Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 0439

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: “ХШ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц

Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц ...  дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц гэрч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ХШ” ХХК-ийн Ерөнхий захирал Т.С шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай байгууллага Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ХШ” махны бөөний худалдааны төвийг ажиллуулж байгаа бөгөөд манай худалдааны төвөөр Улаанбаатар хотын хоолны газрууд болон иргэд үйлчлүүлдэг учир хүнсний болон эрүүл ахуйн тусгай стандартыг хангаж ажиллахыг шаарддаг онцгой объект юм. Гэтэл ЧД ЗД ... дугаар захирамжаар “ХШ” худалдааны төвийн хаалгыг албадан буулгах шийдвэр гарсан байсан. Уг захирамжийн үндэслэлийг нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, уг талбайг хааж тухайн захаар үйлчлүүлж буй иргэдээс мөнгө хураасан үйлдлийг таслан зогсоох гэж дурдсан. Бодит байдал дээр худалдааны төвийн хашаан дотор нийтийн эзэмшлийн талбай байхгүй, харин кадастрын зураг дээр хэний ч эзэмшилд очоогүй нарийхан гудамжны хэсэг сул чөлөөтэй газар байдаг, мөн уг газар нь үүрийн 3 цагаас оройн 20 цаг хүртэл нээлттэй байдаг бөгөөд нийтээр ашигладаг. Олон зуун түрээслэгчид болон аж ахуйн нэгжүүд байршиж уг хашаан дотор үйл ажиллагаа явуулж оройн 20 цагаас бизнесийн үйл ажиллагаа зогсдог тул тэдгээрийн өмч хөрөнгийг хамгаалах үүднээс хашааны хаалгыг хааж харуул хамгаалалт гаргадаг.

Гэтэл улсын байцаагч Г.Ц ... өдөр оногдуулсан ... дугаар шийтгэлээр нийтийн эзэмшлийн гудамж талбайг хааж орсон машинаас хураамж авч байгаа нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 зүйлийн 10.5 хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгосон байна.

Иймд улсын байцаагч Г.Ц ... өдөр оногдуулсан ::: дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ..  

            Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц: шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ж.М: ... өдрийн ... тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу “ХШ” ХХК-д зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт хийхэд тус компани нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг хааж, дур мэдэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан нь гэрч, хохирогч, холбогдогчийн өгсөн мэдүүлэг болон нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

            Иймд “ХШ” ХХК-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьж хаалга гарган хаалт барьсан тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 5000 нэгжээр торгосон шийтгэл оногдуулж, ... өдрийн ... дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн болно” гэжээ.

Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “... Миний бие “ХШ” ХХК-д ... өдрөөс хойш түрээслэгч болж 24 жил хамтран ажиллаж байна. Намайг анх ажилд орох үед ертөнцийн зүгээр баруун урд талын хаалга байсан бөгөөд үүнээс хойших хугацаанд уг хаалгыг буулгасан, шинээр барьсан тохиолдол байгаагүй.

Мэргэжлийн хяналтын газраас хаалгыг хаа гэж шаардаж байсан. Тухайн хаалгыг ойр хавийн айлууд хаа, харин хорооноос нээ гээд их маргаантай байсан. Онцгой байдлын комиссоос танайх хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд энэ хаалгаа хаах шаардлагатай гэж шаарддаг байсан.

Анх ... онд шороон зам байсан. ...  оны үед уг газар доогуур цэвэр усны шугам татаж байсан. Түрээслэгч нар хүсэлт гарган хувиасаа мөнгө гарган цементэлж байсан. Намайг ажиллаж эхэлснээс хойш энэ хаалгыг хаа гэсэн ямар нэгэн маргаан гардаггүй байсан. Миний санаж байгаагаар ... оноос хойш маргаан бий болсон. Мэргэжлийн хяналтын газраас ... оноос өмнө улиралдаа нэг удаа ирдэг байсан. ...оноос хойш ойрхон ирдэг болсон.

Төлбөр хураах байр гэх байрын хувьд энэ нь харуулын байр байсан. Ардаа итгэмжлэгдсэн лабораторитой. Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хадгалдаг байр байсан.

Түүнчлэн анх хойд хаалга битүү байсан. Тэр үед зарим хүмүүс нээх хэрэгтэй зарим нь хаалттай байх хэрэгтэй гээд их маргаантай байсан. Ер нь хүмүүс хаалгыг нээлттэй байлгах дуртай. Одоо нээллттэй байгаа бөгөөд олон түрээслэгч нарын барааг хамгаалахын тулд орой 10 цагаас хаалгыг хааж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“ХШ” ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц ... өдрийн ... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“Хүчит шонхор” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын ... өдрийн 360, .... өдрийн ... дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ЧД ЗД ... дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин ЧД ЗД холбогдуулан гаргасан “ЧД ЗД ... дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан байна. 

ЧД ЗД ... дугаар захирамжаар “ХШ” ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг дүүргийн Газрын албанд үүрэг болгосныг үндэслэн тус дүүргийн Газрын албаны дарга ... дугаар албан бичгээр “...нийтийн эзэмшлийн гудамж талбайг хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан бөгөөд захаар үйлчлүүлж байгаа иргэдийн авто машинаас төлбөр авч байгааг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу .. өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна. Улмаар .. дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. 

Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “ХШ” ХХК нь хуулийн дагуу эзэмшдэг газрынхаа дундуур байх нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан болохыг нь ЧД ЗД ... дугаар захирамж, оролцогчдийн мэдүүлэг, “ХШ” ХХК-ийн эзэмшлийн бүсийн зураглал зэрэг баримтаар тогтоожээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж зааснаар … 22 цагаас үүрийн 03 цаг хүртэл хугацаанд хаалтыг хэрэглэж байсан хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ, тулгасан аюулд нийцүүлэн авсан арга хэмжээ юм. … холбогдох онцгой байдлын комисс, Ус сувгийн удирдах газар, хорооны Засаг дарга, дүүргийн цагдаагийн хэлтсээс даалган ирүүлсэн үүргийг биелүүлэн ажилласны дагуу тухайн хаалгыг хааж, тодорхой үйлдэл хийсэн … ”  гэж тайлбарлах боловч энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчих үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийн хуульд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч бөгөөд нэхэмжлэгч компаний эзэмшиж байгаа нэгж талбаруудын дундуур Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан нийтийн эдэлбэрийн газар байгаа болох нь тогтоогдсон, улмаар өөрт нь эзэмшүүлээгүй нийтийн эдэлбэр газрыг хаасан тул Зөрчлийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч “ХШ” ХХК-д шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

“ХШ” ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг дүүргийн Газрын албанд үүрэг болгосон ЧД ... дугаар захирамжийг үндэслэн гаргасан тус дүүргийн Газрын албаны саналаар хариуцагч, ... өдрийн шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан тул Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ХШ” ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц ... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эхэмжлэгч “ХШ” ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ц .... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагч “ХШ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Н.ДАМДИНСҮРЭН