Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 35

 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын

Ардчилсан намын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0032 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0713 дугаар магадлалтай, захиргааны хэргийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ардчилсан намын дарга Б.Бекболатын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0032 дугаар шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолын иргэн Х.Заманбек, М.Асылбек нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сагсай сумын Сонгуулийн хороо хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1, 154.4, 157 дугаар зүйлийн 157.6, 157.9 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Тилепберген, Т.Мурат нарыг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын сонгуулийн хороонд даалгаж,

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0713 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Тилепберген, Т.Мурат нарыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ардчилсан намын дарга Б.Бекболатын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0713 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Т.Муратад холбогдох хэсгийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0713 дугаар магадлалыг эс зөвшөөрч байгаа үндэслэлийн талаар:

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байх ба мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр зохицуулсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан албан тушаалтнууд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө хүсэлт гаргах, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан тушаалаа гүйцэтгээгүй байхаар заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын үзэл баримтлалаас үзэхэд эдгээр албан тушаалтнууд нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр заасан бөгөөд Т.Муратын хувьд сонгуульд нэр дэвшихээс өмнө ажлаас өөрийн хүсэлтээр бүр мөсөн чөлөөлөгдсөн тул Сонгуулийн тухай хуулийн 154.4, 157.2.7 дахь заалт түүнд хамааралгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбар хийж хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж иргэний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн М.Тилепбергенд холбогдох хэсгийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0713 дугаар магадлалыг эс зөвшөөрч буй үндэслэлийн талаар:

Нэр дэвшигч М.Тилепберген нь хуульд заасан хугацаанд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлж хуулийн дээрх шаардлагыг хангасан болно.

Тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахаар хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд М.Тилепберген нь энэ хугацаанд шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүний нэрийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж хариуцагч байгууллагын 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шийдвэр гаргасан ба уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0713 дугаар магадлалыг хүчингүй болгож Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154, 157, 158 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Тилепберген, Т.Мурат нарыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ардчилсан намын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд 5 дугаар багт Т.Муратыг, 6 дугаар багт М.Тилепбергенийг тус тус нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн, Сагсай сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн “...154.4-т заасан шалгуурыг зөрчиж, бичиг баримт хууль бус үйлдсэн” гэх үндэслэлээр Т.Муратыг, “...154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан шалгуурыг хангаагүй” гэх үндэслэлээр М.Тилепбергенийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Т.Мурат нь Сагсай сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандан “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх” хүсэлт гаргасан, аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/455 дугаар тушаалаар М.Муратыг “...захирлын үүрэгт ажлаас” чөлөөлсөн, М.Тилепберген нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сагсай сумын Сонгуулийн хороонд Өр төлбөрийн талаарх мэдүүлэг гаргахдаа “... шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ... зээлийн өр /үгүй/” гэж мэдүүлсэн боловч Сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөг зээлсэн, уг төлбөрөө бүрэн барагдуулаагүйгээс Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 273 дугаар захирамжаар 1,114,570 төгрөгийн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэртэй, уг төлбөрөө 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “... төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ... нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байх тул төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан – Сагсай сумын бүрэн дунд сургуулийн захирал Т.Мурат нь сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны үндсэн дээр сонгуульд нэр дэвших эрхтэй гэж үзнэ.

Сагсай сумын Ардчилсан намаас Сагсай сумын Сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материал ирүүлэхдээ Т.Муратын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гэх баримт ирүүлсэн боловч Т.Мурат нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гаргаагүй, ийм хүсэлт гаргасан талаар бүртгэл болон өөр бусад нотлох баримт байхгүй болох нь тогтоогдсон байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “/нэр дэвшигч нь/ ... банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй /байх/”-ыг шаардсан, 157 дугаар зүйлийн 157.2.5-д “нэр дэвшүүлсэн нам ... өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг... /-ийг нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх/”-ийг заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч М.Тилепберген нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, үүний үндсэн дээр мөн өдрийн 17.00 цагаас өмнө нэр дэвшигчээр бүртгүүлэх боломжтой байжээ.

Иймд, хариуцагч Сагсай сумын Сонгуулийн хороо Т.Мурат, М.Тилепберген нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “... /нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол/  сум ...-ын сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана” гэсэнтэй нийцсэн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, улс төрийн сонгуульд нэр дэвших эрх үүсэх талаарх төрийн албан хаагчид тусгайлан тавьсан хуулийн шаардлагыг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан – Сагсай сумын бүрэн дунд сургуулийн захирал Т.Муратад хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан хэдийд ч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх эрхтэй, харин өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдснөөр түүний улс төрийн сонгуульд нэр дэвших эрх нээгдэхгүй, гагцхүү хуульд заасан хугацаанд буюу сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх хуулийн шаардлага хангаснаар улс төрийн сонгуульд нэр дэвших эрх үүснэ.

Түүнчлэн, анхан шатны шүүх М.Тилепбергений “хугацаа хэтэрсэн өр төлбөртэй” гэх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь хэсгийг тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, “... Сонгуулийн хороо ... өр төлбөртэй эсэх талаар тодруулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй”, “... бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ... /5 хоногийн/ хугацаанд ... өр төлбөрөө төлж барагдуулсан”, “... нэр дэвшигч ... Сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Т.Муратын хувьд Сонгуулийн тухай хуулийн 154.4, 157.2.7 дахь заалт хамааралгүй”, “...М.Тилепберген нь... өр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул түүний нэрийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй”, “... давж заалдах шатны шүүх ... хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0713 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА