Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0428

 

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Номин-Эрдэнэ, А.Мягмардорж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд “Хаан банк” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд илт хүчин төгөлдөр бус тооцуулах талаар нийт 9 заалт буюу нөхцөлийг хуульчилсан.

Гэтэл эдгээр заалтуудын алинд нь ч “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан зүйлс хамаарахгүй, энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч тодорхой зүйл дурдаагүй, нотлох баримт гаргаагүй байна.

Харин нэхэмжлэлдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хаан банк” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хаан банк” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь тус хуулийн утга агуулгын болон “Хаан банк” ХХК-ийн санхүүгийн зах зээл дэх үйл ажиллагааны бодит нөхцөл байдлын хувьд ч манай банкинд хамаатуулан хэрэглэх нөхцөл биш.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар давамгай байдалтайд тооцогдож буй аж ахуй эрхлэгч нь бусад аж ахуй эрхлэгчийн зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж, зах зээлээс шахан гаргах чадвартай байх урьдач нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн тодорхой бус байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн, эсхүл хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэсэн агуулгатай зүйлийг дурдсан тухайд:

Өрсөлдөөний тухай хууль болон Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтай эсэхийг тогтооход ”банк, санхүүгийн салбар хамаарахгүй” гэсэн зохицуулалт байхгүй. Түүнээс гадна “аж ахуй эрхлэгчийг гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж, зах зээлээс шахан гаргах чадвартай байх урьдач нөхцөлийг хангасан байх ёстой” гэсэн шалгуур үзүүлэлт, эсвэл судалж тогтоох хууль зүйн шаардлага дээр дурдсан хууль болон журамд байдаггүй.Харин үүнтэй холбоотой хүчин зүйлийг зах зээлд эзлэх хувь, зах зээлийн төвлөрөл зэрэг аргуудаар тодорхойлдог болно. Өөрөөр хэлбэл тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа гэж үзэж байна” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус тус баримтлан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот, Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд “Хаан банк” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Хаан банк” ХХК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун давж заалдах гомдолдоо: “Нэг. Хэргийн үйл баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Хаан банк” ХХК-ийг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагаанд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул шүүхэд тус тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.

Тус хэргийн шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хойшилж байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй этгээд нь хэргийн талаар тодорхой мэдлэггүй тул уг хэргийн талаар тусгайлсан мэдлэгтэй этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон ирүүлэх шаардлагатай гэсэн хууль зүйн үндэслэлгүй үндэслэлээр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно. Ийнхүү хариуцагчийн гаргасан хүсэлт бүрийг хүлээн авч хойшлуулж байсны эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй .болгосон шийдвэрийг гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтыг үнэн зөв, үндэслэлтэй дүгнээгүй тухайд:

Хариуцагч байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч компанийг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагаанд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоосон.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно” гэж заасан.

Үүнээс үзэхэд хариуцагч байгууллагаас тухайн аж ахуйн нэгжийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо хэдийгээр тус компани нь бараа бүтээгдэхүүний зах зээлд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзлээгүй ч бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүчийг судлах шаардлагатай байна.

Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу судалгаа явуулах шаардлагатай юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч байгууллага нь судалгааг зохих журмын дагуу явуулаагүй болох нь илэрхий байтал шүүхээс “банкны бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, за зээлийн хүч зэргийг судлан үзсэний үндсэн дээр давамгай байдалтай эсэхийг тогтоох асуудал нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуулиар олгогдсон өөрийнх нь эрх хэмжээний асуудал байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцээгүй гэдгийг харуулж байна.

Учир нь дээр дурдсан Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар судалгааг ямар хүрээнд, хэрхэн, ямар үе шатаар хийх талаар маш тодорхой зохицуулж өгсөн. Гэтэл судалгааг журамд заасан зохих журмын дагуу хийгээгүй байтал өөрийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэж буй нь хууль болоод журмыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Журмын 7 дугаар зүйлийн 7.4-д “Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна” гэж заасан. Харин хариуцагчаас “Хаан банк” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо зөвхөн тус банкны 2013, 2014 онуудын санхүүгийн тайлан болон байгууллагын сайтад тавигдсан нээлттэй мэдээлэлд үндэслэсэн байдаг.

Журамд заасны дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо:

-      эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл;

-      зах зээлийн судалгаа;

шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт;

-     бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйл гэсэн хүчин зүйлсийг харгалзан судлах ёстой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бараа бүтээгдэхүүний хүрээг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагаа гэж тодорхойлсон байгаа боловч журмын зохицуулалтыг хэрхэн хэрэглэсэн, ямар үе шаттайгаар, ямар хүчин зүйлсийг үндэслэн ийнхүү тодорхойлсон нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл зохих журмын дагуу судалгааг хийгээгүй байдаг.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа гэдэг юуг хамааруулах талаар тодорхой дурдаж өгсөн. Үүнд зааснаар:

-      мөнгөн хадгаламж;

-      зээл;

-      төлбөр тооцооны үйлчилгээ;

-      өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;

-      гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

-      үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

-      үнэт зүйл хадгалах;

-      гадаад төлбөр тооцоо хийх;

-      үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

-      санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;

-      зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

  •  хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ нь Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа байхаар байна.

“Хаан банк” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх 8 төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна.

Шүүхээс “Монгол улсын банкны үйл ажиллагааны зах зээлд “Хаан банк” ХХК-ийн нийт актив /хөрөнгө/-ын эзлэх хувийг бусад банкуудын нийт активтай харьцуулан судалсны үндсэн дээр “Хаан банк” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон учраас Монголбанкнаас тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны тодорхой төрлүүдээр ангилан давамгай байдалтайгаар тогтоох шаардлагагүй тул Монголбанкнаас тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд “Хаан банк” ХХК давамгай байдалтай гэж ерөнхий байдлаар тогтоосон гэсэн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна” гэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болжээ. Банкны нийт актив гэдэг нь эдийн засгийн үүднээс банкны мэдэлд байгаа ирээдүйд эдийн засгийн үр ашиг авч ирэх эдийн засгийн нөөц буюу чадавхийг актив хөрөнгө гэж ойлгоно. Харин хариуцагч болон шүүхийн шийдвэрт тайлбарласанчлан банкны нийт актив гэдэг нь банкны эрхлэн явуулж буй Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулж буй бүхий л үйл ажиллагааг илтгэхгүй юм.

Түүнчлэн хууль болоод Засгийн газраас тусгайлан тогтоосон журмаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр хэрхэн тодорхойлж тогтоох талаар тусгайлан журамласан байтал “Хаан банк” ХХК-ийг давамгай байдалтай гэж ерөнхий байдлаар тогтоосон гэсэн хариуцагчийн хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Нийт активд дээр дурдсанчлан тухайн банкны нийт хөрөнгө хамаарах бөгөөд тухайн банк нь анх үүсгэн байгуулагдахдаа ямар хэмжээний хөрөнгөтэй байсан, үндсэн хөрөнгө нь хэдийн хэмжээний юм бэ? гэдэг нь гол шалгуур болохоор байна. Түүнчлэн хариуцагчаас хийсэн судалгаанд энэ талаарх судалгаа буюу бусад банкуудын анх байгуулагдах үеийн активыг судалсан талаар судалгаа огт хийгээгүй байтал нийт активын хэмжээгээр зах зээлийн хүч болон төвлөрлийг тодорхойлсон нь буруу юм. Өөрөөр хэлбэл, банкны нийт актив гэдэг нь хууль болоод журмын дагуу Хаан банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох үндсэн шалгуур үзүүлэлт болохгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчаас хийсэн Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагаанд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаанд зах зээлийн хүч болон зах зээлийн төвлөрлийг тодорхойлсон нь алдаатай, үндэслэлгүй талаар удаа дараа тайлбарлаж ирсэн боловч шүүхээс үүнийг огт харгалзан үзээгүй буюу үнэлээгүй байна.

Түүнчлэн шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн огт дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бодитой талаас нь үнэлэхгүйгээр, хэт хийсвэр бодит бус тайлбар /хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагчдын ямар нэгэн баримтгүй хэлсэн тайлбар/-ыг үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Хариуцагчийн хийсэн судалгаа нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу хийгдээгүй, журамд заасан үе шаттайгаар судлан тогтоогоогүй байтал шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг үндэслэн Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно” гэж заасан бөгөөд ийнхүү харгалзан үзэх хүчин зүйлийг тогтоох журмыг Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 147-ны өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-аар зохицуулжээ.

Тухайн журмын Гурав-д “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох”-д 3.1.1 “эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл”, 3.1.2 “зах зээлийн судалгаа”, 3.1.3 “шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт”, 3.1.4 “бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйл” зэрэг хүчин зүйлсийг”,

Дөрөвт “Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох”-д 4.1.1 “өрсөлдөгч, хэрэглэгч, худалдан авагчийн байршил, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэр”, 4.1.2 “бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл, байдлын судалгаа”, 4.1.3 “тээвэрлэлтийн дундаж зардал болон нийт зардалд нөлөөлөх гол хүчин зүйлийн талаархи мэдээлэл”, 4.1.4 “тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр зах зээлээс худалдан авах, эсхүл өөр зах зээлд нийлүүлэх боломж эдийн засгийн хувьд хязгаарлагдмал болохыг харуулах бусад хүчин зүйлс”,

Тав-д “Зах зээлийн төвлөрлийг тооцох”-д 5.1.1 “аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь”,

Зургаад “Зах зээлийн хүчийг тодорхойлох”-д харгалзах хүчин зүйлсийг нарийвчлан зохицуулж өгчээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрх бүх хүчин зүйлсийг тодруулалгүй, ялангуяа холбогдох судалгаа, мэдээлэл, санал асуулга, шинжээчийн дүгнэлт зэргийг авч үзэлгүйгээр “Хаан банк” ХХК-ийн 2013; 2014 оны санхүүгийн тайланг үндэслэн тухайн шийдвэрийг гаргасан нь буруу байна.

Үүнээс гадна Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.1-6.1.12-д мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцооны үйлчилгээ, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ” гэж заасан бөгөөд “Хаан банк” ХХК эдгээрээс 8 төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгай зөвшөөрөлтэй байна.

Гэтэл хариуцагч нь “Хаан банк” ХХК-ийн явуулж буй дээрх бүх үйл ажиллагаатай холбоотой бус, зөвхөн нийт хөрөнгийн хэмжээ, зээл, харилцах хадгаламжийн үйл ажиллагааг хамааруулан судалсан атлаа шууд тухайн банкны бараа бүтээгдэхүүний хүрээг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээл гэж тодорхойлсон нь үндэслэлгүй болжээ.

Эндээс дүгнэвэл, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4-д “Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна” гэж заасан эх сурвалжийг бүрэн ашиглаагүй нь хариуцагч байгууллагын маргаан бүхий актыг гаргасан үйл ажиллагаа хууль бус болох нөхцөл болжээ. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Түүнчлэн  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Хаан банк” ХХК-ийг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банзны үйл ажиллагааны зэх зээлийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, зүүн, төв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг шинэчлэн тогтоож, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь маргаан бүхий захиргааны актаар зах зээлийн газар зүйн хил хязгаарыг буруу тогтоосныг харуулж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан үндэслэлээр маргаан бүхий актын “Хаан банк” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 14 дүгээр тогтоолын “Хаан банк” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР