| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00071/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, улсын яллагч Н.Бадам, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намсрай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сайван овогт *******д холбогдох эрүүгийн 1733000510033 тоот хэргийг 2017 оны 11-р сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00-р сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон, 3-р баг, хөдөө оршин суух хаягтай, Сайван овогт ******* /РД: *******. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 09-р сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Ширээ нуруу гэх газарт иргэн *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: 2017 оны 09-р сарын 18- ны өдрийн 921 дугаартай Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /ххийн 5 дугаар хуудас/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 14, 15 дугаар хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ зэргийг, Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: 2017 оны 09-р сарын 18-ны өдрийн 921 дугаартай Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирол төлбөр барагдуулсан талаарх баримт зэргийг тус тус шинжлэн хэлэлцүүлэв. Шүүгдэгч ******* нь 2017 оны 09-р сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Ширээ нуруу гэх газарт иргэн *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 1. Мөрдөн байцаалтад хохирогч *******ийн өгсөн “...2017 оны 09-р сарын 03-ны өдөр байсан. Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн Ширээ нуруу гэх газарт хөдөө мал дээр байж байсан юм. Тэр өдөр манай гэрт хүн ирчихсэн байсан. Тэгсэн үдээс хойш байсан хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна. Би гэрийн гадаа юм угаагаад байж байтал Хүрэлсүх гээд манай нөхрийн эгчийнх нь нөхөр манай гэрт өөрийнхөө мотоциклийг барьчихсан ганцаараа ирсэн. Тэгээд би гэрт сууж байсан чинь Төвшөө эгч надаас утас аваад гэрээс гарах гээд байж байсан чинь Хүрэлсүх гэрийн хаалгаар толгойгоо цухуйлгачихаад орох уу орж болох уу гээд зөндөө асуусан. Тэгэхээр нь би ор ор гэсэн боловч орохгүй асуугаад байсан. Тэгэхээр нь би орох уу гэж толгойгоо оруулчихаад орооч гэсэн 2 чинь чимээгүй ороод гэрийн хойморт гараад суучихсан. Харин Төвшөө эгч зөрөөд гараад явсан. Тэгээд би цай хийж өгөх гээд аяга арчаад байж байтал Хүрэлсүх чи надтай арай ч ингэж харьцах болоогүй шүү гэхээр нь би яаж харьцчихаа вэ гэсэн чинь би чамайг Тариатад янхан байхад чинь би энд авчирсан биз дээ чиний тэр аав чинь гэж Зэвэгээ гэж хүн байсан байхаа гээд амандаа доромжилж байснаа манай гэр дотор шүлсээ хаяахаар нь намайг янхан байхыг чи харсан юм уу миний үхсэн аавын ясыг өндөлзүүлээд байгаарай чи гэрээс гар зайл гээд босгох гээд хувцаснаас нь татсан чинь Хүрэлсүх чи намайг хөөдөг хэн бэ янхан чинь гэснээ босч ирээд миний толгойны баруун хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь миний толгой эргээд шуугиад хойшоо тэнцвэр алдаад алхсан. Тэгсэн гичий янхан гээд дуудаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад гайгүй болсон чинь миний хамраас цус гарчихсан байсан. Тэгсэн гаднаас манай нөхөр орж ирээд Хүрэлсүхийг гэрээс аваад гарч явсан. Тэгээд гэрт нилээн байж байгаад хамартаа нойлын цаас хийгээд байж байтал Хүрэлсүх гэрийн гаднаас гичий минь янхан банзал минь гээд орилоод байхаар нь би гэрээс гараад яваад очсон чинь манай нөхөр наад хамраас чинь цус гараад байна орж цэвэрлэ гээд намайг буцаагаад гэр лүү авч ороод нойлын цаас авч өгсөн. Харин Хүрэлсүх мотоциклио асаагаад хөдлөхдөө намайг элдвээр хэлж байгаад яваад өгсөн... Хүрэлсүх нилээн согтуу байсан. Дархан-Уул аймгаас архи авчраад уусан гэсэн... Манай нөхөр ах дүүстэйгээ хэрэлдэж маргалдахаар чамаас боллоо гээд Хүрэлсүхийн эхнэр над руу дайрч давшлаад намайг зодож байсан удаа байгаа. Тэгэхээр нь өс хонзонгийн асуудал байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, 2. Мөрдөн байцаалтад гэрч *******гийн өгсөн “...Би *******тэй хамт гал дээр нь хоол хийгээд байж байтал хүргэн ах нь гэх нэг согтуу залуу орж ирсэн. Тэгснээ *******ийг элдвээр харааж Тариатын аманд янхан байхад чинь чамайг энд авч ирсэн биздээ гээд доромжлоод байсан чинь ******* хэрэлдсэн. Тэгсэн чинь хүргэн нь гэх залуу босч ирээд *******ийг түлхсэн үү, цохисон уу мэдэхгүй, ор луу нь унагачихсан. Тэгтэл гаднаас нөхөр Отгоо нь орж ирээд хүргэн ээ аваад гараад явсан. ******* босч ирэхэд хамраас нь цус гарчихсан, гэдэс өвдөөд байна гэж байсан. Нөгөө хүргэн ах нь орилоод доромжлоод байсан... Гэрийн гаднаас ороод ирсэн чинь *******ийг ор луу унагаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би болиоч гэж байхад нөхөр нь орж ирээд аваад гарсан. Хэрэг болох үед *******, Хүрэлсүх, бид гурав байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, 3. Мөрдөн байцаалтад гэрч *******ын өгсөн “...2017 оны 09-р сарын 03-ны өдөр байсан юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Ширээ нурууны урд хавь руу манайх намаржиж байгаа юм. Тэгсэн манай гэрт хүмүүс ирчихсэн. Би хонь гаргаад хорхог хийх гээд чулуу халаагаад байж байтал манай хүргэн ах Хүрэлсүх манай гэрийн гадаа ирэхээр нь би нааш ир та гэж хэлсэн чинь ирэлгүй манай гэрт яваад орчихсон. Тэгээд би нээх удалгүй гэр лүү яваад орсон чинь Хүрэлсүх ах манай эхнэр *******тэй хэрэлдчихсэн гэрийн хойморт сууж байсан. Харин манай эхнэр гэрийн зүүн талд зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод хэрэлдээд байгаа юм хэрүүл хийхээ боль гээд Хүрэлсүх ахыг аваад гэрээс гараад мотоцикль дээр нь очоод юм яриад байж байтал манай эхнэр гэрээс гарч ирэхээр нь хамраас нь цус гарчихсан байж байхаар нь би буцаагаад гэрт авч ороод нойлын цаас авч өгсөн... Намайг гэрт ороход хоорондоо хэрэлдэж байсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Хүрэлсүх ах манай эхнэр *******ийг цохиж байхыг би хараагүй. Намайг гэр ороход нэг нь гэрийн зүүн талд нөгөө нь гэрийн баруун талд суучихсан хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, 4. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09-р сарын 18-ны өдрийн №921 тоот дүгнэлтийн “...1. *******ийн биед умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3 үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх хэсэг /хх-ийн 5-р хуудас/, 5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн “...Хонь усалж яваад ******* очсон. Намайг очиход найз нөхөд нь ирчихсэн гэрийнхээ зүүн талаар байцгааж байсан. Би тэр хүмүүсийг байхад гэрт нь яваад орсноос ийм хэрэг гарсан байх. Намайг ороход манай бэр намайг зайлаач гэсэн. Би уурандаа хойшоо түлхсэн. Ийм л юм болсон юм... Хохирол төлбөрийн хувьд би эхлээд 500.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг, 200.000 төгрөгөөр нийт 1.000.000 төгрөг өгсөн... Их гэмшиж байна... Өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодож байгаа... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа хохирогчид дэмтэй тустай явна гэсэн бодолтой байгаа...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн авсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бүрдсэн гэж шүүх үнэлсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан журмыг баримталж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой байна. Гэтэл шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй болно. Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 1 000 000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /хх-50/-ээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ийн эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хохих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сайван овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нь зургаан /06/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хохих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй зэргийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА