Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 01/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

       

 

                             

                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Ө.Д /онлайн/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Дид холбогдох эрүүгийн 2006000000468 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7тоотод түр оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ө.Д,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ө.Д нь Н.Төгөлдөртэй урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Жаргалант хүнсний дэлгүүрийн лангуунаас С.Сгийн айфоне-6 плас маркийн гар утсыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Ө.Д нь мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н.Төгөлдөр хөдөө салхинд гаръя гээд Төв аймгийн Баянхангай сумын тийшээ амралтанд явсан. Замаараа дэлгүүр оръё гээд тэгээд наана нэг дэлгүүр ороод цаашаа явж байгаад сумын нэг дэлгүүр ороод хойд талаас нь Төгөлдөр утсыг авсан байсныг мэдээгүй байж байгаад тэгээд цагдаагийн постод дээр ирээд баригдсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Хохирогч С.Сгийн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, гэрч Номин-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 151 тал/, Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 17 тал/, Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 18 тал/, Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 19 тал/ болон шүүгдэгч Ө.Дийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ө.Д нь Н.Төгөлдөртэй урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Жаргалант хүнсний дэлгүүрийн лангуунаас С.Сгийн айфоне-6 плас маркийн гар утсыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/
  • 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Тод үнэлгээ ХХК-ийн “...Айфон эйс плас 6 маркийн гар утасны үнэ 800.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 22 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 44 тал/,
  • Хохирогч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед манай дэлгүүр дээр суудаг Номин-Эрдэнэ гэдэг охин Отгонцэцэг эгч хоёр урд барилга дээр ирж аваад аниа утсыг чинь хүн аваад явчихлаа гэсэн бөгөөд тэгэхээр нь би өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ Лүн сумын руу миний утсыг хулгайлсан хүнийг олох гээд араас нь явсан Мандал зоогийн газрын тэнд явж байхад Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа таарсан айфоне 6 плас маркийн утас байсан хаан банкны лизингээр 2017 оны 09 дүгээр сард 1,100,000 төгрөгөөр авч байсан...утсаа эргүүлэн авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/
  • Гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед би дэлгүүрт сууж байхад гаднаас 2 залуу орж ирээд памперс авъя гэсэн тэгэхээр нь би үзүүлтэл барьж үзэж болох уу гэхээр нь аваад үзүүлсэн чинь үзэж байгаад мөнгөө аваад ирье гээд гараад явсан тэгээд эргээд утсаа авах гэтэл утас байхгүй болсон байсан. Дэлгүүрийнхээ камерыг шалгахад утсыг аваад гарсан байсан...уг утас нь Саранцэцэг эгчийн Айфоне 65 пр\лас маркийн утас байсан...нэг нь өндөр туранхай цагаан хувцастай, нөгөөдөх нь бүдүүн залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/
  • Гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн үед Төгөлдөр гээд манай дүү утсаар яриад баруун тийшээ хөдөө явах ажил байна, бинзен тосыг нь хийж өгөөд явъя гэсэн...Төгөлдөрийг очоод авахад Төгөлдөрөөс гадна 3 залуу байсан ба Лүн орчихоод ирье гэж хэлсэн...Лүн явж байгаад Атарын гуанзан дээр зогсоод хөдөлсөн. Тэгээд хөдлөөд төв замаас баруун гар тийш эргээд засмалаар явж байгаад нэг дэлгүүрийн гадаа зогсоод нэг ундаа архи аваад гараад ирсэн, тэгээд байж байтал нэг цагаан приус ирж зогсоод нэг хүүхэн бууж ирээд утсаа авъя гэсэн тэгээд ард сууж байсан хэдээс нэг нь утсыг нь өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/
  • Гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...төв замаас салж дээшээ яваад нэг дэлгүүрийн гадаа зогсоод Н, Төгөлдөр хоёр гэрлүүгээ ороод айфоне 6 плас гэдэг утас аваад гараад ирсэн, тэгээд буцаж төв замтай нийлж дэлгүүрийн гадна зогсоод 1 шил архи аваад байж байхад цагдаа ирж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
  • Гэрч Н.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Ган-Эрдэнэ ах Нямдрж, Сэргэлэнбаатар, Эрдэнэбаатар, Өсөхбаяр нартай хамт Улаанбаатар хотоос гараад Лүн чиглэлд чиглээд гарсан атарын гуанзан дээр нэг дэлгүүрийн гадаа зогсоод Н, Сэргэлэнбаатар хоёр тэр дэлгүүр лүү ороод гарсан тэгээд цаашаа бид нар сумын төв ороод жижиг хүнсний дэлгүүрийн гадаа зогссон ба Н бид хоёр ороод Н худалдагчийг нь саатуулаад памперс авъя гэсэн би лангуун доор байсан утсыг аваад бид хоёр гараад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/
  • Шүүгдэгч Ө.Дийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...2018 оны 06 дугаар сарын 30+-ны өдөр Ган-Эрдэнэ ахын Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төгөлдөр, Сэргэлэнбаатар, Ган-Эрдэнэ, Эрдэнэбаатар, Өсөхбаяр нарын хамтаар Төв аймгийн Лүн сум руу явсан. Улаанбаатар хотоос гараад нилээн явж байхад зам дагуу дэлгүүр, цайны газрууд таарсан ба Сэргэлэнбаатар бид хоёр нэг хүнсний дэлгүүр рүү орсонм ба Сэргэлэнбаатар нэг өрөөнөөс нь утас авчихсан, тэгээд тэр дэлгүүрээс гараад төв замаас хойшоо таслах замаар салаад айлууд байсан ба тэнд нэг хүнсний дэлгүүр лүү Төгөлдөр бид хоёр орсон юм. Ороод би дэлгүүрээс памперс авий гэсэн ба тэр хооронд Төгөлдөр утсыг нь авчихсан ба дэлгүүрээс гараад Төгөлдөр айфонь 6 маркийн утас авсан гэж хэлсэн. Тэгээд бид нар Лүн сумын цагдаад баригдаж, саатуулагдсан...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/ зэрэг болон болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:  

Шүүгдэгч Ө.Д нь Н.Төгөлдөртэй урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Жаргалант хүнсний дэлгүүрийн лангуунаас С.Сгийн айфоне-6 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 

Шүүгдэгч Ө.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ө.Дийн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч С.Сгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “алдсан утсаа буцаагаад авсан тул гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ө.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Ө.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3,4-т зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Ө.Дийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Ө.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, хулгайлсан эд зүйлийг биет байдлаар нь буцаан олгосон, удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Ө.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ө.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дид оногдуулсан 240 /хоёр зуун дөч/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дид оногдуулсан 240 /хоёр зуун дөч/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА