Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар М.Бүрэнжаргал, улсын яллагч Б.Батжаргал, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр /¹2203/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тавнан овогт Б.Гт холбогдох 1702001900087 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 12-26 насны 3 хүүхдийн хамт, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тавнан овогт Б.Г

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбай 13, Засгийн газрын XII байр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байранд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар мөнгө хурааж авсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батсүхэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 320.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: 2013 оны 11 дүгээр сарын 01-нээс Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 107 дугаар цэцэрлэгт томилогдсон. Намайг томилогдон ажиллаж байхад манай цэцэрлэг 26 жил болсон орос ах нарын барьсан засвар үйл ажиллагаа хийгдээгүй. Хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Барилга байшин засвар үйлчилгээ хэрэгтэй байсан. Эцэг эхийн хүрээнд ярьлцаад 2014 онд нийслэлийн боловсролын газраас эцэг, эхчүүдийн хүрээнд тусламж, дэмжлэг дагуу ярилцаад цэцэрлэгээ завсарлаад хэвийн үйл ажиллагаагаа хангаж байтал зарим нэг багш ажилчид ажил, үүргээ биелүүлж чадахгүй улмаас ажлаасаа халагдсан хүмүүс байсан. Тэр хүмүүс гомдол гаргаад намайг нийслэлийн мэргэжилийн хяналтын газарт мөнгө хураасан гэдэг байдлаар гомдол гаргаж байсан. Тэр үед Батсүх байцаагч Нийслэлийн мэргэжилийн хяналтын байцаагчаар ажиллаж байх үедээ шалгаад засварын үйл ажиллагаа явагдсан байна гээд 570.000 төгрөгийн торгуулийг 2013 тоот тогтоолын дагуу оногдуулж байна гээд энэ асуудал маань 2015 онд болсон. 2016 онд манай цэцэрлэгийн 30 жилийн ой болсон 30 жилийн ойтой холбогдуулж манай цэцэрлэгт түүхэн ном байхгүй тэгээд энэ ойн баяртай холбогдуулж байгууллагын түүхийн ном бүтээе гээд багш нартайгаа ярилцаад ном бүтээсэн. Номыг бүтээгээд хүүхдүүддээ номоо тарааж өгсөн гэтэл зарим нэг хүмүүс дахин гомдол гаргасан. Авилгатай тэмцэх газрын олон нийт хариуцсан Баасан гэдэг хүн 2018 оны 10 дугаар сарын сүүлээр намайг маш их хэмжээний мөнгө ашигласан гэж зурагт радиа интернетээр мэдээлэлсэн байсан. Би үүнийг сонсоод сэтгэл санаагаар маш их хямарсан байсан. Гэтэл удаагүй Батсүх байцаагч 11 дүгээр сарны 04-05-ны үеэр цэцэрлэг дээр шалгалтаар орж ирсэн, ирээд цэцэрлэгийн бүх ангиудаар яваад бүх үйл ажиллагаатай танилцаад. Үнэхээр өмнөхөөсөө танай цэцэрлэг үйлчилгээ хийгээд сайн болсон байна. Ойн баяртай холбоотой хүмүүсийг зоогийн газар оруулсан хоолны зардалын баримтаа авчирч өгөөрэй гээд явсан байгаа. Тэгээд Батсүх байцаагч яваад 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 10 цаг гэхэд мэргэжлийн хяналтын газар №311 тоот дугаартай өрөөнд баримтыг авчирч өг гэсэн. Би 11 дүгээр сарын 08-ны өдөр баримт материалаа авч очихдоо ээжийн төрсөн дүү Мөнхтуяа гэдэг хүн манай охинд миний бие маш муу байна ирж ээжид эм тариа авч өг ээжийгээ ир гэж хэлүүлсэн байсан. Амралтын өдөр очиход Мөнхтуяа эгч даралт нь маш их өндөр, ходоод нь өвдөөд байна гээд эм тариа авч өг эмнэлэгт хүргэж өг гээд манай хүргэн байсан ийм, ийм дусал хийх шаардлагатай гэсний дагуу. Эм тариануудыг авч асарч тариаг нь хийж өгсөн. Тэднийд очиход хоол унд ч байхгүй гэр нь хүйтэн, эм тарианы ч мөнгө байхгүй өөрөө жоохон ядуу хүн, өөр харж хандах хүн байхгүй. Тэгээд тэр байдлын хараад Солонгост байдаг эмэгтэй дүүрүүгээ яриад Мөнхтуяа эгчийн бие тааруу байна дээрээс нь хоол унд ч байхгүй бас нэг хүний ажил явдал болсон байна. Мөнгө байхгүй намайг мөнгө төгрөг зохицуулж өг гэж байна гэтэл дүү тэгвэл Мөнхтуяа эгчид тусламж гээд бага хэмжээний мөнгө 1 сая вон өгье, та 150.000 вонийг Монгол мөнгөнд шилжүүлээд бид 3-ын зүгээс өгч байна гээд өг гэсэн. Би Мөнхтуяа эгчийнд очихоосоо өмнө өглөө мэргэжлийн хяналтын газраар ороод ойн баримтын материалаа оруулж өгөөд, ТБД Андууд руу Мөнхтуяа эгчийнд очих байсан. Тэгээд няраваас ойн баяртай холбоотой шаардлагатай материал баримтыг номоо аваа л цүнхрүүгээ хийсэн. Тэгээд гарахдаа Мөнхтуяа эгчид өгөх байсан 150.000 воныг Монгол мөнгөнд шилжүүлхэд 315.750 төгрөг болсон. Тэр мөнгийг дугтуйнд хийсэн. Багш Нансалмаатай хамт мэргэжлийн хяналтын газар очсон ороод би сайн байцгаана уу гэж хэлээд материалаа өгсөн. Гэтэл энэ юун мөнгө вэ? монетер дууд гэж хэлсэн. Гэнэт мөнгө гаргаад ирхээр нь шоокийн байдалд ороод тэгээд доороос бас нэг хүн дуудаж гаргаж ирээд. Тухайн үед юу болсоныг би сайн ойлгоогүй. Канондсан материалаа ширээн дээр нь гаргаж өгөөд тэгээд гараад явсан. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Хатантамир гэдэг хүн утсаар дуудаад та мэргэжлийн хяналтын байцаагч Батсүхэд хахууль өгсөн хэргээр байцаагдана. Ямар хэргээр байцаахыг танилцуулахдаа маш их айлгасан, таны хэрэг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул таныг одоо хорино. Та наанаа сууж бай таны хорих тогтоолыг авчирна гэсэн. Би Хатантамир байцаагчид болсон бүх үйл явдлыг хэлэхэд. Битгий худлаа ярь гээд намайг загнаад би таныг хорино 15-30 хоногийн дараа юу ярихыг чинь би сонсоно. Би бас урьд нь гүтгүүлж байсан болохоор надад сэтгэл зүйн хувьд үнэхээр хэцүү байна. Би та нарт үнэн зүйл хэлж байна гэхэд. Та битгий худлаа ярь гэрчүүдийн мэдүүлэг байгаа гээд байсан. Би дуудсан цагт чинь ирье би үнэхээр хахууль гэж бодоогүй. 2 хүн гэрээс нь дуудна та хоригдоно. Та худлаа яриад байна. Та Авилгатай тэмцэх газрыг юу гэж бодоод байна гээд намайг маш ихээр айлгасан. Миний хэлж байсан мэдүүлэг бүгд үнэн зөв. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. гэрч Д.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн зохлэгч нь суралцагчдын эцэг эхчүүд, асран хамгаалагчдаас хууль бусаар төлбөр хураамж авсан асуудлыг шалгуулахаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авлигатай тэмцэх газраас харьяалалын дагуу ирүүлсэн өргөдлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад зөрчлийн хууль тогтоомжийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн. Тухайн өдөр манай ажил дээр миний өрөөнд орж ирж уулзахдаа миний шаардсан холбогдох баримтуудыг болон Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн түүхэн он жилийн тухай гэх хүрэн улаан өнгийн номыг надад уншигдахаар харуулж тавьсан. Тухайн номыг өмнө нь цэцэрлэг дээр нь явж очиход ойн ном маань байгаа юм гэж цэцэрлэгийн эрхлэгч Б.Г нь өгсөн болохоор та надад энэ номыг өгсөн ш дээ яагаад дахиж өгч байгаа юм гэж асуухад би номоо аваад ирсэн юмаа гэсэн хариу хэлсэн. Би Б.Гийн авч ирсэн бичиг баримтыг үзэхээсээ өмнө номыг нь хартал нүүрний хавтас нь бага зэрэг дэлгэгдсэн, хавтасны цаана нь юм байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь номыг нь нээж үзэхэд дугтуйтай мөнгө нэрийн хуудасны хамт байж байсан. Би шууд хамт ажилладаг хүмүүстээ хандан энэ юу болж байгаа юм бэ алив доороос эрх зүйч нарыг дуудаарай гэхэд манай соёлын хяналтын улсын байцаагч Д.Отгонбаяр нь эрх зүйч нарыг дуудахаар гарч явсан. Тэгээд орж ирэхдээ эрх зүйч нар ажилтай, хуралтай байсан болохоор захиргаа хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Нармандахыг дагуулж орж ирсэн. М.Нармандах орж ирээд Б.Гийг та яагаад шалгалтанд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэж асуухад Б.Г нь би хүнд өгөх ёстой байсан буяны мөнгийг аваад ирсэн байна гэж хариулсан. Тэгээд Б.Гийн надад өгсөн номыг нь авч дотор нь байсан цагаан энгийн дугтуйг нээхэд 20.000 төгрөгийн дэвсгэрт байсныг тоолж үзэхэд 320.000 төгрөг байсан. Түүнийг нь буцааж дугтуйндаа хийгээд нэрийн хуудсын хамт М.Нармандахад өгсөн. М.Нармандах нь ном, 320.000 төгрөг, Б.Гийн нэрийн хуудсын хамт аваад гараад явсан. Би Б.Гт таны холбогдох баримтуудтай чинь танилцъя гэж хэлээд явуулсан... Би 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн захирал Б.Гтай холбоотой хууль бус мөнгө хураалаа гэх үйлдэлд хяналт, шалгалт хийгээд 576.000 төгрөгийн торгууль оногдуулж Нийслэлийн боловсролын газарт албан тоот хүргүүлж цалинг бууруулах арга хэмжээ авч байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл ирээд хууль бус мөнгө хураасан асуудал нь тогтоогдож 240.000 төгрөгийн торгууль оногдуулж, албан шаардлага өгсөн байсан. Тэгтэл 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газраас цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус мөнгө хураасан гэж өргөдөл ирснийг шалгах явцад дээрх авлигын шинжтэй үйлдэл гарлаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 5- 6х/, гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын эхээр Д.Батсүх, Д.Өнөржаргал нартай хамт суудаг өрөөндөө ажлаа хийж байхад 11 цагийн орчим махлаг, шар царайтай, нүдний шилтэй 1.50 см орчим өндөртэй эмэгтэй хүн Д.Батсүх байцаагчтай уулзах гэсэн гэж орж ирсэн. Д.Батсүх байцаагчийн ширээний урд сандал тавьж суугаад шалгуулах материал зэргийг гаргаж ирээд сууж байснаа Д.Батсүх байцаагч гэнэт "за энэ юу болж байнаа, хүн дуудаарай" гэхээр нь гайхаад ои юу болов гээд харахад цагаан өнгийн дугтуй мөнгө, нэрийн хуудас барьсан оайхаар нь би хүн дуудахаар тамгын газрын мониторингийн хэлтэс рүү ороход газрын даргын хуралд бүгд орсон хүнгүй байсан болохоор нь Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн М.Нармандахыг дуудаад дээр асуудал болоод байна цугтаа дээшээ орох хэрэгтэй гээд өрөөрүүгээ дагуулаад орсон. Ямар учиртай үйл явдал болсон талаар тодруулахад Д.Батсүх байцаагч Б.Г гэх захирал "...АТГ-аас харьяаллын дагуу ирсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийг шалгахаар болж цэцэрлэг дээр нь очиж уулзахад ойн ном юмаа гэж цэцэрлэгийнхээ ойн номыг дурсгаж өгсөн байтал өнөөдөр ирэхдээ ахиад нөгөө номоо аваад ирсэн. Энэ номыг танд өгөх гэсэн юм гэхээр нь би урьд нь авсан ш дээ гэхэд би номоо аваад ирлээ гээд байхаар нь хартал эхний нүүрний цаана юм байгаа юм шиг хуудас нь бага зэрэг эргэсэн байхаар нь нээгээд харсан цагаан энгийн дугтуйтай мөнгө, Б.Гийн нэрийн хуудсын хамт байж байсныг надад өгөхийг завдсан. Тэгэхээр нь би та нарт хэлж хүн нэмж дуудууллаа гэсэн. Манай газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Сонгинохайрхан дүүргийн 107 цэцэрлэгийн эрхлэгчээс та яагаад манай байцаагчид авлига өгч нөлөөлөхийг оролдов гэж тодруулахад "...Солонгос улсаас явуулсан буяны ажилд хүнд өгөх ёстой байсан мөнгө юмаа, Д.Батсүх байцаагчид гаргаж өгсөн номны завсар хавчуулагдсан байнаа" гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд Д.Батсүх байцаагч дугтуйг онгойлгон бид нарын нүдэн дээр тоолоход 20.000 төгрөгийн дзвсгэртээр 220.000 төгрөг байсан. Түүнийг хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.Нармандахад дугтуйтай 320.000 төгрөг, нэрийн хуудас, номыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 7- 8х/, гэрч Д.Өнөржаргалын /хх-ийн 9-10х/, М.Нармандах /хх-ийн 16-17х/, Б.Эрдэнэчулууны /хх-ийн 95-96х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-25х/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-71х/, Б.Гийг ажилд томилсон тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 79-80х/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 03/3465 дугаартай албан бичиг /хх-ийн 3х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтан байж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид 320.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Гт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулшинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийн харгалзан үзэж торгох ял шийтгэлийг оногдуулав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт завдсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг журамлаагүй бөгөөд Эрүүгийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт торгох ялын доод хэмжээг 100 нэгжээр тогтоосон байна. Иймд Б.Гт хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт үйлдэлдЭрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур торгох ял шүүх оногдуулж шийдвэрлэв. Энэ хэрэгт Б.Г нь бусдад 320.000 төгрөгийн хахууль өгөхийг завдажмөнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хураан авсан байх тул улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Буянхишигт овогтой Г “эрхлэгч” нэртэй нэрийн хуудас, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэн гаргасан ном 1 ширхэг, СиДи 1 ширхэг зэрэг нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий баримт тул хэрэгт нь үлдээхээр шүүх шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Тавнан овогт Буянхишигийн Гийг нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил хасч, 2000 нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Гийг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хурагдан ирсэн АЕ2433059, AD0996659, AE3038433, AC6835352, AE4010281, AH8931972, AE1233996, AE3072766, AE3744630, AD1667861, AC6541414, AE3753593, AD7871199, AE2703231, AD4384405, AC5931959 регистрын дугаартай Монгол улсын 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгт нийт 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг хураан авч, улсын төсөвт шилжүүлсүгэй. 5. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Буянхишигт овогтой Г “эрхлэгч” нэртэй нэрийн хуудас, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэн гаргасан ном 1 ширхэг, СиДи 1 ширхэг зэргийг хэрэгт нь үлдээсүгэй. 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ