Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 1

 

          Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Шүүгдэгч Б.Э

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолтой, 1828000000137 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э ы давж заалдах гомдлоор 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.                  

         Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, гэмт хэрэгт холбогдох үедээ 18 нас, 8 сартай байсан, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багт оршин суух, ял шийтгэлгүй Ямаат овгийн Б.Э  /регистрийн дугаар:.............................

         Шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ Д.О гийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.Э ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

   Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ямаат овгийн Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Б.Э  давж заалдах гомдолдоо: “...Би өөрт холбогдсон хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах болсон шалтгаан нь оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахыг хүссэн юм. Тухайн хэрэг учралын хувьд хохирогч Д.О гийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан нь миний буруутай талаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед болсон хэргийн талаар тууштай хүлээн мэдүүлж, өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй.

          Ахин гэмт хэрэгт холбогдохгүй, цаашид алдсан алдаагаа ухамсарлаж, зөв хүн болж төлөвшиж чадах чадвар бий. Хэрэг болох үед би өөрийн төрсөн 2 дүүгийн хамт ам бүл 3-уул амьдарч байсан ба 2 дүүгээ сургуульд суралцуулах, мэдлэг боловсрол эзэмшүүлэхэд тус дэм болж, хараа хяналтдаа байлгаж гэрээ толгойлон авч явж байсан юм. Тодорхой тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй ч энд тэнд туслах чанарын ажил хийж багахан хэмжээний мөнгө олж ар гэрээ тэжээн тэтгэж байсан учраас одоо 2 дүү маань 2-уулаа амьдарч байна. Ээж маань хөдөө хохирогч Д.О тэй мал маллан амьдардаг тул дүү нарыг маань байнга харах, хажууд нь тулах түших хүн байхгүй хэцүү байдалд байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Э ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.    

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокуророос Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э ы хувийн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн тогтоож, 1 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

          Шүүгдэгч Б.Э  ар гэрийн ахуй амьдрал, хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байна.

          Хэргийн бүх үйл ажиллагааг хянахад Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон бөгөөд  хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар судлагдан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хойт аав Д.О тэй маргалдан түүний нүүрний баруун хэсэгт 2 удаа цохиж, 2 удаа цээжин тус газар өшиглөж баруун талын 6-7 дугаар хавирганы хугарал, баруун уушигны гэмтэл, зүүн бугалганы цус хуралт гэмтэл учруулж, цээжний гэмтлийн улмаас цээжний хөндийн цус болон хий хуралдалт үүсгэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Э ы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тохирч байх тул шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.  

          Анхан шатны шүүхээс Б.Э ы эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Баярмаа нь гэм буруугийн хэлбэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4-т заасан гэм буруугийн санаатай буюу эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хор уршиг учруулсан, холимог хэлбэрийн гэм буруугийн сэдлээр үйлдэгдэгдсэн, хохирогч Д.О  нь хувь хүн талаасаа бусдыг байнга дарамтанд байлгадаг, Б.Э ы төрсөн эцэг архины байнгын хамааралтай,  Б.Э  нь амьдралын гарцаагүй байдлаар өрх тойлгойлсон эцэг гэж үнэлэгдэх хэмжээнд амьдарч байна, Б.Э  оногдуулсан ялыг тодорхой хэмжээнд заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжтой гэж тайлбарлан мэтгэлцсэн.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан боловч Б.Э ыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хүлээхийг хүссэн этгээдийн хүсэлт, зөвшөөрөл хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэх боломжгүй байна.

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э ы үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, энэ үйлдэл нь хохирогчид учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь тогтоогдсон, харин өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус үйлдэл, Б.Э  дүү нарынхаа асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл өрх толгойлсон ганц бие эцэг болох, өвчний хөдөлмөрийн чадварыг алдалт  түүнчлэн төрсөн эцэг нь архинд донтох өвчтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Б.Э ы хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой ирүүлсэн хохирогч Д.О гийн санал гомдолгүй гэх бичгийг тэрээр өөрөө бичсэн эсэх нь тодорхойгүйгээс гадна хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулаагүй, мөн Б.Э ы “ХБИ” гэх тэтгэвэр авдаг тухай дэвтрийн хуулбар нь хуульд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй тул тэдгээрийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

          Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн тайлбар, саналыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэнг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э ы  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ы 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА