| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0092/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-12-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
Улсын яллагч Ш.Батсүх,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Н-д холбогдох эрүүгийн 2117000590098 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 03 дугаар сарын 11-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С сумын дүгээр баг А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Н /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Н нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүрийн зүүн талын засмал дээр өөрийн өмчлөлийн 79-63 ГСА улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон урдаас хойш чиглэлтэй явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Х-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүрийн зүүн талын засмал дээр өөрийн өмчлөлийн Тоёото Приус-20 маркийн 79-63 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон урдаас хойш чиглэлтэй явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Х-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд айлд гагнуур хийж өгчихөөд 21 цагийн үед гэр лүүгээ буцаж явсан юм. Тэгэхдээ өөрийнхөө эзэмшлийн 79-63 ГСА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан би өөрөө машинаа жолоодож явсан. Миний хажуу талд урд суудал дээр манай төрсөн ах З, арын суудал дээр эхнэр Д болон манай 2 настай хүүхэд сууж явсан. Тэгээд гэр лүүгээ явах замдаа Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжийн хамгийн хойд талын эгнээнд хамаатны эгч Е-ийн гэрт очиж хоол идэх санаатай Сүмбэр сумын 2 дугаар баг Ханангийн эгнээний ертөнцийн зүгээр зүүн талаас нь засмал замаар явж байгаад 2 дэнжийн хооронд байдаг засмал замд нийлээд урдаасаа хойшоо явж байтал миний явж байсан эгнээний эсрэг талын эгнээнд миний өөдөөс явж байсан суудлын машин гэрлээ шилжүүлэхгүй миний хажуугаар өнгөрсөн. Тэр үед тухайн машиныг гэрлээ шилжүүл гэсэн дохио болгож гэрлээрээ дохисон боловч тэр машин гэрлээ шилжүүлэхгүй байсан бөгөөд надад тухайн үед юу ч харагдахгүй байсан. Тэгэхээр нь хурдаа хасаад зөөлөн явж байсан бөгөөд тухайн өөдөөс ирж байсан машинтай зөрөх ашгинд миний явж байсан зүүн гар талаас нэг хүн гэнэт зам дээр гарч ирээд машинд мөргүүлсэн. Тухайн үед тэр хүн миний машины зүүн талын их гэрэл дээгүүр даваад уначихсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад иртэл машинд мөргүүлсэн хүн машины зүүн хойд талд засмал зам дээр хэвтсэн байдалтай толгойноос нь цус гарсан байсан. Тухайн үед тэр хүн ямар нэгэн юм хэлээгүй, ёолоод хэвтээд байхаар нь би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй эмнэлэг цагдаа хүрч ирээд нөгөө хүнийг эмнэлгийн байгууллага авч явсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 235-236 дугаар хуудас),
1.3. Хохирогч Х.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд явж байтал өдрийн 10 цаг 54 минутад манай аавын дүү Э эгч миний гар утас руу залгаад аав чинь осолд орчихлоо, биеийн байдал маш хүнд байна, эмч нар биеийн байдал маш хүнд гэж байна шүү, хурдан ир гэж хэлсэн. Тэгээд би тэндээсээ шууд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймагт ирэхэд манай аав эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд би ирсэн өдрөө аавтайгаа уулзаж чадаагүй. Тухайн үед Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгээс хагалгааны баг ирээд манай аавыг тархины хагалгаанд оруулсан гэж байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 20-ны 01 цаг өнгөрч байхад мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлж байгаа аав дээрээ ороход манай аав ямар нэгэн ухаангүй толгойг нь битүү боосон амьсгалын аппараттай маш хүнд байдалтай байсан. Манай аав машинд мөргүүлээд толгойдоо маш хүнд гэмтэл авсан гэж эмч нар хэлсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр PCR шинжилгээ өгөөд аавыгаа сахихаар эмнэлэг рүү ороод аавыгаа сахисан. Тэгээд манай аав 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг өнгөрч байхад нас барсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 63 дугаар хуудас),
1.4. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Төгрөгийн 1-141 тоотод байж байтал манай найз Т миний гар утас руу залгаад найздаа Зараагийн эгнээг заагаад өгчих гэж гуйхаар нь би ч гэсэн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн арын эгнээнд байдаг Лха гэдэг ахындаа очих гэж байсан болохоор зөвшөөрөөд тухай газраасаа гараад Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах Андууд дэлгүүрийн зүүн талд 21 цагийн орчим найз Т-тэй уулзсан. Т-тай хамт Андууд дэлгүүрийн зүүн талаар байрлах хатуу хучилттай замын зүүн талаар хойшоо чиглэлд явж байхад засмал замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан мөнгөлөг сараал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нилээн хурдтай явж байгаад Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн арын эгнээний баруун талд засмал зам дээр нэг хүний мөргөөд унагачихсан. Тэр мөргөсөн хүн нь машиных нь ард унаж байсан. Тэгээд машинаас жолооч гэх эрэгтэй хүн гарч ирээд сандраад байсан бололтой байхаар нь би тэр залууд хандан наад хүн чинь үхлээ шүү дээ түргэн дуудаач гэж хэлсэн. Тухайн машинд 3-4 хүн байгаа харагдсан. Тэгээд бид 2 хойшоо явчихсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74 дүгээр хуудас),
1.5. Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би он сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 7 сард манай нөхөр Г бид хоёр өөрийнхөө 43-92 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжийн хойд талд байрладаг 2 давхар байшингийн орчим байдаг газрыг үзэх гээд явсан юм. Тэгээд Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжийн хойд талаар газар үзэж явж байгаад буцаад гэр лүүгээ явсан бөгөөд тухайн үед шороон замаар явж байгаад урт дэнж, богино дэнжийн хооронд байрласан засмал замаар хойноосоо урагшаа явж байсан. Манай гэр Сүмбэр сумын 3 дугаар баг Б тоотод байрладаг бөгөөд манай эгнээний хойд талын эгнээнд Чандмань-Эрдэнэ дэлгүүр байрладаг ба тухайн эгнээний арын эгнээ билүү түүнээс дахиад арын эгнээнд билүү явж байхад бид 2-н өөдөөс замын эсрэг талын эгнээнд бараан саарал өнгөтэй жижиг суудлын машин зөрж өнгөрсөн бөгөөд тухайн машин зөрж өнгөрмөгцөө түс хийх чимээ маш чанга сонсогдсон. Тэгэхээр нь би юу болов гэж бодоод эргээд хартал ямар нэгэн осол аваар болсон зүйл анзаарагдаагүй бөгөөд замын баруун талаар нэг эрэгтэй хүн явж байгаа харагдсан. Тэгээд нөхөр бид 2 гэр лүүгээ ороод амарцгаасан. Тэгээд маргааш өглөө нь манай ээж усанд яваад ирэхдээ дэлгүүрийн баруун хойно ямар нэгэн юм болсон юм шиг байна, цагдаа нар тэмдэг тэмдэглэгээ хийсэн байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би ээждээ өчигдөр орой бид хоёрын хажуугаар машин зөрж өнгөрөхдөө түс хийх чимээ гарсан. Тэгэхэд л нэг юм болсон байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 76-77 дугаар хуудас),
1.6. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд ажил хийж байгаад буцаад гэр лүүгээ явах гээд Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжийн Андууд дэлгүүр хүртэл явган алхаж ирээд тухайн дэлгүүрийн гадаа өөрийн танил Б руу утсаар яриад Зараагийн эгнээг заагаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Б надад зааж өгөхөөр болоод над дээр ирсэн. Би Б-тай хамт тухайн байсан газраасаа хойшоо чиглэлтэй 2 дэнжийн хооронд байдаг засмал замынх нь зүүн талаар явж байгаад Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн баруун талд явж байтал Б хүүеээ хүн дайрчихлаа шүү дээ гэж орилхоор нь би хартал мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хойшоо харчихсан зогсож байгаа харагдсан. Би тухайн үед Б-ын хойд талд утсаар яриад явж байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг хүн дайрсан эсэхийг анзаараагүй. Тухайн үед гудамжны гэрэлтүүлэг ч байхгүй нилээн харанхуй болсон байсан болохоор би мөргүүлсэн хүнийг нь ч олж хараагүй. Ямар ч гэсэн нөгөө машинаас 2-3 хүн гарч ирж байгаа харагдсан. Би Б-аас Зараагийн эгнээ хаана байдаг эсэхийг нь асуугаад яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 79 дүгээр хуудас),
1.7. Гэрч Х.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай эгч Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжийн хойд талд байдаг 2 давхар хоёр шар байшингийн хажуу талд газар авах гэж байгаа гэсэн болохоор тухайн газрыг үзэж сонирхох санаатай 2021 оны 7 дугаар сард эхнэр Б-гийн хамт өөрийнхөө 43-92 УБС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёотой Аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тухайн өдөр хэдэн цагийн үед гэрээсээ гарсан эсэхээ санахгүй байна. Тэгээд гараад Сүмбэр сумын 2 дугаар баг дэнжийн хойд талд байрладаг 2 давхар хоёр шар байшингийн орчим газар үзэж сонирхож байгаад гэр лүүгээ явсан. Тухайн үед гадаа харанхуй болоогүй байсан ч гэсэн нилээн орой болсон байсан. Тэгээд буцаад шороон замаар явж байгаад урд дэнж богинодэнжийн хооронд байдаг засмал замаар хойноосоо урагшаа явж байсан. Манай гэр Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 7-701 тоотод байрладаг бөгөөд манай эгнээний баруун хойд талд замын баруун талд байдаг худгийн орчим явж байхад миний өөдөөс замын эсрэг талын эгнээнд саарал өнгөтэй Приус-20 маркийн суудлын машин зөрж өнгөрсөн бөгөөд тухайн машин надтай зөрж өнгөрч байх үедээ учиргүй их тоормос гишгэж байгаа чимээ сонсогдсон. Тухайн тоормосны чимээ миний хажуугаас эхлээд миний ар тал өнгөрөх хүртэл сонсогдож байсан. Тухайн үед би юу болж байгаа эсэхийг анзаараагүй шууд гэр лүүгээ явсан. Манай гэр түүнээс нэг гудамжны цаана байсан бөгөөд машинаа хашаандаа оруулж тавьчихаад хэсэг хугацааны дараа буцаад хашааныхаа үүдэнд гарч ирэхэд манай хашааны баруун талаар байрлах засмал замын зүүн талаар нэг эрэгтэй хүн явж байсан бөгөөд тухайн хүн энэ хойно юу болоо вэ гэж яриад явж байсан. Маргааш өглөө нь худгаас ус авах гээд явж байтал худгийн хажуу талд засмал зам дээр чулуу тойруулаад тавьсан байсан. Би тухайн үед энэ өчигдөр надтай зөрөөд тоормолсон машин нэг юм болж дээ гэж бодож байсан юм... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 81-82 дугаар хуудас),
1.8. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр Н гагнуур хийдэг юм. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд нэг айлд гагнуур хийхээр болсон юм. Тэгээд би гэртээ охинтойгоо хоеулахнаа байхаар айна гэж бодоод манай нөхөр намайг охины хамт авч явсан. Тухайн үед манай гэрт цахилгаан тасарсан байсан болохоор Найрамдал хотхон авч явж гагнуур хийхээр болсон юм. Найрамдал хотхон явах замдаа манай нөхөр Н өөрийнхөө төрсөн ах Зыг гэрээс нь очиж аваад гагнуур хийх ажилдаа туслуулсан юм. Манай нөхөр нөгөө айлдаа гагнуур хийх зуур охин бид хоёр машиндаа хүлээж байсан. Гагнуур хийгээд дуусахад гадаа нилээн харанхуй болсон бөгөөд 21 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд манай нөхөр хамаатны эгч Е-ийн гэрт очиж хоол идэхээр болоод тэдний гэр рүү явсан. Тухайн үед Н машинаа жолоодож явсан бөгөөд түүний хажуу талын урд суудал дээр манай хадам ах З сууж явсан. Харин би арын суудал дээр 2 настай охиныхоо хамт сууж явсан. Тэгтэл манай нөхөр хадам ах хоёр хоорондоо энэ машин гэрлээрээ дохиод байхад гэрлээ шилжүүлэхгүй юм аа гэж ярьж байсан бөгөөд тухайн яриаг ярьж дуусаад л түс хийх чимээ зөөлөн сонсогдох шиг болсон юм. Тэгтэл манай нөхөр хүн мөргөчихлөө гэж хэлээд машинаасаа буусан. Тэгээд буцаж орж ирэхэд нь манай хадам ах хамт гарсан. Би тухайн үед машинаас ерөөсөө буугаагүй бөгөөд манай нөхөр эмнэлэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн мөргүүлсэн гэх хүнийг ч хараагүй, манай хадам ах намайг хүүхдээ хараад байж бай, машинаасаа битгий буу гэж хэлсэн болохоор би машинаасаа буугаагүй... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-87 дугаар хуудас),
1.9. Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нар 20 цаг 46 минутад жаргасан. Тухайн үед зуны улирал байсан учраас нар аажуухан жаргасан. Нар жаргаснаас хойш 2 цаг орчмын хугацаанд харуй бүрий болж үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдмал болохгүй юм. Яг тас харанхуй бол болохгүй гэсэн үг бөгөөд тухайн өдөр гадаа үүлгүй цэлмэг байсан болохоор 20 км зайд уул толгод гэх мэт том зүйлүүд харагдана. Харин жижиг зүйлүүд ойроос харагдана. Манай байгууллага 50 метрээс 50 км зайд тодорхой объектуудыг сонгож авдаг бөгөөд түүгээрээ алсын барааг тодорхойлдог. Тухайн үед 20 км-с цааш алсын бараа харагдахгүй гэсэн үг... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89 дүгээр хуудас),
1.10. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 17-нд гэртээ байж байтал 11-12 цагийн орчим манай гэрт миний төрсөн дүү Н эхнэр Д болон 3 настай хүүхдийнхээ хамт ирсэн. Тэр өдрөөс өмнө манай дүү бид хоёр хамт хашаанд нь гагнуур хийж байсан юм. Тухайн өдөр Нгийн гэрийн тог тасраад Найрамдал хотхоны хойд талд байдаг автомашины граж дээр очиж гагнуур хийсэн. Манай дүүгийн эхнэр Д хамт явж байсан бөгөөд бид хоёрыг гагнуур хийж байхад машиндаа хүлээж байсан. Гагнуур хийгээд 21 цагийн орчим дууссан бөгөөд тэндээсээ Н өөрийнхөө эзэмшлийн 79-63 ГСА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлээ жолоодоод хөдөлсөн. Тухайн үед би машины жолоочийн эсрэг тал буюу машины зүүн талын урд талын суудал дээр сууж явсан бөгөөд бэр Д хүүхдийнхээ хамт арын суудал дээр сууж явсан. Бид нар Найрамдал хотхоноос хөдлөөд 4 замын уулзвараар баруун гар тийшээ эргэж ертөнцийн зүгээр хойд зүгт засмал замаар явж байгаад Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 5 дугаар эгнээний урдуур явсан засмал замаар зүүн гар тийшээ эргээд Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Андууд дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн хойшоо эргэсэн засмал замаар ороод хойшоо явж байсан юм. Тухайн үед манай ээжийн төрсөн эгч Е-ийн гэрт очих гээд явж байсан. Тухайн засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд нь байдаг хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байтал бидний өөдөөс цагаан өнгийн суудлын машин маш тод гэрэлтэй ирж байсан бөгөөд тухайн үед гэрлээ шилжүүлэхгүй байсан. Тэр үед манай дүү Н энэ машин гэрлээ шилжүүлэхгүй байна гэж хэлээд машиныхаа гэрлийг тухайн ирж байгаа машины өөдөөс анивчуулсан боловч тэр машин ерөөсөө гэрлээ шилжүүлэхгүй явж байгаад өнгөрсөн. Машин бидний хажуугаар өнгөрөхөд миний нүд гялбаад юм харагдахгүй байсан бөгөөд тэр үед манай машины өмнүүр баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нэг хүн гэнэт гарч ирээд машинд мөргүүлчихсэн. Тухайн үед машины жолооч талын буюу машины баруун урд хэсгээр мөргүүлээд түс хийх чимээ гараад газар унасан. Тэр үед манай дүү машинаа зогсоогоод тухайн мөргүүлсэн хүний хажуугаар өнгөрч зогссон. Тэгээд би дүү Н-гийн хамт машинаас буугаад иртэл манай машины хойд талд нэг үл таних эрэгтэй хүн хамар амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тухайн хүнийг үзэхэд ямар ч байсан амьсгаатай байхаар нь эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-92 дугаар хуудас),
1.11. Гэрч М.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 7 дугаар сарын дундуур байсан санагдаж байна. Гэртээ байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдүүдээ суулгаад дэлгүүр орж зайрмаг авахаар Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоноос гарсан. Тухайн үед 4 замаар хойшоо эргээд Сүмбэр гардены хажуугаар засмал замаар орж явж байгаад Дэнжийн Андууд дэлгүүрийн хажуугаар хойшоо эргэсэн. Намайг Сүмбэр Гардены хажууд явж байхад миний ард саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дагаад яваад байсан ба намайг дэнжийн Андууд дэлгүүрийн зүүн талаар хойшоо засмал замаар эргэхэд миний араас бас хамт эргэсэн. Тэгэхээр нь би Андууд дэлгүүрийн зүүн талын гарцаар засмал замаар буухад миний ард явсан саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар гараад хойшоо чиглэлтэй засмал замаар явсан. Тэгээд би дэлгүүр орох гэтэл дэлгүүр хаалттай байсан болохоор өөр онгорхой дэлгүүр байж магадгүй гэж бодоод дахин засмал замд нийлээд хойшоо чиглэлтэй явж байтал Сүмбэр сумын 2 дугаар баг Өгөөмөрийн эгнээний харалдаа зүүн талын эгнээний үзүүрт засмал зам дээр миний ард яваад байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн хойшоо хараад зогсчихсон аваарын гэрлээ асаасан зогсож байсан. Тухайн машины жолооч талын урд талд нь засмал замын хажууд нэг хүн доошоо харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би аваар болсон байна даа гэж бодоод эхнэртэйгээ миний ард яваад байсан Приус-20 маркийн машин байна гэж ярилцаад өнгөрсөн. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан.
Тухайн үед гадаа нэг их айхтар харанхуй болоогүй байсан. Миний ард явж байсан машины өнгө марк харагдаж байсан гэхээр гадаа үзэгдэх орчинтой байсан. Би машиныхаа гэрлийг асаасан явж байсан. Ойрын гэрэл дээрээ явж байсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 98-99 дүгээр хуудас),
1.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3342 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Х 63 эр” гэж хаягласан цуснаас 1.4 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа гэжээ. (1-р хх-ийн 105-107 дугаар хуудас),
1.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3343 дугаартай дүгнэлтэд:
2.2. Шинжилгээнд ирүүлсэн Х 63 настай эрэгтэй гэж хаягласан, ягаан өнгийн тагтай, хуруу шилтэй цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Дэлгэрмаа гэжээ. (1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас),
1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаач Ө.Х цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын орой болон суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины тархмал няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн дал, ахар сүүлэнд шарх, зүүн шилбэ, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаач Ө.Х цогцост учирсан гавал тархины хавсарсан хүнд гэмтэл нь нас барахад шууд нөлөөлсөн байна.
4. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач Ө.Х нь гуравдугаар бүлгийн цустай байсан байна.
6. талийгаач Ө.Х нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.
7. Талийгаач Ө.Х нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 45 минутад хийгдсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 14-18 цаг болсон байжээ.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. (1-р хх-ийн 112-115 дугаар хуудас),
1.15. Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт (1-р хх-ийн 136 дугаар хуудас),
1.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3344 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь системээр В (III) бүлгийн харъяалалтай хүний цус байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Дэлгэрмаа гэжээ. (1-р хх-ийн 147 дугаар хуудас),
1.17. Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/2021 дугаартай дүгнэлт:
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж заасан. Замын хөдөлгөөний дүрмийн энэ заалтыг баримтлан зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
2. 79-63 ГСА улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. /Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно/-г зөрчсөн байна.
3. Явган зорчигч Ө.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.2. /Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна/ гэх заалтуудыг зөрчсөн байна.
4. Замын хөдөлгөөнд оролцож явах үед жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Иймээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заалтуудыг оруулсан байна.
5. Явган зорчигч Ө.Х нь харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.2, 5.6 заалтууд, 79-63 ГСА улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Н нь 18.3 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
6. Хавтас хэрэгт авагдсан материалд уг осолд ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тусгагдаагүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. (1-р хх-ийн 157 дугаар хуудас),
1.18. Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/2021 дугаартай дүгнэлт:
1. Зам тээврийн осол хэргийн мөрдөн шалгах хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд болон энэ талаар гарсан гарын авлагыг ашиглан S=V2 К/254* томъёоноос ослын өмнөх хурдын хэмжээг тодорхойлвол 46.9 км цаг, 56.2 км цаг болно. Хавтас хэрэгт авагдсан материалд /анх тоормос гишгэснээс бүрэн зогсох хүртэл А цэгээс А3 хүртэл 12.4 м, Б1 цэг хүртэл 5.4м нийт 17.8м замыг туулсан байна/ тусгагдсан өгөгдлөөр тухай тээврийн хэрэгслийн анхны хурдыг тодорхойлвол 56.2 км/цаг, харин зам дээр гарсан дугуйн мөрний хэмжээгээр тооцож үзвэл 46.9 км/цагийн хурдтай явсан тооцоо гарч байна.
2. Дээрх 2 вариантаар тооцож үзэхэд 79-63 ГСА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчөөгүй боловч 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой заалтыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. (1-р хх-ийн 162 дугаар хуудас),
1.19. Хохирогч Х.Ж-гийн гаргасан хохиролын баримт (1-р хх-ийн 184-210 дугаар хуудас),
1.20. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 5-12 дугаар хуудас),
1.21. Яаралтай тусламжийн хуудас (1-р хх-ийн 22-35 дугаар хуудас),
1.22. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 36-43 дугаар хуудас)
1.23. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 44-46 дугаар хуудас),
1.24. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 50-52 дугаар хуудас) зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Н нь Тоёото Приус-20 маркийн 79-63 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Ө.Х-ыг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон болгоомжгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн явган зорчигч Ө.Х-ы амь насыг хохироосон болох нь Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/2021 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/2021 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Н-гийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Г.Н нь өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Тоёото Приус-20 маркийн 79-63 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Х амь насыг хохиросон байна. Энэ нь уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол байна гэж шүүхээс үзлээ. Хохирогч Х.Ж нь мөрдөн байцаалтын шатанд 8 200 415 /найман сая хоёр зуун мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.Н нь төлж барагдуулсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр Н архи дарс уугаад байдаггүй. Ааш зан сайтай, дөлгөөхөн зантай хүн байгаа юм. Хааяа жаахан огцом уурладаг бөгөөд тэр болгон уурлаад байдаггүй. Ер нь гэр бүлээ авч явахаар зүтгэж байгаа ажилсаг хүн гэж хэлмээр байна... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 87 дугаар хуудас),
2.2. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай дүү Б.Н архи дарс уугаад байдаггүй, ааш зан сайтай хүн байгаа юм. Ерөнхийдөө нилээн даруухан үг дуу цөөтэй хүн байгаа юм... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 92 дугаар хуудас),
2.3. Шүүгдэгч Б.Н-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 116 дугаар хуудас),
2.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн прокурорын газар гаргасан хүсэлт (1-р хх-ийн 244 дүгээр хуудас),
2.5. Хохирогч Х.Ж-гийн Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 243 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Б.Батчимэг нь “шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн асуудлаар маргаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Н нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдьлаа.
Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн бинтэд шингээн авсан цус мэт зүйлийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.Н-гийн 1088877 дугаартай B,C ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-н Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн бинтэд шингээн авсан цус мэт зүйлийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.Н-гийн 1088877 дугаартай B,C ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ