ДМ- ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х- , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 603 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, ДМ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б- дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ДМ- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ДМ- ХХК нь Б- дүүргийн 25 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 290 дүгээр шийдвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 6712 м.кв газрыг эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр захирамжаар тус олгогдсон газрын зориулалтыг орон сууцны зориулалт болгон өөрчлүүлсэн болно. Энэхүү эзэмшил газар дээрээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгогдсон албан ёсны хаяг буюу ... зам 0 хаягт 4 айлын 4 орц 4 давхар бүхий таун хаус, цахилгааны дэд станц, ус, дулаан дамжуулах дэд станцуудыг 2007 онд тус тус ашиглалтанд оруулж Р.М- нь 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх таун хаусны 1 тоотыг худалдан авсан болно. Р.М- нь өөрийн таун хаусны эзэмшилдээ 280 м.кв газар эзэмших талаар манай компанид асуудал тавьсан бөгөөд ДМ- ХХК-д олгогдсон газрын хүрээнд Нийслэлийн ерөнхий төлөвлөөний газраас баталсан ерөнхий төлөвлөгөө, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох эрх зүйн актуудыг зөрчихөд хүргэнэ гэсэн үндэслэлээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгч байсан болно. Хэрэв Р.М- нь 280 м.кв газар эзэмших эрхтэй тохиолдолд газрын нэгж үнэлгээ буюу 352 төгрөгөөр тооцож үзэхэд тус газарт ногдох жилийн төлбөр 98.560 төгрөг, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014 он буюу 7 жилийн газрын төлбөр болох 689.920 /зургаан зуун наян есөн мянга есөн зуун хорин/ төгрөгийн хохирол учруулжээ. Манай компани Р.М-ийг тус таун хаусыг худалдаж авахаас өмнө болон өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшил газарт ногдох газрын төлбөрийг 100 хувь төлж ирсэн болно. ДМ- ХХК нь Б- дүүргийн 25 дугаар хороо, ... зам 107Б хаягт ашиглалтад оруулсан 52 айлын орон сууц, 86 автомашины дулаан гараажийн барилга байгууламжийг 2012 онд ашиглалтад оруулсны дараа Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/271 дүгээр захирамжаар 6712 м.кв газраас 4982 м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж, 1730 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгосон байх ба Б- дүүргийн 25 дугаар хороо, ... зам 107-ийн А, Б, 109 дүгээр байруудын сууц өмчлөгчид Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны үүргийг манай компани хариуцанүо ажиллаж байна. Газрын тухай хуулийн 441-д зааснаар нийтийн эзэмшилд шилжсэн 4.982 м.кв газраас хотхоны эргэн тойрны орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах талаар эрх бүхий байгууллагаас ямар нэг шийдвэр гараагүй. Нийслэлийн Засаг даргын дээр дурьдсан шийдвэрүүд, түүнийг нотлох газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар Р.М- нь өөрийн өмчлөлийн таун хаусны ертөнцийн зүгээр зүүн талд газар эзэмших эрхгүй болох нь нотлогдоно. Б- дүүргийн Засаг дарга нь 2014 оны 09 дүгээр сараас манай компани болон Б- дүүргийн 25 дугаар хороо, ... зам 107-ийн А болон Б байрны зарим оршин суугчдаас тус газрыг чөлөөлүүлэхээр удаа дараа гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу газар эзэмших, ашиглах талаарх иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шийдвэрлээгүйгээс, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан ...газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах эрхээ хэрэгжүүлээгүйгээс Б- дүүргийн 25 дугаар хороо, ... зам 109-2, 109-3, 109-4 тоотод ажиллаж амьдарч байгаа, ... зам 107-ийн А, Б байрны 104 айлын оршин суугчдын эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах шаардлагыг хангах ногоон байгууламж байгуулах боломжийг хаасан, хотхоны эргэн тойрны өнгө үзэмжийг алдагдуулсан /Газрын тухай хуулийн 56.6 дугаар зүйл/, явганаар болон тээврийн хэрэгслээр нэвтрэх орц, гарцыг хаасан, гэнэтийн аваар, ослын үед ялангуяа гал түймрийн үед хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах боломжгүй зэрэг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Иймд Б- дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар иргэн Р.М-ийн зохих зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх шийдвэр гаргах, газар чөлөөлөхөд гарсан зардлыг Р.М-оос гаргуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 2. Нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад тодруулга хийхдээ: ДМ- ХХК болон Б- дүүргийн 25 дугаар хороо, ... зам 107-ийн А болон Б байрны зарим оршин суугчдаас 2014 оны 09 дүгээр сараас эхлэн Р.М-ийн өөрийн таун хаусийн зүүн талд нийтийн эзэмшлийн орц гарцыг хааж барилга байгууламж барьсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Б- дүүргийн Засаг даргад гомдол гаргахад Б- дүүргийн Засаг дарга Д.П- нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3.Өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 7.1.4.Өргөдөл гомдлын хугацаанд нь барагдуулах, 7.1.6.Өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх зэрэг үүргээ биелүүлээгүй, тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ... гэсэн заалтыг зөрчиж өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад иргэн Р.М-ийн байшин барилга барьсан газарт холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан лавлагаа, тодорхойлолтоор Р.М- тухайн газарт газар эзэмших, өмчлөх эрхгүй болохыг баталдаг. Б- дүүргийн Засаг дарга Д.П- нь манай компаниас Р.М-ид холбогдуулан гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3.Өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 7.1.4.Өргөдөл гомдлын хугацаанд нь барагдуулах, 7.1.6.Өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх зэрэг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байх тул шаардагдах захиргааны акт гаргахыг Б- дүүргийн Засаг дарга Д.П-д даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. Хариуцагч Б- дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б- дүүргийн 25 дугаар хороо, 15 дугаар хороолол ... зам 109-1 тоот хаягт суух Р.М- өөрийн өмчлөлийн таун хаусны зүүн талд нийтийн эзэмшлийн газар дээр өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр 2014 оны 09 дүгээр сард байшин барилга барьж манай компанийн ажилчид Б- дүүргийн 25 дугаар хороо ... зам 107-А, Б байрны оршин суугчид явганаар болон тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих эрхийг хаасан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, газрыг албадан чөлөөлүүлэхээр Б- дүүргийн Засаг дарга Д.П-д 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан боловч албан ёсоор хариу өгөөгүй гэхнэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. ДМ- ХХК нь 1730 м.кв, 18.........- нэгж талбарын дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшдэг. Тус компанийн хууль ёсоор эзэмшдэг 1730 м.кв газарт нэхэмжлэлд дурдсан байшин, орон сууц баригдаагүй байна. Б- дүүргийн 25 дугаар хороо, ... зам 107-А, Б байрны оршин суугчид явганаар болон тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих эрхийг хаасан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох гэх тухайд: ДМ- ХХК-д Б- дүүргийн 25 дугаар хороо, ... зам 107-ийн А, Б байрны оршин суугчийг төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй, мөн оршин суугчдын явганаар болон тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих орох, гарах гарцыг хаагаагүй байна. Өөрөөр хэлбэл ДМ- ХХК-ийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд Р.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б- дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2, ... зам 1 дүгээр орц орон сууцны барилгыг 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах 07/01/02 тоот гэрээг нэхэмжлэгч ДМ- ХХК-тай байгуулж 365 м.кв талбай бүхий таун хаусыг 39336 ам.доллараар худалдан авсан. Энэхүү Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1.3-д Худалдан авагч талд эзэмшил газар 280 м.кв байна гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ДМ- ХХК нь орон сууцны төлбөр барагдуулж дуусмагц өнөөдрийг хүртэл гэрээнд заасан газрын асуудлыг шийдвэрлээгүй. Нэхэмжлэлд дурьдаж байгаа 107-ийн А, Б байрны оршин суугчдын эрүүл ахyйн нөхцлийг сайжруулах шаардлагыг хангах ногоон байгууламж байгуулах боломжийг хаасан, тээврийн хэрэгслийн орц, гарц хаасан үйлдэл байхгүй. Тухайн талбайд ямар ч орц гарц байгаагүй. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хамааралгүй газарт сендвичин барилга барьсан. Энэ нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай хамааралгүй ба түүний хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болно. Захиргааны хэргийн шүүх нь Засаг даргын эрх хэмжээний асуудлаар урьдчилан барьсан барилгыг буулгахыг даалгасан шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэлгүй байна. Иргэдээс төрийн захиргааны байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн Б- дүүргийн Засаг дарга гаргасан өргөдлийг шийдвэрлэх учиртай байна. Иймд Нэхэмжлэгч ДМ- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 603 дугаар шийдвэрээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 6, 15 дугаар зүйлийн 4, 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ДМ- ХХК-ийн Б- дүүргийн Засаг даргад 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15-01/20 тоот албан бичгээр гаргасан гомдолд хариу өгөөгүй Б- дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гомдолд хариу өгөхийг Б- дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. Хариуцагч Б- дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: ДМ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б- дүүргийн Засаг даргад холбогдох, дүүргийн Засаг даргад хандаж 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15-01/20 тоот албан бичгээр гаргасан гомдолд хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 603 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3184 дүгээр захирамжаар Иргэн Р.М-ийн зохих зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх шийдвэр гаргуулахыг Б- дүүргийн Засаг даргад даалгах гэсэн шаардлага бүхий ДМ- ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн явцад 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны явцад Б- дүүргийн Засаг даргад 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15-01/20 тоот албан бичгээр өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүйг гаргасан тул зохих акт гаргахыг даалгах гэж тодруулан өөрчилсөн тул энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь заалтанд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана хэмээн тус тус заасан байна. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан энэхүү дээд шатны байгууллагад хандаж захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн хууль зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалт, 88.4 дэх хэсгийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шийдвэрийн Тогтоох нь хэсэгт баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. ДМ- ХХК-аас Иргэн Р.М-ийн зохих зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгаж, газар чөлөөлөх шийдвэр гаргуулахыг Б- дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Б- дүүргийн Засаг даргад 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15-01/20 тоот албан бичгээр өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан тул шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах гэж өөрчилсөн байх тул шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зүйтэй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ, 6.1-д гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах, 7 дугаар зүйлийн 7.1-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 7.1.3-д өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 7.1.4-д өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах, 15 дугаар зүйлийн 15.4-д Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ, 15.5-д Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн аваад хуулиар тогтоосон хугацаанд дурдсан асуудал бүрийг өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хянах, үндэслэл бүхий шийдвэр гаргах, энэ талаарх хариуг тохиромжит хэлбэрээр мэдэгдэх, хэрхэн мэдэгдсэнээ бүртгэлжүүлэх үүргийг хүлээхээр, харин өргөдөл, гомдол гаргагч нь гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах эрхийг эдлэхээр байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч ДМ- ХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15-01/20 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг Б- дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээн авч бүртгэн, судалж шийдвэрлүүлэхээр Өмч, газрын харилцааны албанд хариуцуулсан талаар тэмдэглэгдсэн Ирсэн бичгийн бүртгэлийн карт-ын хуулбар, Б- дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б- дүүргийн 25 дугаар хорооны ... зам 109 байрын 1 тоотод оршин суугч иргэн Р.М- нь зохих зөвшөөрөлгүй дур мэдэн ...барилга барин үйл ажиллагаа явуулж байгаа тул тус албанаас газар чөлөөлөх шаардах хуудас өгсөн. 2015 оны Хашаа арга хэмжээний газар чөлөөлөх төлөвлөгөөнд оруулаад байна гэх агуулга бүхий 51 дүгээр хариу албан бичиг зэрэг нотлох баримтууд авагдсан байх ба хариуцагчаас шүүхэд ...иргэн Р.М-ид шаардах хуудсыг өгсөн гэж тайлбарлажээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн16 дугаар зүйлийн 16.1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтууд нь нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа гэдгийг нотлохгүйн дээр дээрх нотлох баримт, тайлбарт дурдсанчлан эрх бүхий албанд өргөдлийг шилжүүлсэн болон иргэн Р.М-ид шаардах хуудас өгсөн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул өргөдлийг хүлээн аваад хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн аваад хуулиар тогтоосон хугацаанд хянаж, үндэслэл бүхий шийдвэр гаргах, энэ талаарх хариуг мэдэгдэх, мэдэгдсэнээ бүртгэлжүүлэх үүргийг зааж зохицуулсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зүйл, заалтуудад нийцээгүйн улмаас гаргасан өргөдөлдөө хариу авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. Харин шүүх өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулаагүй гэж хариуцагчийг буруутгасан атлаа иргэний өргөдөл, гомдлыг хүлээж аваад шийдвэрлэж барагдуулах хугацаа болон хэрэв хугацаа сунгасан тохиолдолд өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэхийг төрийн байгууллага, албан тушаалтанд үүрэг болгож журамласан хуулийн зүйл заалтыг шийдвэртээ тусгалгүй орхигдуулсан нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч ДМ- ХХК-аас ... иргэн Р.М- нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр өөрийн амины орон сууцны зүүн талд нийтийн эзэмшлийн газар дээр барьсан байшинг буулган албадан нүүлгэх шийдвэр гаргаж өгнө үү[1] гэж газар эзэмшилтэй холбоотой асуудлаар хандсан нэхэмжлэгчийн өргөдлийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу хариуцагч Б- дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх ...дээд шатны байгууллагад хандаж захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн хууль зөрчсөн ... гэх давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авах боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг зааж журамласан хуулийн дээрх зохицуулалтыг нэмж оруулсан өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж дүгнэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 603 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4,5 гэсний дараа 16 дугаар зүйлийн 16.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ [1] Хавтаст хэргийн 8 дугаар тал | | |