 оны 6 сарын 22-ны өдрөөс эхлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас халагдаад мөн өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзоригтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар багийн их эмчийн албан тушаалд 2016 оны 10 сарын 31-нийг дуустал хугацаанд ажилласан.  Ингээд 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр  ажилласан. Ингээд нийт буцаж ажилдаа эргэн орох хүртэл нийт 7 сар гаран буюу ажлын 158 хоног ажилгүй байсан учраас уг хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 56649 төгрөгөөр үржүүлэн нийт 8950542 төгрөг болж байна. Үүнээс тус төвийн багийн их эмчээр 2016 оны 6 сарын 22-ноос 10 сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллахдаа нийт 3624568 төгрөгийн цалин авсан тул уг цалинг хасч тооцоод 5325974 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин болон цалингийн зөрүүнд нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч У.Уртнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Баянтүмэн сумын Засаг даргын захирамж 2016 оны 6 сарын 17-ны өдөр гарсан боловч мөн сарын 22-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн учраас цалингаа болон ажилгүй байсан хугацаагаа 6 сарын 22-ны өдрөөс тооцсон болно. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарт хариу тайлбар гаргахад 1. Хариуцагч нь нэхэмжлэгч У.Уртнасанг 17 хоног цалингүй чөлөө авсан, 31 хоног шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж 48 хоногийг ажилгүй байсан хугацаанаас хасч тооцжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хянан хэлэлцсэн бөгөөд тус шүүхийн магадлалд хариуцагч тал гомдол гаргаагүй учраас 12 сарын эцсээр хүчин төгөлдөр болсон. Гэтэл У.Уртнасан нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул заавал багийн их эмчийн ажил үүргийг гүйцэтгэх шаардлагагүй гэж үзсэн учраас багийн эмчийн ажлыг хийгээгүй. 17 хоног чөлөөтэй байсан нь мөн ялгаагүй. Иймд дээрх хоногийг ажилгүй байсан хугацаа гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

2. Хариуцагч нь У.Уртнасанг тус төвийн даргаар ажиллаж байхдаа Засаг даргын шийдвэргүйгээр дур мэдэн 2016 оны 5 сард 250861 төгрөгийн илүү цагийн мөнгө өөр дээрээ бичүүлж авсан, мөн 2016 оны 3-5 дугаар саруудад цалингийн 40 хувийн урамшуулал авсан гэж дээрх мөнгийг ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцсон байна. Гэтэл Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар урамшууллын мөнгө авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх бөгөөд сумын Засаг даргын шийдвэр заавал шаардлагагүй. Түүнчлэн нэхэмжлэгч У.Уртнасан дээрх мөнгийг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр дур мэдэн үндэслэлгүйгээр авч завшсан болохыг шалгаж тогтоосон хяналт шалгалтын акт, хуулийн байгууллагын шийдвэр тогтоол гэх мэт ямар нэгэн бичгийн баримт хэрэгт байхгүй байна. Иймд дээрх мөнгийг хасч тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: У.Уртнасан нь сумын Засаг даргын 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар албан тушаал буурч 2017 оны 01 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажилдаа орсон бөгөөд энэ хугацааны цалингийн зөрүүнд 5325974 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч У.Уртнасан нь 2016 оны 3,4,5 саруудад  Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 сарын 26-ны өдрийн А/08 дугаар тушаалаар статистик мэдээллийн ажлаар “А” үнэлгээ авч гурван сарын хугацаагаар цалингийн 40 хувийн урамшуулал авсан байна. Мөн 5 сард илүү цагийн хөлс 250861 төгрөг авсан байна. Гэтэл Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийг томилж, чөлөөлөх, урамшуулах арга хэмжээ авах шийдвэрийг гаргахаар тусгасан. Иймд албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан урамшуулал олгох асуудлаар шийдвэр гаргах бөгөөд дээрх урамшууллыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга олгох эрхгүй тул олгосон уг урамшуулал нь үндэслэлгүй байна. Мөн илүү цагийн хөлсийг ч ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр авсан нь харагдаж байна.

У.Уртнасан нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээнд зааснаар үндсэн цалин 668963 төгрөг дээр Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд зааснаар үндсэн цалингийн 20 хувь буюу 133793 төгрөгийн нэмэгдлийг нэмж нийт 802757 төгрөгийн цалинг сар бүр авдаг. Ингээд У.Уртнасан сүүлийн 3 сард нийт 2408271 төгрөгийн цалин авсан байх ба 3 сарын дундаж ажлын хоногийг 65 хоногоор тооцвол нэг өдрийн цалин нь 37050 төгрөг болж байна. У.Уртнасангийн 6 сарын 22-ноос 11 сарын 07-ны өдрийг хүртэл нийт ажлын 105 хоногийг ажилгүй байсан хугацаа гэж тооцвол нийт 3890250 төгрөгийн цалин авахаас багийн их эмчийн ажлыг хийж байхдаа авсан цалин 3624568 төгрөгийг хасвал 265682 төгрөгийг нэхэмжлэхээр харагдаж байна. У.Уртнасан нь 2016 оны 10 сарын 26, 11 сарын 22-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргад Дундговь аймагт аавыгаа асрах зорилгоор хувийн чөлөө авах өргөдөл гаргасан байх ба өөрийн хүсэлтээр ажиллаагүй болох нь уг өргөдлөөр харагдаж байхаас гадна 2016 оны 12 сар, 2017 оны 01 саруудад шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь ирц бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг болон түүний өмгөөлөгч Т.Энхболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа У.Уртнасангийн цалинг тооцохдоо нэг өдрийн цалингийн дундажийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад дурдсан зарим заалтын дагуу тооцоогүй байсан тул зөвтгөн бодож, нэмэлт тайлбарыг гаргаж байна. У.Уртнасангийн нэхэмжилсэн 5325974 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй байна.

Дээрх 55 дугаар тушаалд заасны дагуу У.Уртнасангийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 3 сарын нийт цалин 3653890 төгрөг ба үүнээс хоолны үнийн хөнгөлөлт 192000 төгрөгийг хасахад 3461890 төгрөг болж байна. Дээрх 3461890 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцвол /3461890:3/ 1153963 төгрөг гарч байна. Нэг сарын ажлын дундаж өдөр 21,5 өдөр ба нэг өдрийн дундаж цалинг тооцвол /1153963:21,5/ 53673 төгрөг гарч байна.

2. У.Уртнасан нь 2016.06.22-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн албан тушаалаас буурч, багийн их эмчийн ажил хийж байгаад буцаж хуучин ажилдаа орох хүртэл нийт 153 хоног ажиллах байсан бөгөөд энэ хугацаанд тэрээр 17 хоногийн цалингүй чөлөө авсан, мөн 31 хоног ажил тасалж 48 хоног ажиллаагүй байна. Иймд ажлын 153 хоногоос дээрх 48 хоногийг хасч тооцоход ажлын 105 хоног гарч байна. Энэ 105 хоногийг нэг өдрийн цалин болох 53673 төгрөгөөр үржүүлбэл /53673х105/ нийт 5635665 төгрөг гарч байна. У.Уртнасан нь албан тушаал буурч багийн их эмчээр 2016.06.22-ноос 2016.11.07-ны өдрийг хүртэл ажиллахдаа нийт 3624538 төгрөгийн цалин авсан байдаг ба уг мөнгийн нийт цалин 5635665 төгрөгөөс хасч тооцвол /5636665-3624538/ 2011127 төгрөг болж байна.

3. У.Уртнасан нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016.02.26-ны өдрийн А/08 тоот тушаалаар статистик мэдээллийн ажлаар “А” үнэлгээ авч 3 сарын 40 хувиар урамшуулал авчээ. Уг урамшууллыг авахдаа Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.4.1, 16 дугаар зүйлийн 16.2.3, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.2, Баянтүмэн сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хамтын ажиллагааны гурвалсан гэрээний 2.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж сумын Засаг даргын захирамжгүйгээр урамшууллын 802758 төгрөг, илүү цагийн 250861 төгрөг нийт 1053619 төгрөгийг өөртөө үндэслэлгүйгээр авсан байна. Иймд уг мөнгийг цалингийн зөрүү болох 2011127 төгрөгөөс хасч тооцоход 957508 төгрөг гарч байна. Иймд хариуцагчийн хувьд У.Уртнасанд ажилгүй байсан хугацааны цалин болон зөрүүнд 957508 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэгдэл 4368466 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч У.Уртнасан нь хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5325974 төгрөгийг гаргуулах,  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдлыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх  маргаанд хамаарагдахаас гадна мөн хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдахгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно. 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэгч У.Уртнасан нь 2012 оны 7 сарын 06-ны өдрөөс Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга буюу эрхлэгч их эмчийн ажилд томилогдон 2016 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж, улмаар тус сумын Засаг даргын 2016 сарын 17-ны өдрийн Б/11 тоот захиармжаар албан тушаал буурч тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар багийн их эмчээр 2016 оны 6 сарын 22-ны өдрөөс мөн оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл ажиллажээ.

Ажил олгогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар нэхэмжлэгч У.Уртнасанг эрхэлж байсан албан тушаалаас нь бууруулсан байх ба У.Уртнасангийн гомдлын дагуу Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 20-ны өдрийн №1065 дугаартай шийдвэрээр сумын Засаг даргын Б/11 захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг дүгнэж У.Уртнасанг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд нь эгүүлэн тогтоожээ. Улмаар Баянтүмэн сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлын дагуу Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн №40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн №1065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч буюу Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас ажлаас буруу халагдсан ажилтан ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг Засаг даргын ажлын алба болох түүний Тамгын газраас нэхэмжилсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан “...хөдөлмөрийн хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан эрх тэгш байдлыг хангах” зарчимтай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажлаас буруу халсан болох нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны олговор болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг нэхэмжилснийг хариуцагч нь уг олговрын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх боловч зарим хэсгийг нь “шалтгаангүйгээр ажил тасалсан, өөрийн хүсэлтээр чөлөө авсан, үндэслэлгүйгээр илүү цагийн хөлс болон урамшуулал авсан тул төлөхгүй” гэх үндэслэлээр маргажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч У.Уртнасанг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн №1065 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн №40 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байтал ажил олгогч буюу Баянтүмэн сумын Засаг дарга нь 2017 оны 01 сарын 09-ний өдрийг хүртэл  нэхэмжлэгч У.Уртнасанг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд нийцээгүй байна.

Улмаар 2017 оны 01 сарын 09-ний  өдөр №Б/01 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч У.Уртнасанг сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон боловч тус төвийн үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзориг нь “ажил хүлээлцэх ажлын хэсгийг уг захирамжаар томилоогүй” гэх шалтгаанаар У.Уртнасанд ажлыг нь хүлээлгэж өгөөгүй байхаас гадна сумын Засаг дарга 2017 оны 01 сарын 30-ны өдөр №Б/02 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсгийг байгуулснаар нэхэмжлэгч У.Уртнасан нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авчээ.

Нэхэмжлэгч У.Уртнасанг албан тушаалд нь томилсон Засаг даргын захирамж 2017 оны 01 сарын 09-ний өдөр гарсан боловч, тэрээр 2017 оны 02 сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авсан талаар талууд маргаагүй байна.  

Иймд дээрх үндэслэлээр ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга П.Гунгаацэрэн нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан болох У.Уртнасанг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байтал 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн авч, ажлыг нь хүлээлгэн өгөх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажлаас үндэслэлгүй халсны үр дагавар болох ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг тооцож нэхэмжлэгч У.Уртнасанд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа нэхэмжлэгч У.Уртнасанд ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг олгох талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн олговроос зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь өөрийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо нэг өдрийн дундаж цалингаа  56649 төгрөг гэж үзэн, ажилгүй байсан хугацааг 2016 оны 06 сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 158 хоногоор тооцон 8950542 төгрөг нэхэмжлэхээс 2016 оны 06 сарын 22-ны өдрөөс мөн оны 10 сарын 31-нийг дуусталх хугацаанд багийн их эмчийн ажлыг эрхэлж байхдаа авсан цалин болох 3624568 төгрөгийг дээрх нийт цалингаас хасч, нийт олговорт 5325974 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч У.Уртнасанд олгох дээрх олговрыг тодорхойлохдоо түүний нэг өдрийн дундаж цалинг 53673 төгрөг гэж үзэн, ажилгүй байсан хугацааг 2016 оны 6 сарын 22-ны өдрөөс мөн оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл 105 хоногоор /цалингүй чөлөө авсан 17 хоног болон шалтгаангүй ажил тасалсан 31 хоногийг хассан/ тооцон 5635665 төгрөг нэхэмжлэхээс, түүний багийн их эмчээр ажиллаж байхдаа авч байсан 3624538 төгрөгийг хасч нийт олговорт 2011127 төгрөг нэхэмжлэх ёстой, Үүнээс У.Уртнасангийн сумын Засаг даргын захирамж шийдвэргүйгээр үндэслэлгүйгээр авсан илүү цагийн хөлс болон урамшуулалд авсан 1053619 төгрөгийг хасч 957508 төгрөгийг төлнө, үлдэгдэл 4368466 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн У.Уртнасангийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2016 онд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны 4 сард 1070343 /хоолны 63000 төгрөгийг хассан/ төгрөг, мөн оны 5 сард 1321204 /хоолны 63000 төгрөгийг хассан/ төгрөг, 6 сард 573397 /хоолны 45000 төгрөгийг хассан/ төгрөг буюу нийт 2964944 төгрөгийн цалин авч, мөн оны 4 сард ажлын 21 хоног, 5 сард ажлын 22 хоног, 6 сард ажлын 15 хоног тус тус ажилласан байх бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй байх тул тухайн хугацаанд буюу сүүлийн 3 сард авсан цалин хөлсний нийлбэр дүн болох 2964944 төгрөгийг нэхэмжлэгчийн жинхэнэ ажилласан хоног болох нийт 58 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг 51120 /2964944:58/ төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн түүнийг ажил албан тушаалаа хүлээж авсан өдөр болох 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тоолбол нийт 154 хоног байх ба ажилгүй байсан хугацааны олговорт 7872480 төгрөг /154хоног х 51120/ гарч байна. Үүнээс нэхэмжлэгч У.Уртнасангийн 2016 оны 6 сарын 22-ны өдрөөс мөн оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл сумын Эрүүл мэндийн төвийн багийн их эмчээр ажиллаж байхдаа авсан цалин болох 3597538 төгрөг/хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар/-ийг хасч тооцон ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт 4274942 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1051032 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 4274942 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгох нь зүйтэй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “У.Уртнасан нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 5 сард илүү цагийн хөлсөнд 250861 төгрөг, 2016 оны 3-5 саруудад 802758 төгрөгийн урамшуулал тус тус үндэслэлгүйгээр авсан байна. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хууль болон сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд байгуулагдсан гэрээгээр сумын Засаг дарга томилсон албан тушаалтныг шагнах урамшуулах, илүү цагийн хөлс олгохыг захирамжаараа шийдвэрлэдэг. Гэтэл сумын Засаг даргын захирамжгүйгээр илүү цагийн хөлс авсан, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга урамшуулал олгох эрхгүй байхад газрын даргын тушаалаар гурван сарын урамшуулал авсан нь үндэслэлгүй байх тул илүү цагийн хөлс, урамшууллыг хасч тооцсон. Түүнчлэн У.Уртнасан нь багийн их эмчээр ажиллаж байхдаа 17 хоног цалингүй чөлөө авсан нь өөрийн хүсэлтээр ажиллаагүй гэж үзнэ, мөн 2016 оны 12 сараас 2017 оны 1 сард нийт 31 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан нь ажилчдын ирц бүртгэлээр нотлогдож байгаа учраас дээрх 48 хоногийг ажилгүй байсан гэж үзэхгүй” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар У.Уртнасан нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 5 сард илүү цагийн хөлс 250861 төгрөг, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2016 оны 02 сарын 18-ны өдрийн №А/08 тоот тушаалаар 2015 оны Статистик мэдээллийн ажлаар “А” үнэлгээ авч үндсэн цалингийн 40 хувийн урамшууллыг мөн оны 3-5 саруудад тус тус авсан байх бөгөөд түүнийг дээрх илүү цагийн хөлс болон урамшууллыг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр дур мэдэн, үндэслэлгүй авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын акт, аудитын дүгнэлт, хуулийн байгууллагын шийдвэр гэх мэт бичгийн баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй ба энэ талаараа шүүхэд нотолж чадаагүй байна.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтаар У.Уртнасан нь 2016 оны 11 сард 17 хоногийн цалингүй чөлөө авсан, мөн 2016 оны 12 сар болон 2017 оны 01 саруудад сумын Эрүүл мэндийн төвийн 3 дугаар багийн их эмчийн ажил үүргийг гүйцэтгээгүй байх ба улмаар түүнийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзориг 2017 оны 01 сарын 02-ны өдөр №Б/02 тоот тушаалаараа У.Уртнасантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.   

Гэвч нэхэмжлэгч У.Уртнасангийн  чөлөөтэй байсан, шалтгаангүй ажил тасалсан зэрэг нөхцөл байдлыг түүнийг сайн дураараа ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Г.Уртнасанг ажлаас нь үндэслэлгүйгээр халж, өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоож, сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон атал сумын Засаг дарга дээрх үүргээ биелүүлээгүй нь түүнийг сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмчийн ажлыг гүйцэтгэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх тул түүнийг чөлөөтэй байсан, ажил тасалсан хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгууллагын ирц бүртгэл гэх хоёр хуудас баримтыг шүүхэд бичгийн баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтын он сар өдөр, нэхэмжлэгчийн овог нэрийг бичихдээ өмнөх бичсэн бичвэрийг баллаж дээрээс нь давхарлаж бичсэн, мөн нотариатаар баталгаажуулаагүй зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх дээрх баримтуудыг болон хариуцагчийн шүүхэд давхардуулан гаргаж өгсөн баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу дээрх гомдлыг шүүхэд гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100166 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 83349 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт 4274942 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Уртнасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1051032 /нэг сая тавин нэгэн мянга гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч У.Уртнасанд олгох 4274942 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100166 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч У.Уртнасанд олгож, хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 83349 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН