Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 90

 

Mонгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

     Улсын яллагч Б.Ичинхорол    

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

     Шүүгдэгч Ж.Дамдинболор нарыг оролцуулан Дорнод аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Жаргалсайханы Дамдинболорт холбогдох эрүүгийн 201611000296 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдрах Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 11-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЯ92120715 регистрийн дугаартай, Боржигин овогт Жаргалсайханы Дамдинболор. 

                 Шүүгдэгч Ж.Дамдинболор нь 2016 оны 06 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах "Хавирга" хилийн боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 1225500 төгрөгийн үнэ бүхий 279 килограмм зэсийг "Истана" маркийн 12-80 ДОР улсын дугаартай автомашины голын хаалт болон жолоочийн суудлын арын ханаар нууж, бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ж.Дамдинболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

      Шүүгдэгч Ж.Дамдинболор мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Дорнод аймгийн Хэрлэн сум буюу аймгийн төв, БНХАУ-ын Алтан эмээл хот хооронд автомашинтай явдаг юм. 2016 оны 6 сарын 21-ний өдөр аймгийн төвийн "Шүр" захын хойд талаас танихгүй хүнээс 279 килограмм зэс /нэг кг-г нь 2800 төгрөгөөр/ худалдан аваад 2016 оны 6 сарын 23-ны өдөр таньдаг ах Ганбатаас 12-80 ДОР улсын дугаартай Истана маркийн автомашиныг нь гуйж аваад зэсээ тус автомашины голын хаалт болон жолооч талын ард талын суудлын ханаар хувааж хийж битүүлээд Чойбалсан суманд байрлах "Хавирга" хилийн боомт руу ганцаараа автомашинаа бариад явсан. Тэгээд боомт дээр 16 цаг өнгөрч байхад ирээд 17 цагийн орчимд гаалийн бүс рүү шалгуулахаар орсон. Би жолоодон явсан машинаа Мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн байцаагч нарт шалгуулчихаад штамбаа даруулж байхад хилийн тагнуулын албаны ажилтан миний жолоодон явсан автомашинд дахин үзлэг шалгалт хийж автомашин дотор нуусан байсан 279 килограмм зэсийг илрүүлэн намайг саатуулж автомашин болон зэсэнд үзлэг хийсэн гэжээ./ хх-ийн 57-60/

        -Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

        -Бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

        -Хавирга авто замын боомтоор гарах зөвшөөрөл /хх-ийн 8

       -         Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15/

       -         Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/

       -         Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29/

       -         Гэрч Т.Хурметын мэдүүлэг /хх-ийн 44-45/

       -         Гэрч Ш.Батболдын мэдүүлэг /хх-ийн 46-47/

       - Гэрч Д.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 48/

       -         Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Дамдинболор нь 2016 оны 06 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах "Хавирга" хилийн боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 1225500 төгрөгийн үнэ бүхий 279 килограмм зэсийг "Истана" маркийн 12-80 ДОР улсын дугаартай автомашины голын хаалт болон жолоочийн суудлын арын ханаар нууж, бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Дамдинболорын мэдүүлэг, гэрч Т.Хурмет, Ш.Батболд, Д.Ганбат нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гаалийн улсын байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Дамдинболорт холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Дамдинболорыг хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана" гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Дамдинболорын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Истана" маркийн 12-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Багшийнхан овогт Даринчулууны Ганбат болох нь 01123962 дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ж.Дамдинболорын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Истана" маркийн 12-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг, 01123962 дугаарын гэрчилгээний хамт түүний өмчлөгч Д.Ганбатад буцаан олгож, машины үнэ болох 8000000 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1225500 /нэг сая хоёр зуун хорин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий 279 кг зэсийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүний эзэмшлээс "Sony" маркийн 42 инчийн 400000 төгрөгийн үнэ бүхий зурагт, "Jinsong" маркийн 150000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч зэргийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээвэл зохино.

  Шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдаж ирсэн Е1664114 дугаарын гадаад паспорт, ЖЯ92120715 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигин овогт Жаргалсайханы Дамдинболорыг хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Дамдинболорын эд хөрөнгийг хураахгүйгээр 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Дамдинболор нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Дамдинболорын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1280 ДОР улсын дугаартай "Istana" маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8000000 /найман сая/ төгрөг болон хууль бусаар хил нэвтрүүлсэн 279 кг зэсийг /нэг сая хоёр зуун хорин таван мянга таван зуун төгрөгөөр үнэлэгдсэн/ тус тус улсын орлого болгосугай.

5. Ялтан Ж.Дамдинболор нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн түүний Е1664114 дугаарын гадаад паспорт,  ЖЯ92120715 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ж.Дамдинболорын эзэмшлийн "Sony" брэндийн 42 инчийн 400000 төгрөгийн үнэ бүхий зурагт, "Jinsong" маркийн 150000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч битүүмжилсэн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, Багшийнхан овогт Даринчулууны Ганбатын өмчлөлийн 1280 ДОР улсын дугаартай "Istana" маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг 01123962 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Багшийнхан овогт Даринчулууны Ганбатад /ЖЭ78031919/ буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Ж.Дамдинболорт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

 

 

ДАРГАЛАГЧ                     Ж.ДОЛГОРМАА