| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0080/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/106 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 1711005280031 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Б.Нд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байх боловч прокурор энэ журмыг баримтлаагүй байх тул хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.Н, 1989 оны 11 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Хушаат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт, Дархан-Уул аймаг Дархан 6 дугаар баг Үндсэн тосгон 90 брак гудамж 2 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 сарын 14-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Цэрэнноржмаагийн Ми-Нөт-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 310.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-29-34/, Б.Ны гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36, 46/, гэрч Б.Шинэбаярын мэдүүлэг /хх-53/, захиргааны арга хэмжээ авагдсан болон зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан тухай лавлагаа /хх-10-17/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 сарын 18-ны өдрийн 112 дугаар тогтоолын хуулбар, эд зүйлийн үнэлгээ /хх-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Н нь Б.Цэрэнноржмаагийн Ми-Нөт-3 маркийн 310.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь:
Хохирогч Б.Ц /хх-30-33/: “..Тухайн үед би өмсөж явсан хүрэмнийхээ баруун талын халаасанд гараа хийгээд явж байсан. Миний хүрэмний баруун талын халаасанд миний ашиглаж байсан Xiang mi брендийн note-3 маркийн гар утас байсан бөгөөд би тухайн үед халааснаасаа гараа аваад хэсэг явж байгаад гараа халаасандаа хийхэд миний гар утас алга болсон байсан.. Тэди төвийн хажуу талын Скайтелын төвөөс 540.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гар утсаа ашиглаж байхдаа газар унагаж ар талдаа цэгэн сэв үүссэн байгаа. Алтлаг шар өнгөтэй, 2 симтэй утас байгаа. Одоо уг гар утсаа 440.000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээний комисс 310.000 төгрөгөөр үнэлсэн байна. Би хохирол болох 310.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлгээр
Б.Ны гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-35-36, 46/ “..Чингэлтэй дүүрэг 50 дугаар сургуулийн орчим ганцаараа алхаж явж байхад миний урд талд алхаж байсан үл таних эмэгтэй хүний өмсөж явсан хүрэмний баруун халааснаас нь нэг гар утас цухуйж байсан. Тэгээд би уг эмэгтэйг хойноос нь дагаж явж байгаад гар утсыг нь хулгайлж авсан. Уг гар утас нь Ми-3 загварын гар утас байсан. Би уг гар утсыг тэр өдрөө Монтел худалдааны төв дээр аваачиж гадна талд зогсож байсан эмэгтэй ченжид зарсан. ..” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-38/, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ми-Нөт-3 маркийн гар утсаа хулгайд алдсан, хохиролоо шүүгдэгээр төлүүлсэн, одоо гомдол саналгүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтанд сайн дураар мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан гар утас 310.000 төгрөгийн үнэтэй болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Ны дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н нь хулгайлсан ми нөте 3 /mi note/ загварын гар утасны үнэлгээний мөнгө болох 310.000 төгрөгийг хохирогч Б.Цэрэнноржмаад өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Нд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсаныг үндэслэн 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаан болохоос өмнө 21 хоног цагдан хоригдсон бөгөөд нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ныг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 21 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР