Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 627

 

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймаг, Сагил сумын х баг, х тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар:х, Х овогт М-ийн С-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймаг, Түргэн сумынх багт оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар:х, Б овогт Р-ийн Г-д холбогдох,

      Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 онд Р.Г-тай танилцаж гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас охин Г.Х төрсөн. Бид 2013 оноос 2016 оны 2 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Тэрээр салснаас хойш охин бид хоёрыг эргэж тойрох нь эрс багассан. Одоо охин маань 3 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй. Иймд  охин Г.Х-ийн төрсөн эцэг Р.Г-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Р.Г-тай цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй” гэжээ.  

    Хариуцагч Р.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би М.С-тай гэр бүлийн харилцаатай болж охин Г.Х төрсний дараа 2015 онд хурим хийж гэрлэлтээ батлуулж чадахгүйгээр хамтран амьдарч байсан бөгөөд С.С нь хамтран амьдрагчаар бүртгүүлсэн гэж хэлж байсан. Бид хоёр хамт амьдрах хугацаанд 8 ханатай шинэ гэрт амьдарч байсан боловч миний эхнэр аавынхаа үлдээсэн модон байшинд амьдрах сонирхолтой байсан учраас энэхүү сонирхлын зөрчлөөс үүдэж хоорондоо маргалдаж тусдаа амьдарсан. Миний хувьд тухайн байшинд амьдрахад биеийн байдал муудаж өвчин эргүүлээд байсан тул ламд үзүүлэхэд Сагил суманд амьдрах тохиромжгүй гэсэн тул тусдаа амьдраад одоо биеийн байдал сайжирч байна. М.С бид хоёрын дундаас гарсан охин Г.Х-ийг өнчрүүлж эцэггүй өсгөхийг хүсэхгүй байна. Гэхдээ М.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Охиндоо өгөх ёстой зүйлийг нь өгнө. Цаашдаа эхнэр, хүүхэдтэйгээ эвлэрч хамт амьдрах байх гэж бодож байна” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Р.Г-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд хэдийгээр М.С, хариуцагч Р.Г нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч тэдний дундаас охин Г-ийн Х төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

     Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т заасны дагуу охин Б овогт Г-ийн Х-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Р.Г-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 28.288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.С-д олгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар Б овогт Г-ийн Х-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Р.Г-р тэжээн тэтгүүлсүгэй. 

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 28.288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.С-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР