| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/02037/И |
| Дугаар | 183/ШШ2017/01765 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2017/01765
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/01765 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон-1, ХД-11А тоотод байрлах Тэбэ сервис ХХК /РД:2727668/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 гудамж, 25 тоотод оршин суух, Боржигон овогтой Самдангийн Дамдинсүрэн /РД:НИ91110611/-д холбогдох
Гэм хорын хохиролд 4 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тэбэ сервис ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Самдан овогтой Дамдинсүрэн нь 2017.02.16 өдөр Тэбэ сервис ХХК-тай такси ажиллуулах тухай гэрээ хийж, 7 530 000 төгрөгөөр үнэлэгдсэн Соната-6 маркийн, мөнгөлөг өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 01-43 УБӨ улсын дугаартай автомашиныг, автомашин хүлээлцэх актын дагуу хүлээн авсан. Улмаар 2017.04.27-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Товчооны замд уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт, цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна гэснийг, зөрчсөний улмаас ачааны МАЗ-5432 маркийн 29-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас машинд учирсан хохирол нь “Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлгээгээр 3 175 000 төгрөг болсон. Мөн гэрээ хийж хүлээн авснаас хойш өдрийн орлогыг ( ажлын ) 29,5 хоног * 30 000=885 000 төгрөг өгөхгүй хохироосон. Иргэн С.Дамдинсүрэн нь тус компанид нийтдээ 4 060 000 төгрөгийн хохирол учруулаад машинаа орхиод явсан тул, учруулсан хохирлыг барагдуулж өгч тусална уу. Гэвч манай компани өөрийн засварын газартай, кузов засварчин, агрегат засварчинтай, Солонгос улсаас шинэ болон хуучин сэлбэгийг импортоор оруулж ирдэг боломжийг ашиглан 01-43 УБӨ автомашины хохирлыг 2 071 000 төгрөгт багтааж засварыг хийж хэвийн байдалд оруулсан тул энэ төлбөрийг нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Базаррагчаа, хариуцагч С.Дамдинсүрэн нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 4 060 000 төгрөгөөс 1 260 000 төгрөгийг татгалзаж, 2 800 000 төгрөгөөр эвлэрч, уг 2 800 000 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тэбэ сервис ХХК нь хариуцагч С.Дамдинсүрэнд холбогдуулан гэм хорын хохиролд 4 060 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 4 060 000 төгрөгөөс 1 260 000 төгрөгийг татгалзаж, 2 800 000 төгрөгөөр эвлэрч, уг 2 800 000 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй эвлэрсэн байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тэбэ сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Дамдинсүрэнд холбогдох гэм хорын хохиролд 4 060 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч талуудын “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 1 260 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал 2 800 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулах” нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29 875 төгрөгийг, улсын төсвөөс 29 875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Тэбэ сервис ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА