Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ү.Ц, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ү-ийн Цид холбогдох эрүүгийн 2117000000100 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ү-ийн Ц /РД:ЕУ70042819/, Хэнтий аймгийн Галшар суманд 1970 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы 1-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ү.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхор 6 дугаар гудамжны 1 тоотод байх хашаан дотор 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Гийг тамхины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохих, газарт унасан байхад нь бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ү.Ц нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 6 дугаар гудамжны 1 тоотод байх хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Гийг тамхины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь хоёр удаа цохих, газарт унасан байхад нь бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ү.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хогийн цэг рүү явж зэс, хөнгөн цагаан түүж тушаагаад 0.75 Хараа нэртэй архи аваад замын баруун талд гарч ганцаараа уугаад гэр рүүгээ явж байх замд эхнэр таарахад манай эхнэр бас согтуу байсан. Би эхнэрээсээ тамхины мөнгө байвал өгчих гэхэд өгөөгүй. Тэр үед манай эхнэр ч уурласан би бас уурласан байсан. Би эхнэрээ хоёр цохиод гэртээ очоод байж байтал цагдаагийн албан хаагч намайг хэлтэс рүү аваад явсан. Би эхнэртэйгээ 31-н жил хамт амьдарсан. Манай эхнэр өмнөх гэрлэлтийн баталгаагаа салгаагүй учир бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Би тэр үед өөрийгөө удирдан жолоодох чадвар тун муу байсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Өмнө нь би эхнэрээ зодож байгаагүй. Би саяхан архины эмчилгээнд яваад ирсэн. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байтал нөхөр Ц 22 цагийн үед согтуу орж ирэхэд би ганцаараа байсан. Ц гэрээс гарсныхаа дараа надаас мөнгө нэхээд байхаар нь би түүнд мөнгө өгөөгүй. Дүүгээ үнэхээр дуудсан юм байх гэж бодоод дүүгийнхээ хашаанд ороход Ц намайг дагаад явж байсан. Гэтэл Ц чи надад тамхины мөнгө өг гэж хэлээд миний зүүн нүд рүү баруун гараараа маш хүчтэй цохиод дахиад баруун хацар руу гараараа нэг удаа цохиход би доошоо суусан. Тэгэхэд баруун хавирга, баруун гар, баруун түнх орчимд хөлөөрөө өшиглөөд байсан. Яг хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна, би толгойгоо дараад доошоо суусан байсан. Тэр намайг зодож байгаад зүүн мөр орчмоос татаж дээш нь босгохоор нь би гарыг нь тавиулаад зугтаагаад ээжийндээ очиж болсон асудлын талаар хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хажууд хэн ч байгаагүй. Зодох болсон шалтгаан нь тамхины мөнгө өгөөгүй гэсэн. Би тэрний өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй, түүнийг зодож цохисон зүйл байхгүй. Миний биед учирсан гэтлүүдийг Ц учруулсан. Түүнд зодуулахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Би нөхөртэйгөө ханилаад 30 гаран жил болж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/

 

1.3. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цаг 30 минутын үед гэртээ унтахаар хэвтэж байтал манай хаалгыг нэг хүн нүдэхээр нь гараад очиход охин Г ирсэн байсан. Г надад манай нөхөр Ц намайг зодчихлоо гэхээр нь би гэртээ оруулаад гэрэлд хартал түүний зүүн нүд нь хөхрөөд хавдсан байсан. Тэгээд би Гийг гэртээ оруулж хэвтүүлээд цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд яг дэргэд нь байгаагүй болохоор юунаас болж маргалдсан, хэн хэнийгээ зодсон талаар мэдэх зүйл байхгүй. Ц,  нар нь ажил төрөл хийдэггүй, амьдрал ахуйн хувьд хэцүү, байнгын хамт нийлж архи уудаг. Тэр хоёр ханилаад удаж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/

 

1.4. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаар дүгнэлтэд: Д.Гийн биед зүүн нүдний зовхинд, баруун хацарт, баруун 2, 3 дугаар хавирганы орчимд, баруун бугалганд, зүүн эгмийн орчимд, зүүн хацарт, зүүн эрүүнд, баруун түнх орчимд цус хуралт, баруун хөхний орчимд, хүзүүнд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 10 дугаар сарын 12-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, зүүн хацар, эрүүний цус хуралт, баруун хөлийн түнх орчмын цус хуралт гэмтлүүд нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжинд баруун 2, 3 дугаар хавирга орчмын цус хуралт, зүүн эгэм орчмын цус хуралт, баруун бугалганы цус хуралт, баруун хөхний орчимд зулгаралт, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22 хуудас/

 

1.5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 2-5 хуудас/

 

1.6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /х.х-ийн 27-29, 31-35 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ү.Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ү.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ү.Ц нь архидан согтуурч өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ хохирогч Д.Гийг тамхины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар бие махбодид нь олон удаагийн үйлдлээр халдаж зодсон нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч Ү.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Ү.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Зүүн нүд хөхөрсөн, баруун хацар хавдсан байна. Өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/

 

2.2. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ц нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Ц нь даруу төлөв зантай сайн хүн. Архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

 

2.3. Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ц нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Ц нь даруу төлөв зантай, сайхан сэтгэлтэй, шударга, тусч, олон таван үггүй хүн. Ц нь ер нь архи уухгүй л бол сайн хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 53 хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /х.х-ийн 47, 52 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ү.Цийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Прокуророос шүүгдэгчийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ү.Ц нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ү.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ү-ийн Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Цийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Цид оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Цид шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ү.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА