| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00457/И |
| Дугаар | 655 |
| Огноо | 2017-10-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 655
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын х тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар:х, Ц овогт С-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын х тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар:х, Т овогт М-ын Б-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.О миний бие Улаанбаатар хотын Багануур дүүргийн эмнэлэгт х төрсөн. 2010 онд М.Б-тай танилцан х өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү Б.Б-ийг х өдөр төрүүлсэн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 6 дугаар сараас салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсч торниж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд салах хүсэлтэй байна. Учир нь хамт амьдрах 6 жилийн хугацаанд М.Б нь архи хэтрүүлэн уудаг, архи уусан үедээ намайг утсаар ярьж дуудаж авахгүй л бол ирдэггүй, архи уусны маргааш нь заавал ажлаа тасалдаг. Тэр хэмжээгээрээ цалин мөнгө хасагдаж тартагхан амьдардаг, зүгээр гэр орондоо ирээд унтахгүй хэрүүл маргаан үүсгэж намайг зоддог байсан. Би тэр бүрт аав, ээж, дүү нар болон цагдаа сэргийлэх гэж явдаггүй нууж хаагаал өнгөрүүлдэг, хааяа тэсэхгүй үедээ ээж дүүдээ хэлдэг байсан. Гэр орондоо хань, үр хүүхэддээ цаг гаргадаггүй гэртээ ирчихээд хувцсаа сольж өмсөөд гараад явчихдаг. Хаашаа явж байгааг нь асуухаар “Зээл төлүүлэх ажилтай, аавынд очих ажил байна, эдийн засагчийн төрсөн өдөр, хүнтэй уулзах ажил байна, машинаа янзлах гэж Чандмань явлаа” гээд л гараад явдаг надтай ямар нэгэн байдлаар амьдрал ахуй болон нарийн юмаа ярилцахгүй өөрөө ганцаараа шийдвэрийг гаргадаг, их дотуур тамиртай хүн. Хүү бид хоёрыг хүн байна гэж огт тоодоггүй, гадуур гарч хоолонд орох, агаар салхинд авч явах гэх мэт ямарч санал санаачлага гаргадаггүй. Тэгчихээд өөр хүмүүстэй болохоор цаг гаргаад шөнө оройгоо ялгахгүй гадуур явдаг хүн, утасдаж дуудахгүй л бол гэртээ ирэхгүй явна. Өөрөө санаачлаад хүүдээ юм авч өгч дутуу юу байна энэ тэр гэж асуудаггүй тийм хүйтэн хатуу сэтгэлтэй хүн юм. Гэсэн ч би ганц хүүгээ юугаар ч дутаахгүй иднэ, өмсөнө, авна гэсэн тоглоомыг нь авч өгдөг. Би ганц хүүгээсээ юу ч харамлахгүй зориулсаар л явна. Цаашид ч би бүх хайраа хүүдээ шингээж өсгөх болно. 2016 оны 6 дугаар сард би Улаанбаатар хотод мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад орчихоод гэртээ ирэхэд хаалга онгойхгүй, түлхүүр таарахгүй байсан. Тэгээд М.Б-тай утсаар холбогдоход “Би хаалганы цоожоо сольчихсон, чамайг гэртээ оруулахгүй гэж хэлээд” утсаа тасалсан. Тэгээд би өөрийн аавын гэрт очиж амьдарсан. Намайг гэр орноос минь хөөж явуулах эрх түүнд байхгүй, албан ёсоор гэр бүл болж монгол улсад нэг өрх гэр нэмж нэг сайхан хүүгийн төрүүлж өгсөн намайг цүнхтэй хувцастай минь гудамжид гаргаж байхад би хамт амьдрах гэж зүтгэх шаардлагагүй. Ийм арчаагүй хүүгээ гэх сэтгэлгүй хүнд би хүүгээ даатгаж чадахгүй. Эх миний бие хүү Б.Б-ийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Дахиж хүнтэй сууж гэр бүл зохиох бодол огт алга байна. Ганц хүүгийнхээ төлөө зүтгэж бүх зүйлээ, бүх хайраа зөвхөн хүүдээ шингээж өсгөж хүмүүжүүлье гэж бодож шийдсэн. Эр хүн эцэг хүн миний хүү бид хоёрт нэг л байхад хангалттай. Хүү бид хоёрын сэтгэлийн энэ их шархыг юугаар ч эдгээж чадахгүй. Би дахиж М.Б-т итгэж чадахгүй, цаашид гэр бүл гэсэн энэ хуурамч амьдралыг үргэжлүүлэх хүсэл алга байна. Би хүүгээ болон өөрийгөө бодож М.Б-иас салах хүсэлтэй байна. Би аавынхаа хашаанд 8 ханатай гэр барьж тохижууулаад хүүтэйгээ цуг амьдарч байгаа. Архи ууж, үр хүүхэддээ агсам тавьж байгаагүй. Иймд М.Б-с гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Б-ийг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.Б нь С.О-тай 2010 онд гэр бүл болж амьдарсан. Би С.О-ийн хэлсэн шиг архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд эхнэртээ нэг ч удаа гар хүрч үзээгүй. Надад хүнд гар хүрэх, зодох, цохих тийм хүмүүжил байхгүй. Харин эхнэр маань их архи уудаг, ажлаасаа оройтож ирдэг, согтуу үедээ намайг зодож, цохидог байсан. Би амьдралаа алдахгүйг хичээдэг байсан. Ард түмэнд гэр бүл болсноо зарлаж аав ээж, ах дүү, төрөл садан, найз нөхөд, албан байгууллага, хамт олноо урьж хурим найраа хийж цаашид сайхан амьдрах хувь заяагаа нэгтгэж ерөөлөө аваад амьдарна гэчихээд сална гэвэл тэр хүмүүсийн итгэлийг алдан цаашид яаж амьдрах вэ гэдэг ямар нэгэн итгэл үнэмшил надад төрдөггүй ичгэвтэр эвгүй санагддаг. Үр хүүхдээ өнчрүүлж, хүүхдийнхээ ирээдүйн амьдрал хувь заяаны замд өнчин өрөөсөн саад бэрхшээлтэй болгож, сэтгэлийн гуниг зовлонтой болгож энэ байдлууд нь зан араншинг нь өөрчлөлтөд оруулж ямар хүн болж төлөвших вэ гэдэг ирээдүйг би их харж төсөөлж дүгнэдэг. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Учир нь ээж нь муу үлгэр дууриалалтай, хүмүүжилд нь муугаар нөлөөлж байна. С.О нь архи ууж явахдаа хүүхэд дагуулж явдаг бөгөөд архи уусан үедээ машин барьж яваад олон удаа /3 удаа/ жолооны эрхээ хасуулж байсан, эрүүлжүүлэхэд хонож байсан. Аавынхаа гэрт агсам согтуу тавьж цагдаагийн байгууллагад очиж байсан зэрэг баримтууд байгаа. Мөн буудалд хүнтэй хамт хонохдоо хүүхдээ дагуулж хонодог тохиолдлууд гарч байсан. Тамхи татдаг, элдэв хараалын үг хэллэг байнга хэрэглэдэг, хүүхэд амьдрах орчин нөхцөл муу, өөрийн гэсэн гэр орон байхгүй. Мөн хүүхдийн цэцэрлэг таслуулдаг. Хүүг маань надтай уулзуулдаггүй. Иймд би хүүхдийнхээ ирээдүйг бодож өөртөө авч өсгөн хүмүүжүүлнэ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч М.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч М.Б нь “Би хүү Б.Б-ийг өөрийн асрамжид авмаар байна. С.О нь хүүг маань надтай уулзуулдаггүй. Тамхи татдаг, элдэв хараалын үг хэллэг байнга хэрэглэдэг, хүүхэд амьдрах орчин нөхцөл муу, өөрийн гэсэн гэр орон байхгүй. Иймд би хүүхдийнхээ ирээдүйг бодож өөртөө авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна” хэмээн маргаж байна.
С.О нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэн С.О, М.Б нар х өдөр гэр бүл болж, х өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас хүү Б.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.О нь 8 ханатай гэрт хүүтэйгээ амьдарч байгаа, х сургуульд х ажилтай, сарын 800.000 төгрөгийн цалинтай болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон х сургуулиас 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрүүдэд ирүүлсэн тодорхойлолтоор, хариуцагч М.Б нь х тоотод 61.81 мв 2 өрөө орон сууцтай, х ажилтай, сарын 1.050.000 төгрөгийн цалинтай болох нь №000234299 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон х захирал Х.Б-ийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд хүү Б.Б нь эцэг, эхийнхээ хэнийх нь ч асрамжид байх боломжтой байгаа боловч хүүхдийн нас болон дассан орчныг харгалзан хүү Б.Б-ийг эх С.О-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Б-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Б-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн фото зургууд, хариуцагчийн гаргаж ирүүлсэн СD-д бичигдсэн бичлэгүүд болон фото зургууд нь хэн, хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус, х сургуулийн захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтууд нь нотариатаар батлуулаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч М.Б-с улсын тэмдэгтийн хураамж 98.481 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М-ын Б, Сийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар гэрлэгчдийн х өдөр төрсөн хүү Б.Б-г эх С.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Б-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн төлсөн 98.481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-с 98.481 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР