Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/349

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0324/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Э-н Д-т холбогдох эрүүгийн 1818006320386 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М овогт Э-ын Д /РД:......./, .....оны ..... дугаар сарын ......-нд ..... аймгийн ...... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ..... аймгийн ..... сумын ..... дугаар баг, ...... дугаар хэсэг, ..... дугаар гудамж, ..... тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ...... аймаг дахь Сум дундын шүүхийн ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ...... аймгийн ..... сумын ..... дугаар баг, Үйлчилгээний төвийн автобусны буудал дээр иргэн Ц.Ц-г зодож эрүүл мэндэд нь шүдний бүрэн мултрал, дээд уруулын зулгаралт, дээд болон доод уруулын дотор салстын язралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...Араас нь хөөж ирсэн залуу миний машины хаалгыг онгойлгохоор татаад онгойхгүй болохоор нь гаднаас нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би машин дотроосоо буугаад тэр залууг холдуулах гэтэл тэр залуу миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгтэл миний үүдэн нэг шүд унасан. Э.Д нь надад машины засварын 80.000 төгрөг, эмчилгээний зардал 600.000 төгрөг төлсөн. Одоо надад санал гомдол байхгүй гэх хохирогч Ц.Ц-н мэдүүлэг /хх-ийн 9-11/,

- ...Э.Д машины хаалга руу өшиглөтөл жолооч нь машин дотроос бууж ирээд Э.Д-тай маргалдсан. Тэгтэл Э.Д жолооч ахын нүүр лүү нэг удаа гараараа цохисон... гэх гэрч М.М-ы мэдүүлэг /хх-ийн 12/,

- Үйлчилгээний төв дээр 3 залуутай маргалдахад нэг нь такси руу гүйгээд явчихсан. Би араас нь очоод таксины хаалгыг татахад онгойхгүй байхаар нь хаалга руу өшиглөсөн. Тэгтэл жолооч нь гарч ирээд бид хоёр хэрэлдсэн. Би жолоочийн нүүр лүү гараараа нэг удаа цохиход жолооч цагдаа дуудсан. Тэгэхээр нь би зугтаад явчихсан... гэх шүүгдэгч Э.Д-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Ц.Ц-н зүүн үүдэн шүдний хажуугийн дээд шүд унасан. Соёо шүд өвдөнө, дээд болон доод уруул язарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 14/,

- Ц.Ц-н биед шүдний бүрэн мултрал, дээд уруулын зулгаралт, дээд, доод уруулын дотор салстын язралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний мултрал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 06ы өдрийн 804 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Д-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц-ийн биед шүдний бүрэн мултрал, дээд уруулын зулгаралт, дээд болон доод уруулын дотор салстын язралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 680.000 төгрөг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э.Д нь надад машины засварын 80.000 төгрөг, эмчилгээний зардал 600.000 төгрөг төлсөн. Одоо надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, түүний бичсэн “...Бид хоорондоо тохирч, миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй гэх хүсэлт /хх-ийн 56/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Д-ын иргэн Ц.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Э.Д нь урьд ...... аймаг дахь Сум дундын шүүхийн ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хохир ял оногдуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч Э.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Э-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР